| | USD/MNT 0₮

Мансууруулах бодис хилээр нэвтрүүлдэг, хадгалан борлуулдаг 11 бүлгийг илрүүлэн шалгаж байна

ЦЕГ-аас иргэд, олон нийтэд хууль, эрх зүйн мэдлэг, мэдээлэл олгох, аливаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд туслан дэмжих зорилгоор цахим хэлэлцүүлэг цувралаар зохион байгуулж байна.  Энэ хүрээнд өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 29д клабхаус (clubhouse)-д Хар тамхитай тэмцэх газраас Хар тамхи ба хөл хорио” сэдвээр цахим хэлэлцүүлэг өрнүүлж, иргэдтэй ярилцан, мэдээлэл өгч, санал солилцлоо. Хэлэлцүүлэгт зочноор СЭМҮТ-ийн их эмч Ж.Гантулга, СЭМҮТ-ийн Донтох эмгэг судлалын клиникийн их эмч Б.Соёлмаа, МУИС-ийн сэтгэл судлалын тэнхимийн багш Х.Сайнсанаа нар оролцсон юм“Хар тамхи ба хөл хорио” сэдвийн хүрээнд ярьсан зарим онцлох мэдээллийг тоймлон хүргэе.

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Давааням:

-Дэлхийн зарим улс оронд сэтгэцэд нөлөөт мансууруулах бодисын хэрэглээг  яагаад зөвшөөрдөг юм бэ?

-Хүүхэд, залуусын дунд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай өвс гэх бодисын талаар буруу ойлголт нэлээн байдаг. Дэлхийн зарим улс оронд өвсний хэрэглээг яагаад зөвшөөрөх болсон, бүх мужид зөвшөөрсөн үү, ер нь өвсөнд ямар сөрөг муу үр дагавар байдаг талаар ул суурьтай уншиж, судлан үүний дараа дүгнэлт хийх хэрэгтэй. Жишээ нь, АНУ-ын зарим мужид “THC буюу сэтгэцэд нөлөөт бодис”-ын агууламж багатай каннабисыг зөвхөн анагаах ухаан, шинжилгээ судалгааны зорилгоор ашиглахыг зөвшөөрч хуульчилсан бол цөөн тооны муж энгийн хэрэглээг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байдаг. Аливаа улсын нийгэм, эдийн засаг, боловсрол, амьжиргааны түвшин, хүний хөгжлийн индекс, мансууруулах бодисын хэрэглээний түвшин зэрэг маш олон хүчин зүйлээс тухайн бодисын хэрэглээг зөвшөөрөх, эсэх асуудал яригддаг. Тийм ч учраас дэлхийн орнуудаас зөвхөн 11 улс л каннабисын хэрэглээг зөвшөөрч, хариуцлагаас чөлөөлсөн байдаг. Харин манай бүс нутгийн улс орнууд өвсний хэрэглээг зөвшөөрдөггүй бөгөөд хатуу хяналтад байлгадаг. Энэ талаар албан ёсны цахим хуудсуудаас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

-Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг зарж борлуулдаг хүмүүст чиглэсэн ямар арга хэмжээ авч байгаа бол?

-Юуны өмнө мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг судалгаа, статистик мэдээлэл, дүн шинжилгээнд суурилж, олон улсын туршлагаас судлаж өөрийн орны онцлогт нийцүүлэн зохион явуулдаг гэдгийг хэлэх нь зүйтэй. Цагдаагийн байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлдэг, худалдан борлуулдаг, хүүхэд, залуучуудыг уруу татдаг хүмүүс, сэжигтэй байр байгууламжуудыг илрүүлэх, хэрэглээг хязгаарлах бодлого барьж шат дараатай тусгай ажиллагаа, хяналт шалгалт тогтмол зохион явуулдаг. Үүний үр дүнд 2020-2021 онд манай байгууллага мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар улсын хил нэвтрүүлдэг, худалдан борлуулдаг идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 11 бүлгийг илрүүлсэн. Эд мөрийн баримтаар хураасан химийн гаралтай бодис 82.8 хувиар өсөж, 56 325 хүний нэг удаа хэрэглэх бодисыг хураан авч, гэмт үйлдлийг таслан зогсоосон байна.

-Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчилд ямар хариуцлага, ял шийтгэл оноодог талаар мэдээлэл өгөөч.

-Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.1.3 дах хэсэгт заасны дагуу мансуурсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 100 нэгж буюу 100 000 төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулдаг. Харин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн бол, өөрөөр хэлбэл, Монгол Улсад хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад өгсөн, тээвэрлэсэн, худалдсан, улсын хилээр нэвтрүүлсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасны дагуу үйлдсэн гэмт хэрэгт тохирох ял, шийтгэлийг шүүхээс оноодог.

МУИС-ийн Сэтгэл судлалын тэнхимийн багш Х.Сайнсанаа:

-Мансууруулах бодис хэрэглэсний улмаас хүний биед ямар нөлөө үзүүлэх вэ?

-Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис маш олон төрөл, ангилалтай. Төрөл, ангиллаас шалтгаалан хүний биед үзүүлэх нөлөө, илрэх шинж тэмдэг нь ялгаатай байдаг. Тийм учраас эцэг эхчүүд энэ талаар мэдлэгтэй байх хэрэгтэй. Мансууруулах бодисын хэрэглээтэй болсон тохиолдолд таны хүүхдийн хоолны дуршил гэнэт багасаж, биеийн жин алдагдах, нойрны хямралтай болж, орой унтахгүй байх, эсвэл олон цагаар их унтах, арьсан дээр нь идээт үрэвсэл гарах зэрэг шинж тэмдэг илэрч болно. Мөн хичээл, сургуульдаа идэвхтэй байсан хүүхэд тань явах дургүй болох, гадаад үзэмж, төрх байдлаа огцом өөрчлөх, өмнөх сонирхол, хобби, найз нөхдийн хүрээлэл өөрчлөгдөх, хариуцлагагүй болох зэрэг шинж тэмдэг илэрнэ. Энэ үед эцэг эхчүүд анхны дохио үүссэн байгааг анзаарч мэдэж, ярилцах болон холбогдох газарт хандаж зөвлөгөө авах хэрэгтэй.  

-Мансууруулах бодисын хэрэглээтэй болсон байж болзошгүй хүүхэдтэйгээ хэрхэн харилцаж, яаж ярилцах ёстой бол?

-Эцэг эхчүүд үр хүүхэдтэйгээ байнга харилцан ярилцаж, үзэл бодлыг нь сонсож байх хэрэгтэй. Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын талаар эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ярилцахдаа анхаарах ёстой нэг чухал зүйл байдаг. Энэ бол орчин. Та хоёрын ярианд ямар нэг зүйл, хэн нэгэн саад болохгүй орчныг сонгож, эцэг эхчүүд маань хүүхдийнхээ ярианд анхаарлаа бүрэн хандуулж, чин сэтгэлээсээ ярилцах сэтгэл зүйтэй болсон үедээ санаа бодлыг нь хуваалцах хэрэгтэй. Хэрэв та өөрөө маш их стресстэй, ууртай байх үедээ, эсвэл хүүхэд чинь тухайн бодисоо хэрэглэчихсэн үед ярилцлага хийх нь ямар ч үр дүнгүй. Эцэг эхчүүд хүүхдээ ямар нэгэн бодис хэрэглэдэг болсон талаар анх сонсоод маш их айж, энэ асуудалд өөрийгөө буруутгадаг. Тэгэхээр эцэг эхчүүд энэ айдас, энэ түгшүүртэйгээ өөрсдөө нүүр тулж, бүрэн ойлголж, хүлээн зөвшөөрсний дараа хүүхэдтэйгээ ярилцах хэрэгтэй. Ярилцлагын гол зорилго хүүхдийг айлгах, загнах гэсэндээ биш, тухайн бодисын улмаас учирч болох богино болон урт хугацааны хор уршиг, үр дагаварыг ойлгуулж, өөрийнх нь бодлыг сонсож ярилцах юм. Зарим тохиолдолд хүүхэдтэйгээ хамт суугаад баттай эх сурвалжаас тухайн бодисын хор уршгийн талаар хамтдаа судалж ч болно. Ингэх явцдаа харилцан ярилцаж, хүүхдэдээ хор уршиг, сөрөг муу үр дагаврыг нь ойлгуулж болно. Өсвөр насны хүүхдийн хувьд найз нөхөд болон өөрийн гадаад үзэмж гэдэг их чухал байдаг. Тийм учир тухайн хүүхдийн хувьд үнэ цэнтэй байгаа тэр зүйлийг нь харьцуулан ярих нь илүү үр дүнтэй. Үүнээс гадна эцэг эхийн зүгээс үр хүүхдээ мансууруулах бодисын хэрэглээнээс урьдчилан сэргийлэх хамгийн чухал арга бол “Хүүхдээ үгүй гэж хэлэхэд хэрхэн сургах” явдал байдаг. Үр хүүхдэд тань хэн нэгэн мансууруулах бодис хэрэглэхийг ятгах үед хэрхэн үгүй гэж хэлэх, үгүй гэснээр хэн нэг найз чинь чамтай найзлахаас татгалзаж байвал энэ бол жинхэнэ нөхөрлөл биш гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Ингэснээр та өөрийн хүүхдээ хамгаалж чадна.

