| | USD/MNT 0₮

Нийслэлийн Засаг дарга ниргэсэн хойно нь хашгирав уу

“Тавантолгой түлш ХХК”-ийн сайжруулсан шахмал түлшинд хордож амь нас, эрүүл мэндээрээ хохирсон байж болзошгүй гэх мэдээлэл олон нийтэд хүрч эхэлснээр иргэд айдас, бухимдалтай байна. Хордлогонд орсон гэх иргэдийн тоо ч хоногт нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар зургаан иргэн угаарын хийнд хордож амиа алдсан гэх асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа юм.

Харин шахмал түлшийг хариуцсан албаныхан болохоор хар амиа хоохойлж, хариуцлагаас мултрах арга залиа аль хэдийнэ хайж эхэлжээ.

Үхсэн хүн үг хэлэхгүй юм даа. Албаныхан шахмал түшнээс хордох боломжгүй иргэд өөрсдөө буруу галлагаа хийж, яндангийн хаалтаа хааснаас болж угаартаж амиа алдсан гэх мэдээллийг удаа дараа өгөөд байгаа.

Тэгвэл иргэдэд анхнаасаа зөв мэдээллийг өгөхгүй яав. Ямар зууханд яаж түлэх аргачлалыг нь хариуцсан хүмүүс нь заагаад өгсөн бол гэсэн хожимдсон харуусал байна. Нэгэнт ийм асуудал нийгэмд үүссэн байгаа үед хотын удирдлагуудаас эхлээд холбогдох газрууд нь өөр өөрийн гэсэн тайлбараа хийж байна.

Хотын дарга С.Амарсайхан өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд санал оруулав. Тэр нь шахмал түлш түлж байгаа айл өрхүүдэд угаарын хий мэдрэгч төхөөрөмж суурилуулна гэнэ.

Дахин бөөн ажил ундрах нь. Ирэх сарын 01-нээс гэхэд айлуудад тавина. Тэгэхдээ 220 мянга гаруй айл өрхөө дахин сайн судална. Халаалтаа шийдсэн айлд бол тавихгүй юм шиг байна. Хаанахын ямар төхөөрөмжийг худалдаж авах тал дээр ч компаниудыг нарийвчлан судлах юм байх. Ингэсээр байтал хүйтэрч айлууд бүүр хэцүүдэх байлгүй дээ. Яагаад анхнаасаа тооцоололтой зөв ажиллаж болдоггүй удирдлагууд юм бэ. Хэн үхэх бол гэж хүлээгээд суулгүй анхнаасаа урьдчилан сэргийлэлт заавар зөвлөгөөг нь үе шат дараалалтай өгөөд явсан бол гэж бодогдох юм. Хүйтрэхээс өмнө айл өрхийг галлагаагаа хийхээс өмнө тараахгүй яасан юм бэ.

Цаашид сайжруулсан шахмал түлшийг зогсоохгүй, үйл ажиллагааг нь жигдрүүлэх ч иргэдээ эрүүл мэндийн эрсдэлд оруулахгүй байх тал дээр хот анхаарна гэдгээ хэлэв.

Харин төхөөрөмжийн зардал мөнгийг Орчныг бохирдлыг бууруулах үндэсний хорооноос гаргах юм байна. Магадгүй энд хэн нэгний бизнес явж, бизнесийн цавчаа орохыг ч үгүйсгэхгүй юм.

Ийнхүү хотын удирдлагууд ямар нэг юм болсны дараа гэнэт анзаарч ёстой нөгөө ниргэсэн хойно нь хашгирав гэгчийн үлгэрийг харуулах юм даа.

 

ШУУД ҮЗЭХ:

 

 

О.Гал

Хотын дарга С.Амарсайхан өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд санал оруулав. Тэр нь шахмал түлш түлж байгаа айл өрхүүдэд угаарын хий мэдрэгч төхөөрөмж суурилуулна гэнэ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.