| | USD/MNT 0₮

С.Одонтуяа:Нэг ээжийг нимгэн хувцастай гаргасны төлөө Засгийн газар огцорсон, өнөөдөр халдвараар 56 хүн нас барлаа юу бодож байна

УИХ-ын чуулганы хуралдаан эхэлсэн байна. Чуулганы хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны хоёрдугаар дүгнэлт; .Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/; Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/; Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/; Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/, Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төсөл Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэнэ. 

Мөн коронавируст халдварын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Коронавирусийн нөхцөл байдал хүндэрч байна. Өнөөдрийн байдлаар нийт 25 гаруй мянган хүн өвчилж, 56 хүн нас баржээ. Энэ ноцтой байдал үүссэнтэй холбоотойгоор горимын санал хэлж байна. Өнөөдөр УИХ ард түмний төлөө байх ёстой. Гэвч амьдрал ахуйг нь үл мэдрээд ач холбогдол багатай хуулийн төсөл хэлэлцээд суугаад байж болохгүй. Өнөөдөр ард түмэн бид нарын шийдвэрийг хүлээж байна. Өнөөдрийн чуулганы хуралдаанд байгаа Зохиогчийн эрх, барааны тэмдэг патентыг хэлэлцэхийг дэмжиж байгаа ч ард иргэдийн амь нас эрүүл мэнд туйлын чухал нэгдүгээр тавих асуудал учраас 14 цагаас цар тахалтай холбоотой мэдээллийг нээлттэй, шаардлагатай гэвэл хаалттай хэлэлцэх нь зүйтэй. Ерөнхий сайд, УОК оролцох ёстой.

Цаашдаа бид энэ цар тахлыг барьж чадах юмуу үгүй юмуу, хүндрэл нь юундаа байгаа юм. Үүнийг ярилцах ёстой. Коронавирусийн эсрэг Түр хороо байгуулсан тэр хороог ажлаа хийх ёстой гэж харж ойлгож болохгүй. Гэвч энэ хороо чинь гуравдугаар сарын 31-нээс хойш нэг ч удаа хуралдаагүй байна. Нөхцөл байдал хүнд байна. Вакцинжуулалтаараа дэлхийд тэргүүлнэ гэж сүртэй уриа лоозон хэлээд өнөөдөр хүнд байдалд орсон байна. 

Хорих ангиуд дээр хүний эрх зөрчигдөж байна. Хүүхэд халдварт өртсөн тохиолдол 5000 гарлаа, амь нас нь дээсэн дөрөөн дээр байна. Тэр Замын-Үүдэд байгаа автомашинуудын авлига хээл хахууль гаарч байна. Туйлын хүнд байна. Улс орон хүнд нөхцөлд байхад УИХ нь юу ч болоогүй юм шиг сууж болохгүй ээ. 

Өмнөх Засгийн газар нэг ээжийг нимгэн хувцастай эмнэлгээс гаргасных нь төлөө огцорсон биздээ. Гэтэл өнөөдөр 56 хүн халдвараар нас барсан байхад чимээгүй сууж байна. УИХ дүлий дүмбэ оргиод Патентын хууль хэлэлцээд сууж байх юмуу. Ингэж байж болохгүй. Ард түмний төлөө та нар ажиллах ёстой. Тийм учраас би горимын санал гаргаж Цартахалтай холбоотой цаг үеийн асуудлыг хэлэлцэх асуудалд нэмж оруулахыг хүсч байна" гэлээ. 

Өмнөх Засгийн газар нэг ээжийг нимгэн хувцастай эмнэлгээс гаргасных нь төлөө огцорсон биздээ. Гэтэл өнөөдөр 56 хүн халдвараар нас барсан байхад чимээгүй сууж байна. УИХ дүлий дүмбэ оргиод Патентын хууль хэлэлцээд сууж байх юмуу. Ингэж байж болохгүй. Ард түмний төлөө та нар ажиллах ёстой. Тийм учраас би горимын санал гаргаж Цартахалтай холбоотой цаг үеийн асуудлыг хэлэлцэх асуудалд нэмж оруулахыг хүсч байна.
Улс төр

Сэтгэгдэл (32)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.