| | USD/MNT 0₮

Ш.Энхтөр:ЭХЭМҮТ-дөө уушги орлуулах EСMO аппаратыг авч суурилуулна

Коронавирусийн халдвар сүүлийн үед эрчимтэй тархаж, Нийслэл халдварын голомт бүхэлдээ болж өдөрт 1000 гаруй хүн халдвар авч, харин өвчин нь хүндэрсэн архаг хууч өвчтэй 80 гаруй хүн цар тахлаар нас бараад байна. Амьсгалын аппарат болон уушги орлуулах аппаратгүйгээс болж хүндэрсэн иргэд эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй байна гэсэн мэдээлэл иргэдийг айдаст автуулж, эргэлзээ төрүүлээд байгаа юм. Манай улс уушги орлуулах ганцхан аппараттай байсан. Энэ нь 750 сая төгрөгийн өртөгтэй. Харин нөхцөл байдал хүндэрч, хүн амын дунд халдварын тархалт өргөн хүрээг хамарч, хүний амь нас авч одоод байгаа энэ үед ЭМЯ-наас нэмж хоёр аппарат авахаар болсон. Нэгийг нь авч Цэргийн төв эмнэлэгт байршуулсан бол нэг нь энэ сарын сүүлчээр ирж, Гуравдугаар төв эмнэлэгт байрлуулахаар болжээ. Энэ Эгмо нэртэй уушги орлуулах аппарат бол коронавирусээр хүндэрсэн хүний амийг аврах боломжтой. Гэвч хүрэлцээ байхгүйгээс болж хүндэрсэн иргэд амь тавьж байна гэх.
Тэгвэл уушги орлуулах аппаратны талаар ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал, Гавьяат эмч, Анагаах ухааны доктор, клиникийн профессор Ш.Энхтөр тодорхой мэдээлэл өглөө.
Тэрбээр "Уушги орлуулах аппарат"-ны тухайд гэвэл өдөр тутмын ажил, нэмэлт хурлууд, шийдвэрлэх асуудлуудад умбасаар, нэг л мэдэхэд долоо хоног эхлээд дуусаад байдаг болжээ. Эмнэлгийн ачаалал ч их байна. Хальт харж байхад иргэд, олон нийтийн сонирхсон асуултад тэр бүр ханатал нь эргэлзээг нь тайлтал мэргэжлийн хариулт өгөгдөхгүй яваад байх шиг.
Түүний нэг нь "Уушги орлуулах аппарат" гэгдээд байгаа ECMO буюу Extracorporeal Membrane Oxygenation технологийн талаар товч хариулт өгөх нь нэг ч болов асуудлыг цэгцэлж, эргэлзээг тайлж, итгэлцлийг бэхжүүлэх болов уу гэж бодож байна. Яг ECMO технологийг хэзээ ямар заалтаар ашиглах, энэ аргын давуу ба сул талын талаар онлайнд санал солилцох, хэлэлцүүлэг хийх нь утгагүй, боломжгүй.
Би хувьдаа өөрийнхөө эмнэлэгтээ алсдаа ECMO суурилуулна гэж боддог. Гэхдээ жинхэнэ зориулалтаар нь ашиглах зорилгоор. КОВИД-19 өвчнийг эмчлэх гэж биш шүү. 
ДЭМБ болон дэлхийн томоохон эрдэм шинжилгээ судалгааны эмнэлгүүд зөвлөхдөө "... ECMO хэрэглэж ирсэн баялаг туршлагатай, тохиолдлын тоо ихтэй газрууд Ковид-19 өвчний маш хүнд тохиолдолд ECMO хэрэглэж болох юм" гэж байгаа. Хэрэглэх ёстой, хэрэглэх шаардлагатай гэж огт зөвлөөгүй. ECMO хэрэглээд амь нас аврагдана ч гээгүй. Манай Монгол Улсад ЕСМО-г хэн, яагаад "Уушги орлуулах аппарат" гэж орчуулсныг хүмүүст ойлгуулсныг би мэдэхгүй. Ямар ч байсан улсын хэмжээнд 1-3 байхад болно. 
