| | USD/MNT 0₮

Ц.Бээжин: Анх “Эрдэнэс тавантолгой”-н түүхий эдэд түшиглэж шахмал түлшний үйлдвэр байгуулах тухай шийдвэр гаргасан

Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг анх “Эрдэнэс-тавантолгой” ХК-ийн түүхий эдэд түшиглэж байгуулна гэж гарсан ч удалгүй “Энержи ресурс” ХХК-ийн хаягдал нүүрсээр хийхээр болж өөрчилсөн байгаа юм.

Тэгвэл энэ түлшний талаар Иргэний хөдөлгөөний зүтгэлтэн, инженер Ц.Бээжин өөрийн байр сууриа илэрхийлж байна. Тэрбээр социализмын үед Сайд нарын зөвлөлийн дэргэдэх зохион бүтээх товчоонд ажиллаж байхдаа шахмал түлш хийх асуудлаар судалгаа хийж байсан багт ажиллаж байжээ.

-Өнөөдөр нийгэмд асуудал тарьж, хүний амь нас хохирох шалтгаан болоод буй шахмал түлшний талаар байр сууриа илэрхийлвэл?

-Шахмал түлшний төсөл мега төсөл байх ёстой. Дэлхий нийтэд нэг тэрбум доллараас дээш хэмжээний өртөгтэй төслийг мега төсөл гэж нэрлэдэг. Энэ төсөл жилийн хэрэглээ нь 50-60 сая доллар байх. Энэ утгаараа бол мега төсөл болж чадахгүй.

Гэхдээ эдийн засгийн хэмжээ нь мега төсөлд хүрэхгүй байж болно. Хүн амын 45 хувь, 220 мянган өрхийн нэг сая орчим хүн хэрэглэх, шууд хамааралтай гэдэг утгаараа Ерөнхий сайдын мэдэлд байх ёстой том төсөл.

-“Энержи ресурс”-ийн угаасан нүүрсийг ашигласан нь буруудаж байгаа гэх мэдээлэл бий?

-Ухаахудгийн “Энержи ресурс”-ийн мидлинг гэж угаасан нүүрсний хаягдыг ашиглаж байгаа гэж дуулсан. Анх бол “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн түүхий эдэд түшиглэж шахмал түлшний үйлдвэр байгуулах тухай шийдвэр гарсан.

“Тавантолгой” ордод “Эрдэнэс тавантолгой”, орон нутгийн өмчит жижиг Тавантолгой ба “Энержи ресурс” ХК гэсэн гурван компанийн уурхай ажиллаж байгаа. Өмнөговийнхон Тавантолгойн нүүрсээ түлдэг. Олон жил түлж ирсэн. Тэгвэл тэд яагаад угаартахгүй, хордохгүй байгаа юм бэ. Тавантолгойн ордын  4-р давхарга хамгийн өндөр чанарын коксжих нүүрстэй. Энэ хэсгийн нүүрсийг экспортонд гаргадаг.

Харин 8-р ам буюу илчлэг багатай нүүрсийг нь нутгийн иргэд түлдэг. Гэтэл шахмал түлшийг “Энержи ресурс”-ийн Ухаахудгийн нүүрсийг баяжуулж, өнгөн хэсгийг экспортонд гаргаад тунаж үлдсэн хаягдал хэсгийг түлшний түүхий эдэд ашиглаж байгаа.

Ухаа худаг бол энэ ордын хамгийн сор буюу өндөр чанартай нүүрстэй хэсэг нь гэдгийг манай Хурц гуайгаас эхлээд мэргэжилтнүүд хэлнэ. Энийг ганц нэг эрдэмтэн хийх ажил биш. Бүхэл бүтэн эрдэмтдийн баг, Шинжлэх ухааны байгууллагууд хамтарч хийх ёстой.

Шахмал түлш бол шинэ сэдэв биш. Гэтэл утаа бууруулах чиглэлээр янз бүрийн төсөл гаргаж хөрөнгө мөнгө иддэг жишиг тогтлоо.

