| | USD/MNT 0₮

З.БАЯНСЭЛЭНГИЙГ БАТЛАН ДААЛТАД ГАРГАЖЭЭ

УИХ-ын гишүүн асан, Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийг өнгөрсөн аравдугаар сарын 21-ний өдөр цагдан хорих шүүхийн шийдвэр гаргасан билээ. Өнгөрсөн хугацаанд түүнийг хэрэг шийдвэрлэх явцад саад учруулсан гэх үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байсан юм.

Тэгвэл түүнийг өнгөрсөн даваа гаригт буюу арванхоёрдугаар сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхээс Таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад гаргажээ.

Сануулахад, З.Баянсэлэнгэ, М.Болортуяа нарын 11 хүнд холбогдох хэргийг шүүх хурал 2019.11.29-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон ба хуралдааны явцад түүний хэргийг тусгаарлаж, З.Баянсэлэнгийг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасны дагуу түүнийг хорих анги руу буцаасан юм. Хэргийг нь тусгаарлан Чингэлтэй дүүргийн шүүхээс Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шилжүүлсэн байгаа юм. Харин хамт шалгагдаж байсан хүмүүс нь шүүхээр хорих ял авсан байгаа. 

З.Баянсэлэнгийг Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 дахь хэсэгт зааснаар албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр буюу Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, "Бэрэн групп" ХХК-ийн барьсан "Хангай" хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч, улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэмээн буруутган үзэж ийнхүү шалгаж, шүүж байгаа билээ. 

Цагдан хоригдож байсан З.Баянсэлэнгийг даваа гарагт батлан даалтад гаргажээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.