| | USD/MNT 0₮

МАН, МАХН хоёр нэгдэж, Ерөнхийлөгчийн сонгуульд хүч хавсарч орохоор боллоо

Хуучин цагт нэг нам байсан МАН МАХН-ынхан нэгдэж буйгаа өчигдөр орой албан ёсоор дуулгалаа. Ийнхүү хоёр нам нэгдэж ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд хүч хавсарч орох нь тодорхой болов. Хэдий 100 жилийн түүхтэй нам эргэж нийлж нэгдэж байгаа мэт харагдавч ч цаана нь асар том эрх ашиг, албан тушаалын наймаа явж байгааг үгүйсгэхгүй юм.

МАХН МАН-тай нэгдэнэ гэдэг асуудал хэдэн сарын өмнөөс яригдаж эхэлсэн. Тухайн үед нууц хэд хэдэн хуралдаан хийж, Удирдах зөвлөлүүд нь хуралдсан гэдэг мэдээлэл гарч байсан. Өнгөрсөн хоёрдугаар сард Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян "Нийлж нэгдэх талаар албан ёсоор ярьж шийдсэн зүйл байхгүй. Гэхдээ МАН-ын 100 жилийн ой гэдэг том үйл явдал эргэж нийлэх боломж гэж зарим хүмүүс харж байгаа. Миний хувьд эргэж нийлэхийг дэмжинэ" гэж ярьж байсан удаатай.

Хоёр нам 100 жилийн ойгоо ч хамтдаа тэмдэглэж, Сүхбаатарын талбайд Н.Энхбаяр, У.Хүрэлсүх тэргүүтэй намынхан сүр бадруулан гарч ирж, Чингисийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлж байсан нь саяхан. 

Тэгвэл өчигдөр хоёр намын Нарийн бичгийн дарга нар дээрх мэдээллийг баталгаажуулж, нийлж нэгдэж байгаагаа зарлалаа. МАН-ын генсек Д.Амарбаясгалан "Нэг түүхтэй, нэг гарал үүсэлтэй улс төрийн намуудын хувьд улс төрийн саналын зөрүү нь арилж хамтдаа зүтгэх боломж гарлаа. Энэ цаг үед нийлж нэгдэх нь зүйн хэрэг юм. МАН сүүлийн 30 жилийн хугацаанд дараалан барих эрхийг авсан. Бид бусад намуудтайгаа нэгдэж нийлж улс орныхоо төлөө ажиллах шаардлага тулгараад байна” гэсэн юм.

Харин МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга "Хоёр намыг нэгдэхэд гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүс бол МАН, МАХН-ын нийт гишүүд, дэмжигчид байна" гэлээ. 

Ийнхүү хуучин нэг угшилтай байсан нам эргэж нийлж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэг хүнээ нэр дэвшүүлэх нь тодорхой болов. МАН-аас намын дарга У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлж, МАХН-наас УИХ-д нэг суудал авахаар тохироо хийсэн байхыг ч үгүйсгэхгүй. Учир нь СХД-ээс их хуралд сонгогдсон Д.Сумъяабазарын суудал хоосон байгаа юм. Магадгүй энэ суудал дээр Н.Энхбаяр дарга намаасаа байна уу, эсвэл өөрийн хүү Э.Батшугарыг ч тавихаар тохироо хийсэн байхыг үгүйсгэхгүй. Том хүмүүсийн хооронд юу яригдсаныг жирийн иргэд яаж мэдэх билээ. Харин хэрхэхийг цаг хугацаа харуулах байх. Ямартаа ч хоёр нам нэгдэж, сонгуульд хамтарч орох нь тодорхой болов. 

Хуучин цагт нэг нам байсан МАН МАХН-ынхан нэгдэж буйгаа өчигдөр орой албан ёсоор дуулгалаа. Ийнхүү хоёр нам нэгдэж ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд хүч хавсарч орох нь тодорхой болов. Хэдий 100 жилийн түүхтэй нам эргэж нийлж нэгдэж байгаа мэт харагдавч ч цаана нь асар том эрх ашиг, албан тушаалын наймаа явж байгааг үгүйсгэхгүй юм.
Улс төр

Сэтгэгдэл (7)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.