-Бусад орны туршлага болон өвсний хэрэглээний сэтгэл зүйн нөлөөллийн талаар ойлгомжтой тайлбарлахгүй юу?

-Канад улс нь хэрэглээг зөвшөөрөхөөс өмнө урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг маш удаан хугацаанд хэрэгжүүлсэн, урт болон богино хугацааны ямар хор уршигтай талаарх мэдлэгийг хүүхэд, залууст түгээсний дараа хуулиар зөвшөөрсөн. Тухайн үед Канад улсын Ерөнхий сайд хэлэхдээ “Бид каннабисийг эрүүл мэндэд хоргүй учраас зөвшөөрч байгаа зүйл огт биш, хууль бус борлуулалтыг зогсоох, хяналтдаа байлгах, өсвөр үеийн хүүхэд, залуусыг хамгаалах зорилгоор судалгаанд үндэслэн гаргасан шийдвэр” гэж байсан. Тэгэхээр бид хуулиар зөвшөөрсөн цаад шалтгааныг сайтар судалж мэдээд бусдад зөв мэдээлэл түгээх нь чухал юм. Би тухайн улсад мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэсэн хүмүүст яаралтай түргэн тусламж үзүүлдэг байсан. Харамсалтай нь, эмнэлгийн тусламж үзүүлээд таван минутын дараа л дахин хэрэглэдэг нь эмгэнэлтэй санагдсан. Бид өөрсдийгөө ухамсартайгаар сонголт хийдэг гэж боддог. Гэтэл яг үнэндээ тийм биш, судалгаанаас харахад ухамсартай гэхээсээ илүү аль болох олдоц ихтэй зүйлийг сонгодог. Тиймээс хуулиар зөвшөөрснөөр хэрэглээний түвшин өсөх эрсдэлтэй.

Каннабис ямар учраас аюултай, өсвөр насны хүүхэд яагаад хэрэглэж болохгүй гэхээр хамгийн том шалтгаан сэтгэцийн эмгэг үүсгэж, сэдрээж байдаг юм. Та насан туршдаа эрүүл амьдрах боломжтой мөртлөө өвс хэрэглэснээр сэтгэцийн эмгэгтэй болох эрсдэлтэй гэсэн үг. Зарим хүн “эрүүл мэндийн чиглэлээр ашигладаг, зөвшөөрдөг” гэж ярьдаг. Тэгэхээр бид эх сурвалжийг маш сайн судлах хэрэгтэй, хэрэв эмийн үйлдвэрээс санхүүжилт хийж судалгаа хийлгэсэн бол эрүүл мэндэд сайн гэсэн үр дүн гарах нь ойлгомжтой. Тиймээс мэдлэгт суурилсан урьдчилан сэргийлэх ажил явуулах нь үр дүнтэй.

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Мандухай :

-Өсвөр насны хүүхэд, залуучуудын дунд “өвс” гэх нэршилтэй бодисын талаар яриа нэлээн их байдаг бөгөөд уг бодисын хор уршгийн талаар мэдлэг хангалтгүй мэт санагддаг. Энэ талаар манай улсад судалгаа байдаг уу?

