| | USD/MNT 0₮

Сарын 400-500 мянган төгрөгийн урамшуулалтай ТУЗ-ийн гишүүд ажлаа хийнэ үү

“Тавантолгой түлш” компанийн боловсруулж үйлдвэрлэсэн сайжруулсан шахмал түлш асуудал дагуулж, олон иргэнийг хордуулж, таван хүний амийг авч одлоо.

Гэхдээ хүмүүсийн хордлого болоод үхлийн шалтгаан эцэслэн тодорхой болоогүй. Дээрх сайжруулсан түлш хортой эсэхийг шинжлүүлэхээр гадаадын гурван улсад түлшнээс дээж авч явуулсан гэх мэдээллийг өчигдөр албаныхан өгсөн.

Тэгвэл энэ нийгэмд үүсээд байгаа нөхцөл байдал тэр дундаа шахмал түлшний асуудалд хэн буруутай, хэн хамааралтай болох юм бэ. Буруутан байгаа бол хариуцлагаа хүлээ, хариуцлага үүрч сур. Бусдад тэр дундаа түлшээ зөв түлж сураагүй чадаагүй иргэдийн өөрсдийнх нь буруу гэж нялзааж, өөрсдөө бултаж, зугтахын арга байхгүй.

Жирийн ард иргэд яахаараа эрүүл мэнд, амь насаараа хохироод үлдэх ёстой юм бэ.

Тиймээс хамаатай хүн бүр арьсаа хамгаалах учиргүй юм шүү. Хариуцлагын тогтолцоо хаа хаанаа байна гэдгийг сайтар ухамсарла. Цаашид өчнөөн хүн угаарын хийнд хордвол хэн хариуцлага хүлээх юм. 

“Тавантолгой түлш” компанийн удирдлагууд болоод ТУЗ-ийн гишүүдэд илүү хамаатай. Яагаад чимээгүй байна вэ. Тэд дуугарах ёстой, тэд энэ түлшний талаар анхнаасаа ард иргэдэд зөв үнэн мэдээ мэдээлэл, таниулга, сурталчилгаа, заавар, зөвлөмжийг хангалттай өгсөн бол өнөөдөр ийм асуудал үүсэхгүй ч байж мэдэх байсан. 

ТУЗ-ийн үндсэн болоод хараат гишүүд ер нь ямар ажил хийдэг юм бэ. Тэдний ажлын чиг үүрэг юу юм бэ. Сардаа тус компаниас урамшуулал гэж 400-500 мянган төгрөг авдаг юм байна. Энэ бол бага мөнгө биш. Цалин авдаг бол царай алдалгүй ажлаа хийвэл яасан юм бэ.

Тэгвэл ТУЗ-ийн гишүүдэд хэн хэн байдаг вэ. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил агаарын бохирдлыг хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Насантогтох, УУХҮЯ-ны хэлтсийн дарга Б.Анхбаяр, Зам тээврийн яамны "Авто тээврийн үндэсний төв" төрийн өмчит үйлдвэрийн газрын дэд захирал Ш.Батсайхан, БОАЖЯ-ны Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны ахлах мэргэжилтэн Л.Гүнбилэг, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн үйл ажиллагааны захирал Л.Одонхүү нар байдаг бол хараат бус гишүүнд нь Ц.Пүрэвхүү, С.Зоригт, Н.Дэмбэрэл нар багтдаг ажээ. 

Та нар ажлаа хийхгүй бол урамшууллын мөнгөө ажил хийж чаддаг хүмүүст өгөөд, тэр айл өрхөөр явуулж сайжруулсан шахмал түлшийг сурталчлах, зөв хэрэглүүлэх арга туршлагыг нь заалгуулъя.

Ажлаа анхнаас нь шат дараалалтай зөв хийж гүйцэтгээгүй байж ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр одоо Нийслэлээс айл өрх бүрт заавар зөвлөмжийг биечлэн өгч, үзүүл гэсэн үүрэг даалгавар дээрээс авч ажиллах гэж дээ.  

Нэг айлд төрийн гурван алба хаагч орж сайжруулсан шахмал түлшийг хэрхэн яаж түлэх талаар зааварчилгаа өгсөн болоод гарч байна гэнэ.

ТУЗ-ийн хараат бус гишүүдийн дунд “Утааны эсрэг аав ээжүүд” гэсэн хөдөлгөөнийг өрнүүлж, утааны эсрэг тэмцэж, хашгирч явсан Ц.Пүрэвхүү гэгч сэтгүүлч эмэгтэй бий. Тэр өнөөдөр таг чиг. Түүнийг эрэн сурвалжилсан хүмүүс олон.

Өнөөдрийн байдлаар өчнөөн хүн хордчихоод амь нас нь үхлийн ирмэг дээр байхад энэ эмэгтэй яагаад дуугарахгүй, харагдахгүй байгаа юм бэ. Магадгүй их тэмцсэнийхээ эцэст ТУЗ-ийн хараат бус гишүүн болчихоод сард 400-500 мянган төгрөгийн урамшуулал авдаг болохоороо ийнхүү амаа үдүүлээ юу.

Урамшуулал авдаг ТУЗ-ийнхөн хариуцсан ажлаа хийнэ үү. Хариуцсан ажилдаа эзэн байж, хаягласан газартаа нэртэй, түмэндээ нүүртэй байхыг хүсье.

 

О.Гал

ТУЗ-ийн үндсэн болоод хараат гишүүд ер нь ямар ажил хийдэг юм бэ. Тэдний ажлын чиг үүрэг юу юм бэ. Сардаа тус компаниас урамшуулал гэж 400-500 мянган төгрөг авдаг юм байна. Энэ бол бага мөнгө биш. Цалин авдаг бол царай алдалгүй ажлаа хийвэл яасан юм бэ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.