| | USD/MNT 0₮

М.Чимгээ:Аяга ус ч байсан шившээд уучих, рашаан болно

Өглөө бүр өлөн элгэн дээрээ 640 мл ус уухын ач тусын талаар Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга, анагаах ухааны магистр, Монгол Улсын хүний гавьяат эмч М.Чимгээ сонирхолтой ярилцлага өрнүүллээ. Тэрбээр 2018 онд “Ус таны насан туршийн өдөр тутмын хэрэглээ” гэсэн лекцээ олон хүнд уншиж байсан билээ.

-Ус амьтай чандмань эрдэнэ гэдгийг хүмүүс сайн мэднэ. Гэхдээ яаж хэрэглэх, яаж уух, ашиг шимийг нь яаж үзэхээ тэр болгон мэддэггүй бололтой. Энэ талаар эмч хүний хувьд юу гэх вэ?

-Хүмүүс ус уух нь сайн гэж мэддэг хэрнээ хэрхэн яаж уух талаараа сайн мэддэггүй. Олон нийтийн сүлжээнд хүмүүс буруу мэдээлэл их тавьдаг. Жишээлбэл “Хүйтэн ус их хэмжээгээр уух муу. Хэзээ байхад усыг ихээр уудаг байлаа” гэх мэт. Цэнхэр гариг дээр 7 тэрбум хүн усаар тэжээгддэг, усаар өөрийгөө цэнэглэдэг юм. Нэгдүгээрт усаар бүтэн биеийн цэвэрлэгээг яаж хийдэг талаар тодорхой хэлье. Өглөө болгон өлөн элгэн дээрээ 640 мл хүйтэн бүлээн усыг залгилж уухад тэр өдөртөө тэр хүн юунд ч ялагдашгүйгээр их биеийнхээ цэвэрлэгээг хийнэ гэсэн үг. Бие маш сайхан хөнгөн болно. Ялангуяа энэ хатуу харгис халдварт өвчин нүүрлэж байгаа энэ үед бид нар өөрсдийнхөө дархлааг цэвэр байлгаж, цусаа цэвэр байлгаж эрүүл байх нь маш чухал юм.

-640 мл бүлээн ус гэдэг нь яг ямар учиртай тоо хэмжээ вэ?

-Энэ тоог Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баталж өгсөн тоо. Японы эрдэмтэд гаргаж батлуулж авсан. Яагаад 600, 700 мл байгаагүй юм бэ гэдгийн учир нь хүн төрөлхтний хоол боловсруулдаг системийн урт нь 12 метр байдаг. Энэ 12 метр замыг цэвэрлэхийн тулд 640 мл ус хэрэгтэй байдаг байх нь. Өглөө өлөн элэг гэдгийг хүмүүс маш сайн ойлгох хэрэгтэй. Босоод шүдэндээ юу ч хүргээгүй амаа угаагүй байдлыг хэлнэ. Та яг өглөө 640 мл ус ууж чадах юм бол амны хөндийгөөс авахуулаад бие организм болон микро оргиназм зэрэг өөрийгөө хамгаалагч нарыг хамгаалж авч үлдэж чадна. Өглөө харин оогоор шүдээ угаагаад байх юм бол хамгаалагч нарыг үхүүлж байдаг.

-Өглөөний хүйтэн бүлээн усыг залгилж уудаг гэлээ. Шимж уудаггүй юмуу?

-Өглөөний ус хүйтэн бүлээндүү байдаг. Харин одоо энэ цаг үед буюу халдварыг үед халуун бүлээн ууж болно. Харин час халуун ус ууж болдоггүй. Час халуун усыг өлөн элгэн дээрээ уувал ялзралын процесс явагдаад хүн амархан хөгширдөг. Гэхдээ нэг зүйлийг анхаараарай, өглөөний хүйтэн бүлээн усыг залгилж ууна. Харин өдрийн усыг шимж ууна. Өглөөний усыг яагаад залгилж уудаг вэ гэхээр гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулаад урд өдрийн хоол хүнсний үлдэгдэл өтгөнийг маш сайн ялгаруулдаг. Гэхдээ ус буруу уувал өвчин болно.

- Их хэмжээний ус уучихаад өөрийгөө хянах хэрэгтэй байх?

-Тийм. 640 мл ус уусны дараа хоёр удаа их хэмжээгээр шээнэ. Мөн нэг удаа өтгөнөө гаргана. Энэ нь их биеийн цэвэрлэгээ гэсэн үг юм. ДЭМБ-аас бол үүнийг хүн төрөлхтөний их биеийн цэвэрлэгээ гэж үздэг. Ийм цэвэрлэгээг өдөр тутам хийх ёстой шүү. Хүмүүс надаас “Яагаад долоо хоног уугаад больчихож болдоггүй юм бэ” гэж асуудаг. “Би долоо хоног уугаад чихрийн шижин өвчин арилсан” гэж ярьдаг. Хэрвээ их цэвэрлэгээ хийхээ больчих юм бол таны өвчин эргээд сэдэрнэ. Чимгээ эмч нь ямар нэгэн үнэтэй биологийн бүтээгдэхүүн шахах гэж байгаа юм бишээ. Таны гэрт яг сайхан цэнгэг ус тань байгаа. Шүүлтүүртэй ус бий. Та ямар ус уухыг хүсч байна. Тэр усыг уух бүрэн боломжтой. Эрүүл зөв арга.

-Өглөөний бүлээн усаа уучихаад хэдэн минутын дараа өглөөний цайгаа уух ёстой вэ?

