| | USD/MNT 0₮

АВРАЛ ЭРСЭН БЯЦХАН ЗҮРХИЙГ АВАРЪЯ

Хүмүүн заяаг олох гэж түмэн бээр аялсаар энэ хорвоод мэндэлсэн бяцхан хүү өнөөдөр цусны ховор төрлийн өвчинтэй тэмцэн, амьдрахын төлөө хичээсээр байна.

Тодруулбал, дөрвөн настай О.Галт-Очир хүү  2020 оны наймдугаар сарын 20-нд Хор төлгүйжилтийн цус багадалт буюу Апластическая анемия гэсэн хүнд оноштой эмчилгээнд орж эхэлсэн. Гэвч энэ өвчин нь Монгол улсад эмчлэгдэх боломжгүй учир нийт 300 сая төгрөгийн өртгөөр  Турк улсад чөмөг шилжүүлэн суулгах орох шаардлагатай болсон юм. Улмаар хүүгийн гэр бүлийнхэн элэг нэгт Монгол түмнээсээ хандив тусламж хүссэн ч одоог хүртэл хүүгийн эмчилгээний зардал бүрдээгүй байна.  Тиймээс бид О.Галт-Очир хүүгийн эмээ Д.Чимгээтэй ярилцаж,  өвчтэй байгаа ач хүүгийнх нь талаар тодрууллаа.

-Өдрийн мэнд Таны ач хүү О.Галт-Очир хүндээр өвчилснийг хэзээ мэдсэн бэ?

-Уг нь миний хүү их цовоо сэргэлэн зантай, хөдөлгөөнтэй хүүхэд юм. Гэтэл 2020 оны 08 дугаар сард зурагт үзэж байгаад гэнэтхэн л атиралдаад, өвдөөд байна гээд уйлаад эхэлсэн.

Тэгээд бид нар эмчид үзүүлж, шаардлагатай бүхий л шинжилгээг өгснөөр “Хор төлгүйжилтийн цус багадалт ” гэх оноштойг нь мэдсэн.

-Хүүгийн биеийн байдал ямар байна вэ ?

-Хэцүүхэн л байна.  Огцом хөдөлвөл хамраас нь цус гарч, биеэр нь цусан толбонууд үүсэж, хоолны дуршил нь эрс багассан.  Энэ байдлаараа удвал тархинд цус харвах, элэг болон дотор эрхтнүүдэд нь өөрчлөлт үүсэх эрсдэлтэй байна. Тиймээс яаралтай Турк улсыг зорьж нийт 300 сая төгрөгийн өртөгтэй чөмөг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай. Гэвч хагалгааны зардал бүрдээгүй байгаа тул одоогоор эм тариагаар өдөр хоногийг аргацааж байна даа.

-Одоогоор хагалгааны зардал нийт хэдэн төгрөг  цугларсан байгаа вэ?

-Нуулгүй хэлэхэд хүү маань өвөө, эмээ, аавтайгаа амьдардаг. Өвгөн бид хоёр тэтгэвэрт, аав нь ганцаараа ажил хийдэг юм.  Бид нар цалин тэтгэврийн зээл авч, хурааж хуримтлуулсан бүгдээ шавхсан ч хангалттай их мөнгө цуглаагүй. Тийм болохоор элэг нэгт Монголчуудаасаа хандив тусламж хүссэний хүчинд одоогоор нийт 70 гаруй сая төгрөг бүрдээд байна.

-Аав нь ямар ажил хийдэг вэ?

-Интермэд эмнэлэгт агаар салхилалтын инженерээр ажилладаг. Хуучин хилийн цэрэгт хурандаа байсан юм.

-Ийм зүйл асууж байгаад уучлаарай. Хүүгийн ээж байдаг юмуу ?

-Миний хүүг хар нялхад нь 5 сартай байхад хаяад явчихсан. Уг нь амьд сэрүүн л байдаг юм. Тэгсэн мөртлөө нэг ч удаа ирж уулздаггүй, өвдсөн байна гэхэд нь ч тоогоогүй. Тэр эмэгтэйд их л гомдох юм. Миний гомдож туних ч дүүрсэн хэрэг. Муу хүү минь үе үе  ээж минь хаана байгаа юм бэ гэж асуухад аав нь юу ч хэлж чадалгүй, тэврээд аргадахад өр өмрөх шиг л болдог.

-Монгол түмнээсээ хандив хүссэн гэсэн албан ёсны фэйбүүк хуудас болон групп нээсэн байгаа юу ?

-“Галт-Очир Бидний Гэрэлт Ирээдүй” гэсэн фэйж хуудас нээсэн байгаа.  Энэ нь бас их үр дүнтэй л юм билээ. Бичиж нийтэлсэн мэдээллийг уншсан хүмүүс маш их тусалж байгаа. Хэвлэл мэдээллийн та бүхэн маань ч бас хүүд минь амьдрал бэлэглэж, ард түмнээсээ хандив хүсэж байгааг олон нийтэд түгээж өгөөсэй хэмээн чин сэтгэлээсээ хүсэж байна.

-О.Галт-Очир хүү удахгүй эрүүл саруул болно гэдэгт итгэж байна. 

-Баярлалаа. Манай гэр бүл ч бас өдөр хоног бүрийг итгэл найдварын хүчээр л даван туулж байна даа... чаддаг бол цаг алдалгүй хүүгээ эмчлүүлмээр байна.  Миний бяцхан хүү “ХҮН БҮРИЙГ ЭМЧИЛДЭГ” эмч болно гэж ярьдаг байсан юм.

Ийнхүү хүүгийн эмээ Д.Чимгээ нулимс зангируулан бидэнтэй ярилцлаа.

Бяцхан хүү эхийн хайрыг мэдэрч өсөөгүй ч гэлээ энгэрээс нь цагаан сүү асгарсан, ангир уураг амласан хэн бүхнээс аврал эрэн хүнд өвчинтэйгээ тэмцэж байна. Тиймээс уншигч та бүхэн хүүд халуун сэтгэлийн гараа сунгаж амьдрал бэлэглээрэй.

Хандивын данс:

Худалдаа хөгжлийн банк: 468023649 /аав Б.Одхүү/

Хаан банк : 5925033983 /эмээ –Д.Чимгээ/

Холбоо барих утасны дугаар:

Аав- 91778181

Эмээ- 88121211

Тодруулбал, дөрвөн настай О.Галт-Очир хүү 2020 оны наймдугаар сарын 20-нд “Хор төлгүйжилтийн цус багадалт буюу Апластическая анемия” гэсэн хүнд оноштой эмчилгээнд орж эхэлсэн. Гэвч энэ өвчин нь Монгол улсад эмчлэгдэх боломжгүй учир нийт 300 сая төгрөгийн өртгөөр Турк улсад чөмөг шилжүүлэн суулгах орох шаардлагатай болсон юм. Улмаар хүүгийн гэр бүлийнхэн элэг нэгт Монгол түмнээсээ хандив тусламж хүссэн ч одоог хүртэл хүүгийн эмчилгээний зардал бүрдээгүй байна.
Ярилцлага

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.