| | USD/MNT 0₮

Л.Энх-Амгалан:Хувийн сургуулиудын хувьсах зардлаас хэмнэсэн тэрбум төгрөгийг хичээлийн хоцрогдолтой хүүхдүүдэд зарцуулна

Цартахлын үеийн хичээл сургалтын хоцрогдол болон элсэлтийн шалгалттай холбоотой асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан байр сууриа илэрхийлж ярилцлага өглөө.

-ЕБС-ийн сурагчид үндсэндээ бараг хоёр жил  ковидоос болж “хоригдлоо”. Салбарын сайдын хувьд ямар бодолтой байна?

-Манай улс дэлхий дээр хөл хорио тогтоож хичээл сургууль явуулаагүй улсын тоонд зүй ёсоор орж байгаа. Цар тахлаас хамгийн их хохирол үүсэж байгаа нь боловсролын салбар орж байна. Нэг улиралд 80-90 хоног хичээллэх ёстой. Харин 2020 онд ЕБС-ийн хүүхдүүд 50 хувь нь танхимаар хичээллэж чадаагүй. Энэ жилийн хувьд Улаанбаатар хотод танхимаар хичээллээгүй. Өнөөдрийн байдлаар 100-110 хоног танхимаар хичээллэж чадаагүй  байна. Зөвхөн теле болон цахим хичээлээр явж байна.  

-Хоё жил хичээллээгүй үр дүнг юу гэж харж байна вэ?

-Монгол Улс 12 жилийн тогтолцоотой. Цартахлаас болж үндсэндээ 1-1.5 жилийг алдаж байгаа юм. Дэлхийн банкны хийсэн тооцооллоор бол Монголын эдийн засагт 10 жилийн дараа гэхэд 2 тэрбум доллартай тэнцэх хохирол үүснэ гэсэн тооцоо гарсан. Энэ нь 6 их наядтай тэнцэх мөнгөн дүн юм. Ирээдүйд ийм бодитой хохирол нөхцөл байдал үүсээд байна.

-ЕБС-ийн сургалт теле цахимаар явж байна. Гэтэл хувийн хэвшилд үйл ажиллагаа явуулдаг сургуулиудад төлбөрөө төлсөн хүүхдүүд сурч чадахгүй нөхцөл байдал үүссэн. Үүнд салбарын сайд та уян хатан хандаж болдоггүй юмуу?

-Ковидын хууль гэж гаргасан. Үүнийг хэрэгжүүлэх нь Боловсрол шинжлэх ухааны яам. Үүний хүрээнд сургалтын төлбөрийн хугацаагаа хойшлуулах болон урьдчилж төлсөн дотуур байрны төлбөрийг дараа жилийн сургалтын төлбөрт суутгах зэрэг арга хэмжээнүүд авч байгаа. Улсын хэмжээнд байгаа 88 их, дээд сургуулиуд их бага хэмжээгээр сургалтын төлбөрөө багасгах, хойшлуулах арга хэмжээ авсан. Төлбөртэй ЕБС улсын хэмжээнд 160 орчим бий. Үүний 120 орчим нь Улаанбаатарт байгаа. Энэ сургуулиудад улсаас хувьсах зардал өгдөг. Ингэхдээ 10 саяас дээш  төлбөртэй сургуулиудад хувьсах зардал өгөхгүй гэсэн нөхцөл тавьсан. Үүнээс 1 тэрбум төгрөг хэмнэгдсэн. Энэхүү хэмнэгдсэн зардлаар гэрээсээ хичээллэх боломжгүй, хоцрогдолтой байгаа 170 мянга орчим хүүхдэд зарцуулахаар болсон. Нөгөө талдаа 10 саяас доошоо төлбөртэй сургуулиудад хувьсах зардлыг нь өгөхдөө бид нар ямар нөхцөл тавьсан бэ гэхээр сурагчдаас авсан урьдчилсан төлбөр байх юм бол дараагийнхаа хичээлийн улирал руу шилжүүл гэсэн. Ямар нэгэн гомдол санал байвал яамны вэб сайтаар мэдэгдээрэй.

-Орон нутагт сургууль танхимаар хичээллэж байгаа билүү?

-Одоогийн байдлаар хөдөө орон нутагт 40 орчим сургуулийн 20 мянга орчин сурагч танхимаар хичээллэж байна.

-Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт ихээхэн анхаарал татаж байна. Шалгалт өгөх хүүхдүүд танхимаар давтлага өгч болно гэсэн журам үндэслэлтэй юмуу?

