| | USD/MNT 0₮

АН-ын 10 гишүүн төв талбайд өлсгөлөн зарлалаа

О.Цогтгэрэл даргатай АН-аас УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр болсон. Гэтэл түүнийг Сонгуулийн ерөнхий хороо материалыг нь бүртгээгүй юм. Учир нь АН-аас нэг нэр дэвшигчийг оруулж ирэх ёстой гэж Сонгуулийн ерөнхий хорооноос хэлж буй юм. Оройн 18.00 цагт нам доторх асуудлаа шийдэж, нэгдэж нэг материалыг хүлээж авна гэсэн юм. 

Тэгвэл Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэртэй холбоотойгоор АН-ын бүлгийн 10 гишүүн төв талбайд өлсгөлөн зарлаж эхэллээ.  

АН-ын дарга О.Цогтгэрэл "Төрийн тэргүүнийг сонгох найм дахь удаагийн сонгуулийн нэр дэвших үйл ажиллагаа болж байна. АН-ын хоёр нэр дэвшигчийн материалыг СЕХ хүлээж авахгүй байна. СЕХ хуулиас давсан эрх мэдэлтэй байж болохгүй.

СЕХ гэдэг байгууллага эрх баригч хүчний заавраар парламентад суудалтай намын нэр дэвшигчийн материалыг авах үгүйг шийдэж байна. С.Эрдэнэ, Н.Алтанхуяг гэдэг хоёр хүнийг богино хугацаанд уулзаж, асуудлаа шийдэхийг уриалж байна.

Дөрөвдүгээр сарын 27-нд Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан болж, С.Эрдэнийг АН-ын даргаар сэргээн бүртгэхээс татгалзсан. Одоо дахин ямар лавлагаа гарч ирэхийг харъя. Бид тэмцлийн дараагийн хэлбэр рүү шилжинэ" гэв. 

УИХ-ын гишүүн Н.Ганибал "Тавилттай жүжгийг тавьж байна. Дарангуйлалыг хийж байна. Сонгох сонгогдох эрхийг хязгаарлаж байна. Тиймээс бид намынхаа үнэт зүйлийнхээ төлөө тэмцэж өлсөж байна. Ийм алхам хийхээс өөр арга алга" гэлээ.

УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн "Сонгуулийн ерөнхий хороонд суулт хийсэн ч бидэнтэй ирж уулзсангүй. Бид хуулийн дагуу шийдвэрээ гаргахыг шаардсан. Хэрвээ ийм байх юм бол бидний үр хүүхэд ирээдүйд ямар нийгэмд яаж амьдрах юм бэ" гэв. 

Энэхүү өлсгөлөн нь цаашдаа жагсаал цуглаан болохыг үгүйсгэхгүй юм. Яг одоо бол суултаа хийхээр төв талбайд майхантай хүмүүс ирж байна. 

АН-ын 10 гишүүн төв талбайд өлсгөлөн зарлаж, тэмцлийн хурц хэлбэрийг сонгохоо мэдэгдлээ.
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.