| | USD/MNT 0₮

ХАЛДВАР АВЧ ГЭРИЙНХЭНДЭЭ ГАДУУРХАГДСАН ОХИН АМИА ХОРЛОХЫГ ЗАВДЖЭЭ

Дэлхий даяар цар тахал тархсан эхэн үед европын орнуудад Ази хүмүүсийг ялгаварлан гадуурхаж, тэнд амьдардаг монголчуудад хийх ажил олдохгүй байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр явсан. Тэгэхэд хүмүүс Монголчуудаа өрөвдөж, “Азиуд коронавирус биш” гэх давлагаанд нэгдээд байсан. 

Гэтэл дотоодод халдвар бүртгэгдэж, хүн бүхэн дэргэдэх хүнээ вирус хэмээн харах хандлага ажиглагдав. Нөгөөх дэлхий даяар тархсан монголчуудаа өмгөөлж асан ард түмэн хажуудхаа хүртэл “хардаж” эхлэх нь тэр. Халдвартай нь батлагдан эмнэлэгт эмчлүүлж буй ээжийн хоёр хүү 14 хоног тусгаарлагдаад, олон удаагийн шинжилгээний дараа халдваргүй нь батлагдаж гэртээ иртэл байрны оршин суугчид нь эсэргүүцэж, гэрт нь оруулаагүй тохиолдол гарч байсан...

Монголчууд коронавирусын цар тахалтай нүүр тулаад багагүй хугацааг өнгөрүүллээ. Бид вирусийн талаар тодорхой ойлголттой болсон л баймаар. Гэтэл үгүй аж.

Баянзүрх дүүрэг таныг сонсож байна Call center 1900-1063 шууд утас ажиллуулж иргэдээ сонсож, эрүүл мэндийн зөвлөгөө үйлчилгээ үзүүлж буй. Энэхүү утсанд хэдхэн өдрийн өмнө нэгэн дуудлага ирэв. 20 гаруйхан насны охин холбогдлоо. Тэрбээр “Миний шинжилгээний хариу батлагдаж, эерэг гарсан. Энэ талаараа мэдээд гэрийнхэндээ хэлтэл гадуур тэнэж яваад халдвар аваад ирлээ хэмээн уурлаж, над руу ариутгах бодис цацаад байна. Манайх есөн давхарт байдаг. Би амиа хорлоно” хэмээн уйлан ярьсан. Дүүргийн онцгой комиссын зүгээс шуурхай ажиллаж, охиныг эмнэлэгт хэвтүүлсэн, аварсан. Охин халдвар аваагүй байхдаа гэр бүлдээ хэн байсан бэ, халдвар авсныхаа дараа хэн болов гэдгийг шүүхээс өмнө түүнд Үндсэн хуулиар олгогдсон язгуур эрх ашиг нь зөрчигдөж байгаад л асуудал байна. Халдвар авснаараа бусдад гадуурхагдаад, үүнийгээ дотроо тээсээр амиа хорлох замыг сонгоод энэ хорвоогоос явсан тохиолдол гарсан байхыг ч үгүйсгэх аргагүй.

Халдвар авсан иргэдийн ялгаварлан гадуурхах нь өөрөө халдварыг нуух эрсдэлийг бий болгож байна. Шинэ оны өмнө иргэд “Өдөрт зуу зуугаараа л халдвар авлаа гэх юм. Миний танилууд дунд коронавирусийн халдвар авсан хүн байна уу” гэх постыг түгээлт хийх давлагаа дэгдсэн. Магадгүй энэхүү постыг түгээсэн зарим хүн өөрөө халдвар аваад эдгэрсэн байхыг үгүйсгэхгүй. Учир нь, ялгаварлан хадууралтад өртөхгүй гэсэндээ хүмүүс халдвар авснаа нуух тохиолдол их.

Саяхан, Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх халдвар авч, эмчлүүлж байгаа талаараа лайв хийж ярьсан. Тэрбээр хэлэхдээ, “Коронавирусын халдвар авч батлагдсан тохиолдлын мэдээллийг нууцлах биш ил гаргах хэрэгтэй” хэмээн хэлж байв. Одоогийн нөхцөл байдалд мэдээллээ нууцлах нь халдвар тархах эрсдэлийг үүсгэж байгааг тэрбээр хэлсэн хэрэг. Өдөр бүр 1000-аас буухгүй шинэ тохиолдол бүртгэгдэж байхад хөл хорионы дэглэмийг сулруулах шийдвэр Засгийн газраас гаргасан. Ийм үед халдвар хаана гарсан мэдээллийг иргэдэд өгч байж л халдвараас хамгаалагдах нөхцөл байдал бий болох нь тодорхой билээ.

Дэлхий даяар цар тахал тархсан эхэн үед европын орнуудад Ази хүмүүсийг ялгаварлан гадуурхаж, тэнд амьдардаг монголчуудад хийх ажил олдохгүй байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр явсан. Тэгэхэд хүмүүс Монголчуудаа өрөвдөж, “Азиуд коронавирус биш” гэх давлагаанд нэгдээд байсан.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.