| | USD/MNT 0₮

Б.Сүндэръяагийн гомдлын хариуд Ц.Анандбазар бас цагдаад хандлаа

-Авлигын гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг нь тогтоож чадаагүй-
 
Булган аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдоод буй “Сод Монгол” группийг үүсгэн байгуулагч Ц.Анандбазартай холбоотой, охид, эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн байж болзошгүй гэх дуулиан олны анхааралд байгаа. Иргэн Б.Сүндэръяа түүний хүчирхийлэлд өртсөн талаараа цагдаагийн байгууллагад гомдол гаргасан бөгөөд түүнийх нь дагуу МБА-нд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн. Прокурорын байгууллагын албаны эх сурвалжийн мэдээлснээр УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой гэмт хэргийн шинжтэй гомдолд НПГ-аас хяналт тавьж байгаа. Уг гомдлыг МБА-ны Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж эхэлсэн. Шалгалт дуусаагүй. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Анандбазар бас “Б.Сүндэръяа нэр хүндэд халдлаа” гэсэн гомдол гаргасан. Цагдаагийнхан энэ бүхнийг нэгтгэн шалгаж байна.
 
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг 19 хүртэл хоногийн хугацаанд шалгадаг. Одоогоор уг хуулийн хугацаа дуусаагүй. Өнгөрсөн амралтын өдрүүдэд олон нийтийн сүлжээнд УИХ-ын гишүүн Ц.Анандбазар Б.Сүндэръяагаас гадна өөр эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт учруулсан гэх ярилцлага, нэвтрүүлэг гарсныг хуулийн дагуу шалгах аж. 
 
Эдгээрээс гадна ЭЦА-нд дээрх гишүүнтэй холбоотой нэгэн бичлэгийг шалгаж буй гэх мэдээлэл бидэнд ирлээ. Бичлэгт чухам юу гарч байгаа, ямар үндэслэлээр шалгаж эхэлснийг ихэд нууцалж байна. Юутай ч авлигын гэмт хэргүүд шигээ битгий замхарчихаасай, шударгаар шалгаж шийдвэрлээсэй гэсэн хүлээлт олны дунд байгаа юм.
 
Ц.Анандбазарын хувьд авлигын гэмт хэрэгт нэг бус удаа холбогдон шалгуулсан нэгэн. Тухайлбал, “Сод Монгол”, МИАТ компанийн хоорондын маргаанд төрийн өмчит аж ахуйн нэгж давж заалдах эрхээ эдлээгүй. Ингэснээр хувийн компанид давуу байдал олгож, тэдэнд ашигтай шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр Ц.Анандбазарыг шалгаад гэм буруутай, эсэхийг нь тогтоож чадаагүй хаасан байдаг. Түүнээс өмнө 2012 оны УИХ-ын сонгуулийн үеэр Ц.Анандбазарыг баривчилж, цагдан хорьж ч байсан билээ. Түүнийг 2003 оны тавдугаар сард Улсын нөөцийн газрын нефть хариуцсан мэргэжилтэн О.Ганбаатарт 8000, тухайн үеийн Санхүү, эдийн засгийн яамны Төрийн сангийн газрын мэргэжилтэн Т. Мөнхгэрэлд 10 000 ам.долларын хахууль өгөхөөр бэлтгэж, дугтуйлан хадгалж байсан үндэслэлээр 2002 оны Эрүүгийн хуулийн 269.2-т зааснаар яллагдагчаар тооцсон юм. Гэвч сонгуулийн санал хураалт дууссаны дараа буюу 2012 оны долдугаар сарын 2-нд Ц.Анандбазарт үүсгэсэн 201201000221 дугаартай хэргийг НПГ-аас татан авах тогтоол гаргаж, хянаад дээрх хоёр хүний нэр бүхий дугтуйнд хийсэн мөнгийг хээл хахууль болгон өгөх санаа зорилго байсан, эсэхийг тогтоох боломжгүй, гэмт хэргийн шинжтэй боловч уг үйлдлээс хойш тав ба түүнээс дээш жилийн хугацаа өнгөрч, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон аж.    
 
Авлигын гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг нь ийнхүү хэрэгсэхгүй болгож байсан учраас хууль хяналтын байгууллагынхан шударгаар шалгалгүй, бас ийм шийдвэр гаргах вий гэсэн болгоомжлол нийгэмд үүсээд байна.
Б.Сүндэръяагийн гомдлын хариуд Ц.Анандбазар бас цагдаад хандлаа
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.