-Энэ журам гуравдугаар сарын 01-нд Засгийн газраас  гарсан. Энэ шийдвэр хөдөө орон нутагт хэрэгжээд явж байгаа. Ер нь бол орон нутагт хичээлээ нээчихсэн. Энэ жил 12 сургууль төгсөх 34 мянган хүүхэд бий. Эдгээр хүүхдийн ЭЕШ өгөх боломж бололцоог хангах ёстой. Гэвч Улаанбаатарт сая тогтоосон хатуу хөл хориотой холбогдуулаад боломж гарсангүй. Тийм учраас бид бүхэн Засгийн газрынхаа шийдвэрийг хараад хөл хорио тавигдсан өдрийн маргаашнаас эхэлж танхимаар хичээллэх, шалгалтандаа давтах боломжийг нээж өгнө. Мөн бид 12-р анги төгсөж байгаа хүүхдүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх шаардлагатай юм байна гэдгээр судалгаа хийж дүгнэлт гаргасан. Багш болон эцэг эхчүүд хүүхдүүдийн дунд хийсэн судалгаагаар 4 хүүхэд тутмын нэг нь ганцаардалтай байна. Таван сурагч тутмын нэг нь хичээлийн дарамтад орсон гэж гарч ирсэн. Дэлгэцийн хамааралтай холбоотойгоор багш ч сурагч, эцэг эхчүүд ч ядарсан байна. Ядарсан багш хүүхдэд бид дахиад хичээл нэмж өгч хийхийг шаардана гэдэг үнэхээр хүнд. Тийм учраас бид долоо хоногийн таван өдөр хийж байсан теле хичээлээ багасгаж цагийг нь багасгаж, дөрвөн өдөр болгосон. Хамгийн ихдээ 2-3 цагаар хэтрүүлэхгүй гэсэн бодолтой.

-Хоёр жилийн хичээл хоцрогдлыг яаж нөхөх билээ?

-Хичээлийн хоцрогдол бол нэг улиралд нөхөгдөх бус гурван жилийн хугацаа шаардлагатай. Үүнтэй холбоотой урт болон дунд хугацааны төлөвлөгөө боловсруулна. Ер нь ковид гарахаас өмнө манай боловсролын салбарт хоцрогдол үүссэн байсан юм билээ. Анги өгсөх тусам хичээлийн ачаалал их байдаг учраас хичээлийн хоцрогдол явагддаг байж. Энэ бодитой хоцрогдол дээр дахиад нэмээд ковидын хөл хорионы хоцрогдол гээд аймшигтай хоцрогдол үүссэн байгаа юм. Хичээлийн хоцрогдлыг арилгах Үндэсний хөтөлбөрийг удахгүй Засгийн газраар батлуулна.

-Сургуулийн багш, ажилчдыг дархлаажуулалтад хэр хамруулж байна вэ?

-Улсын хэмжээнд 56 мянга орчим сурган хүмүүжүүлэгч багш байгаа. Өнөөдрийн байдлаар вакцинд хамрагдах ёстой багш нараас 70 орчим хувь нь эхний ээжлийн вакцины тунгаа хийлгэсэн байна. Хоёр дахь тунг хийлгэх ажлыг эхлүүлсэн байгаа. Ямар ч байсан хөл хорио дуусахаас өмнө бүх багш нараа 100 вакцинд хамруулах арга хэмжээ авна. Тэгээд хичээл сургалтыг нь танхимаар эхлүүлнэ. Багш нарын ажлын ачаалал хөл хорионы улмаас 40 хувь нэмэгдсэн байна. 

-Зургаан настнуудын элсэлтийг энэ жил ямар журмаар явуулах вэ?

-Энэ жил нэгдүгээр ангийн хүүхдүүдийн элсэлтийг намар наймдугаар сарын эхээр авахаар төлөвлөж байна. Эцэг эхчүүдийн хувьд хүүхдүүдээ сургуульд хамрагдуулж чадахгүй байх вий, сургуулгүй үлдэх вий гэж айх шаардлагагүй, хангалттай байгаа.

 

Ковидын тухай хууль гэж гаргасан. Үүнийг хэрэгжүүлэх нь Боловсрол шинжлэх ухааны яам. Үүний хүрээнд сургалтын төлбөрийн хугацаагаа хойшлуулах болон урьдчилж төлсөн дотуур байрны төлбөрийг дараа жилийн сургалтын төлбөрт суутгах зэрэг арга хэмжээнүүд авч байгаа. Улсын хэмжээнд байгаа 88 их, дээд сургуулиуд их бага хэмжээгээр сургалтын төлбөрөө багасгах, хойшлуулах арга хэмжээ авсан. Төлбөртэй ЕБС улсын хэмжээнд 160 орчим бий. Үүний 120 орчим нь Улаанбаатарт байгаа. Энэ сургуулиудад улсаас хувьсах зардал өгдөг. Ингэхдээ 10 саяас дээш төлбөртэй сургуулиудад хувьсах зардал өгөхгүй гэсэн нөхцөл тавьсан. Үүнээс 1 тэрбум төгрөг хэмнэгдсэн. Энэхүү хэмнэгдсэн зардлаар гэрээсээ хичээллэх боломжгүй, хоцрогдолтой байгаа 170 мянга орчим хүүхдэд зарцуулахаар болсон. Нөгөө талдаа 10 саяас доошоо төлбөртэй сургуулиудад хувьсах зардлыг нь өгөхдөө бид нар ямар нөхцөл тавьсан бэ гэхээр сурагчдаас авсан урьдчилсан төлбөр байх юм бол дараагийнхаа хичээлийн улирал руу шилжүүл гэсэн.
Ярилцлага

Сэтгэгдэл (21)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.