Харин жинхэнэ Уушги Орлуулах Аппарат бол иргэд, олон нийтийн дунд "Aмьсгалын Аппарат" гэдгээр танил болсон "Mechanical Ventilators" юм.
Энэ бол жинхэнэ утгаараа уушгины үйл ажиллагааг орлуулж байгаа хэрэг юм. Эмч, сувилагч нараас асар их мэдлэг, туршлага, багийн хамтын ажиллагаа шаарддаг технологи. Манай ЭХЭМҮТ-ийн ХЭЭТ гэхэд л нэг өвчтний амьсгалыг 7 сарын турш удирдаж Монголдоо рекорд тогтоож байсан. Манай төв өдөртөө дунджаар 15-20 өвчтөнд Уушги Орлуулах Эмчилгээ хийж байдаг юм.
Энэ Ковидтой тэмцэх хүрээнд манай улсын томоохон эмнэлгүүдийн эрчимт эмчилгээнд ХБНГУ-ын дэлхийд алдартай DRAEGER брэндийн амьсгалын аппаратууд (6-р үеийн) суурилагдсан. Манай төвд гэхэд л 20 ширхэгийг хуваарилсан. Мөн сүүлд PulmoVista 600 хэмээх уушгины үйл ажиллагаа, сэлгэцэл-цусан хангамжийн харьцааг уушгины хамааралт бүсүүдэд тодорхойлох, цахилгаан-соронзон технологид суурилсан аппарат 3 ш хуваарилагдсан. Хүнд өвчтөнийг Рентгенд харах гэж зөөх шаардлагагүй болсон. Товчхон хэлэхэд энэ аюулт өвчний хүндрэлийг эмчлэх технологийн боломж бүрэн байна. Манай эмч мэргэжилтнүүд шинэ технологийг богино хугацаанд 100% тултал нь ашиглаж сурах хэрэгтэй байна.
Шинэ технологийг бүрэн гүйцэд ашиглаж суртал нь бүх талын дэмжлэг үзүүлэх, засвар үйлчилгээг нь улсын хэмжээнд нэгдсэн байдлаар зохицуулах, сэлбэг хэрэгслийг мөн улсын хэмжээнд зохицуулах асуудалд анхаарчихвал болоод л явчихна.
Яг үнэндээ дэлхийн түвшний амьсгалын аппараттай байж, тэрнийхээ хэдийг нь ашиглаж байна, өдөрт хэдэн цагаар ашиглаж байна гээд аваад үзвэл маш хангалтгүй үзүүлэлт гарна. ЭМЯ эмнэлгүүдэд авч өгсөн аппаратуудаа нэг бүрчлэн ажилласан цаг, тухайн аппаратанд яг хэдэн хүнийг оруулж эмчилсэн үр дүнг нь үнэнчээр гаргуулж үзвэл сонин тоо гарна. Гол нь бид ийм сайхан аппараттай байж, ашигт үйлийн коэффициент муутай байж ECMO-той болмоор байна гэж үндэслэлгүй цуураад хэрэггүй. Яс юман дээрээ бол ECMO технологийн бүтэн сургалтанд суусан хүн Монголд тун цөөхөн байгаа тул цаашид цаг сайхан болохоор сэтгэлтэй, хэлтэй залуусыг багаар нь өндөр хөгжилтэй оронд явуулж сургах хэрэгтэй" гэлээ. 
Түүний нэг нь "Уушги орлуулах аппарат" гэгдээд байгаа ECMO буюу Extracorporeal Membrane Oxygenation технологийн талаар товч хариулт өгөх нь нэг ч болов асуудлыг цэгцэлж, эргэлзээг тайлж, итгэлцлийг бэхжүүлэх болов уу гэж бодож байна. Яг ECMO технологийг хэзээ ямар заалтаар ашиглах, энэ аргын давуу ба сул талын талаар онлайнд санал солилцох, хэлэлцүүлэг хийх нь утгагүй, боломжгүй. Би хувьдаа өөрийнхөө эмнэлэгтээ алсдаа ECMO суурилуулна гэж боддог. Гэхдээ жинхэнэ зориулалтаар нь ашиглах зорилгоор. КОВИД-19 өвчнийг эмчлэх гэж биш шүү.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.