-“Өвс” гэж нэрлэдэг бодис нь НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай”, 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад багтдаг “ТНС буюу тетрагидроканнабинол” гэх сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай, Монгол Улсад хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын нэг. Манай улсын ШУА-ийн Хими, хими-технологийн хүрээлэн болон МУИС-ийн эрдэмтэд хамтран 2003-2004 онд “Монгол орны олсны төрлийн ургамлын каннабиноидын бүрдэл”-ийг судалсан. Судалгааны үр дүнд “Манай орны каннабис ургамалд каннабиноидын бүлэгт хамаарах сэтгэцэд нөлөөт бодисууд илэрсэн бөгөөд хууль хяналтын байгууллага анхаарвал зохих чухал асуудал” болох нь тогтоогдсон байдаг.

“Өвс” гэх нэршилтэй бодисын хэрэглээний улмаас хүний биед хамаарал үүсэж, бусад бодис хэрэглэх гүүр болж байдаг. Тийм ч учраас өвсийг олон улсад “gateway drug” гэж нэрлэдэг. Мөн Монгол Улс НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай”, 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцод нэгдэн орсон бөгөөд эдгээр гэрээ, конвенц, дотоодын хууль тогтоомжийн дагуу “өвс” гэх бодис нь манай улсад хуулиар хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын нэг төрөл юм.

-Цагдаагийн байгууллагаас хар тамхины хууль бус хэрэглээнээс татгалзуулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар бодлого барьж ямар ажил, арга хэмжээ зохион байгуулдаг вэ?

-ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас нийт хүн ам болон зорилтот бүлэгт чиглэсэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршиг, үр дагаврын талаар мэдлэг олгох, буруу ойлголт, хандлагын төөрөгдлийг арилгах эрт үеийн ухуулга, нөлөөллийн ажлыг зохион байгуулж, мансууруулах бодисын хэрэглээнээс татгалзуулах чиглэлээр ажиллаж байна. Бид нэгэнт мансууруулах бодисын хэрэглээ, хамааралтай болсон хүнийг эрт илрүүлж, бүртгэл хяналтад авч, мансууруулах бодисын хэрэглээнээс татгалзуулах, шаардлагатай эрүүл мэнд, сэтгэц заслын тусламж үйлчилгээг үзүүлэх, нийгэмшүүлэх замаар хэрэглэгч, донтогч нэг бүрийг дахин хэрэглэхээс урьдчилан сэргийлж ажиллахыг зорьдог. Мөн зорилтот бүлэгт чиглэсэн “Хасах 25” төсөл хэрэгжүүлж, тандалт судалгааны ажил болон олон улсад амжилттай хэрэгжиж байгаа “Гэр бүл болон сургуульд” суурилсан ухуулга, нөлөөллийн ажлыг эхлүүлж, эцэг эхчүүд, багш, сурган хүмүүжүүлэгч нарт сургалт зохион байгуулж ажилласнаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг үйлдсэн насанд хүрээгүй хүний тоо 2020 онд 63.4 хувиар, 2021 оны дөрөвдүгээр сарын байдлаар  81 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

ЦЕГ-аас иргэд, олон нийтэд хууль, эрх зүйн мэдлэг, мэдээлэл олгох, аливаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд туслан дэмжих зорилгоор цахим хэлэлцүүлэг цувралаар зохион байгуулж байна. Энэ хүрээнд өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 29-нд клабхаус (clubhouse)-д Хар тамхитай тэмцэх газраас “Хар тамхи ба хөл хорио” сэдвээр цахим хэлэлцүүлэг өрнүүлж, иргэдтэй ярилцан, мэдээлэл өгч, санал солилцлоо. Хэлэлцүүлэгт зочноор СЭМҮТ-ийн их эмч Ж.Гантулга, СЭМҮТ-ийн Донтох эмгэг судлалын клиникийн их эмч Б.Соёлмаа, МУИС-ийн сэтгэл судлалын тэнхимийн багш Х.Сайнсанаа нар оролцсон юм. “Хар тамхи ба хөл хорио” сэдвийн хүрээнд ярьсан зарим онцлох мэдээллийг тоймлон хүргэе.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.