-Усаа уучихаад 40-45 минутын дараа өглөөний цайгаа ууна. Өглөөний гурван зарчмын нэг нь хоол идсэний дараа 20-25 минутын дараа шүдээ угаана. Шүдийг бид нар хоол идсэний дараа үлдэгдэл болон шүдэн дээр наалдсан үлдэгдлийг цэвэрлэх гэж угаадаг болохоос өмнө нь угаадаггүй юм. Шүдээ зөв угаавал таны шүд өвдөхгүй. Амны хөндий ариун цэвэр байна.

-Өдөрт ямар хэмжээтэй ус уух вэ. Өдөр ус уухын ач тус юу бэ?

-Өдрийн ус бол өдөр тутмын таны эсийн тэжээл. Таны тархины, зүрхний, ясны, булчингийн тэжээл. Халдварт өвчин дэлхий нийтэд гарсантай холбоотойгоор ДЭМБ-аас халуун бүлээн ус сайн уу гэж зөвлөж байна. Энэ бол чухал зөвлөгөө. Бид нар өдрийн усаа уухдаа биеийнхээ жинд тааруулж ууна. ДЭМБ-аас нэг кг жин тутамд 40 мл ус ууна гэж зөвлөсөн. Жишээлбэл, 64 кг жинтэй хүн байлаа гэхэд өдөрт 2.4 литр усыг өдрийн турш балгаж шимж ууна гэсэн үг. Нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Өдрийн усыг балгаж шимж уухгүй бол өвчин болно. Хэрвээ залгилж уух юм бол бид нар биедээ хуримтлуулсан эрдэс баялагаа хөөгөөд гаргачихна гэсэн үг. Аажуухан шимж ууж байгаа ус таны эсийн гадуур гүйж тэгээд тархинд болон зүрхэнд чинь тэжээл болно. Залуу сайхан харагдъя гэж бодож байгаа бол усаа зөв уу.

-Манайхан хоолоо идэхдээ хажууд нь ус цай хийгээд тавьчихдаг. Хоолтойгоо ус хольж хэрэглэх зөв үү?

-Энэ бол маш буруу зүйл. Хоолон дээрээ ус уухыг хориглодог. Уснаас бусад бүх зүйл хоол. Хоол идэхээс өмнө нэг стакан ус ууна. Харин хооллох явцдаа ус уухгүй. Харин хоолоо идчихээд 1 цаг 30 минутын дараа усаа ууж болно. Шинжлэх ухааны үндэслэл юу вэ гэхээр бид нарын ходоод нарийн гэдсэнд бид нарын идсэн хоол хүнс шимэгддэг. Махнаас уургаа, ногооноос эрдсээ авдаг. Гэтэл эдгээр эрдсээ усаар хөөгөөд гаргачихаар хий дэмий хоол идчихээд ядарч сульддаг. Тамир тэнхээгүй болдог. Хоолоо идэхдээ маш аажуухан анхаарлаа төвлөрүүлж би хоолноосоо шим тэжээл авч байгаа шүү гэж бодоод шившээд ид. Аяга усаа ч ерөөгөөд уу, рашаан болно. Ер нь зөв хооллож, зөв усаа уух юм бол дархлаа маш сайхан сэргэнэ.

-Ус амьтай гэдэг. Ус уухдаа сайхан үгээ шившиж шингээж уух учиртай юм байна шүү?

-Тиймээ. Японы эрдэмтэн Эмото усаар мэдээлэл дамжуулдаг юм байна гэдгийг гаргаад НҮБ-д түүнийгээ шалгуулж “Энэ миний оюуны бүтээл юм” гэдгээ батлуулсан байдаг. Тэгэхээр гарцаа байхгүй усаар бид нарын мэдээлэл дамжигдаж байдаг. Бид нарт бүр эртнээс мэдээлэл нь дамжигдаж ирсэн. Бидэнд лам ус өгөөд рашаан гэдэг. Тэр нь маш зөв мэдээлэлтэй ус. Түүнийгээ хүртэж хэрэглэдэг шүү дээ. Усаа магтаж бай. Усаа магтаад хөлдөөх юм бол их сайхан хөлдөнө. Харин хараагаад муухай үгээр хэлээд хөлдөөх юм бол муухай бүтэцтэй болж хөлдөнө.

-Ингэтэл та эрүүл мэндийн салбарт хэдэн жил ажиллаж байгаа вэ?

-Би 30 гаруй жил ажиллаж байна. Энэ хугацаанд нэг ч удаа ээлжийн амралт авч үзсэнгүй. Хагас, бүтэн сайнд амарч үзээгүй. Нэг өдөр нь хүчээр амардаг ч нэг өдөр нь усны тухай лекцээ уншдаг.

-Ярилцсанд баярлалаа.

-За баярлалаа.

Өглөөний усыг хүйтэн бүлээндүү уух ёстой. Харин одоо энэ цаг үед буюу халдварыг үед халуун бүлээн ууж болно. Харин час халуун ус ууж болдоггүй. Час халуун усыг өлөн элгэн дээрээ уувал ялзралын процесс явагдаад хүн амархан хөгширдөг. Гэхдээ нэг зүйлийг анхаараарай, өглөөний хүйтэн бүлээн усыг залгилж ууна. Харин өдрийн усыг шимж ууна. Өглөөний усыг яагаад залгилж уудаг вэ гэхээр гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулаад урд өдрийн хоол хүнсний үлдэгдэл өтгөнийг маш сайн ялгаруулдаг. Гэхдээ ус буруу уувал өвчин болно.
Ярилцлага

Сэтгэгдэл (7)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.