Хамгийн гол нь шинжлэх ухааны үндэслэлгүй яваад байгаад учир дутагдал байна. Шинэ төслийг хариуцлагагүй байдлаар явуулж байгаад харамсаж байна.

-30 жилийн өмнө шахмал түлшийг туршиж байсан гэдэг. Хэр туршилт хийж байсан юм бэ?

-Хийсэн. Орц найрлага стандартыг нь туршиж байсан. Одоо бүх туршилт нь хадгалаатай байна. Тэр туршилтаас хэрэг болох болов уу гэж жилийн өмнө хэлж ярьж байсан. Гэтэл хүлээж аваагүй. Дахиад хэлье, анхны шийдвэр нь “Эрдэнэс тавантолгойг” түүхий эд дээр түшиглэж гарахаар ярьж байсныг хэн ямар зорилго агуулж өөрчлөв. 

-Та энэ шахмал түлшийг боловсруулж эхлэх үед өөрийнхөө судалж байсан туршлагаа нэмэрлэж хуваалцаж болохгүй байсан уу?

-Би энэ талын туршлагатай эрдэмтэн судлаач, мэргэжлийн хүмүүсийг оролцуулаач ээ, ийм туршлагатай мэргэжлийн шинжлэх ухаанч баг байна гэдгийг сайд Д.Сумьяабазар, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн С.Бурмаа нарт жилийн өмнө хэлж байсан. Нохой хуцсан чинээ тоогоогүй. Улс төрийн гэх тодотголтой хэсэг бүлэг хүмүүсийг энэ төсөл руу оруулсан нь буруу юм.

-Шахмал түлшийг ард иргэд дээр туршиж хордуулж, амь насыг нь эрсдэлд орууллаа. Цаашид түлэх үү, байх уу?

-Түлш өөрчлөгдөнө гэхээр зуух ч өөрчлөгдөх ёстой. Түлш өөрчлөгдөх болгонд түлэх аргачлал нь ч өөрчлөгдөнө. Анхны нэгдүгээр шугамыг нь ашиглалтад оруулаад жил туршсан гэдэг. Тэр туршилт нь хаана байна. Ингэж худлаа хэлж болохгүй.

Тэгэхээр Ерөнхий сайдад санал тавьмаар байна. Энэ шахмал түлшний хэрэглээг 15 хоног зогсооё. Ард түмнээсээ уучлалт гуйгаад түр хугацаанд Налайх, Багануурын нүүрсээр хангая. Энэ хооронд үүссэн нөхцөл байдлынхаа учрыг олж нийгмийн эргэлзээг үнэн зөв тайлах ёстой. Айлуудад түлэх аргачлал сургалтыг нь сайн зааж өгье. Төрийн албаны ажилтнууд юугаа мэдэж энэ түлшийг ярих юм бэ. Юмаа мэддэг шинжлэх ухаанч хүмүүсийг явуулж сургалт сурталчилгааг хийлгэх нь зөв. Хүн буруу галлаад өөрсдөө угаартаад байгаа бол сургалтаа зөв явуул. Өдрийн цагаар шахмал түлшийг нь түлүүлж сургая. Биечилсэн сургалтыг мэргэжлийн хүмүүсээр удирдаж явуул. Хэрэглэгчээ хэвшүүлье. Яндангийн хаалт хавхлагаа бүр аваад хаячих.  

 

 

 

О.Гал 

энэ түлшний талаар Иргэний хөдөлгөөний зүтгэлтэн, инженер Ц.Бээжин өөрийн байр сууриа илэрхийлж байна. Тэрбээр социализмын үед Сайд нарын зөвлөлийн дэргэдэх зохион бүтээх товчоонд ажиллаж байхдаа шахмал түлш хийх асуудлаар судалгаа хийж байсан багт ажиллаж байжээ.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.