| | USD/MNT 0₮

Б.Пүрэвдоржийн унаж явсан машиныг АСЕМ-ийн үеэр Монголд оруулж ирсэн байжээ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж согтуудаа тээврийн хэрэгсэл жолоодож энэ сарын 18-ны 22.55 цагийн үед Хан-Уул дүүргийн II хорооны нутагт осол гаргаж, машин нь шатсан билээ. Түүгээр ч зогсохгүй маш хурдтай “нисэж” буй бичлэг нь олон нийтийн сүлжээгээр цацагдсан.

Түүний унаж яваад осолдож, шатсан автомашин нь Б.Пүрэвдоржийнх биш гэдгийг шалгалтын явцад тогтоожээ. Улаанбаатарт 2016 оны долдугаар сарын 15-16-нд болсон Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт буюу АСЕМ-д зориулан олон худалдан авах ажиллагаа хийж, гадаад, дотоодоос эд зүйл авсан байдаг. Энэ уулзалтад зориулан “Моннис” компанийнхан “Nissan teana” маркийн 2016 онд үйлдвэрлэсэн автомашинууд импортолсон бөгөөд түүний дараачаас иргэд, аж ахуйн нэгжүүдэд лизингээр худалдсан аж. “Моннис” компанийн нэр дээр бүртгэлтэй дээрх загварын автомашинуудын нэгийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж унаж яваад уг ослыг гаргасан байна.

Өдгөө түүнд Зөрчлийн тухай хуулийн 14.7-3.1 дэх хэсгийн “Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон”, 14.7-51-ийн “Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэх зэрэг үндэслэлээр зөрчлийн хэрэг нээн Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн тасагт шалгаж байгаа юм. Түүний согтолтын зэргийг “Драйгер” багажаар шалгахад 1.31 хувьтай байжээ. Гэвч цагдаагийн мөрдөгчид хууль, журамд заасны дагуу түүний цуснаас сорьц авч согтуурлын зэргийг тогтоолгохоор ШШҮХ рүү илгээсэн бөгөөд үүнтэй зэрэгцээд “Моннис”, Хан-Уул дүүргийн Тохижилт үйлчилгээний төв, иргэн Д.Э-гийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг тогтоолгохоор шинжээч томилсон гэнэ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж энэ сарын 18-ны 22.55 цагт “Nissan teana” загварын 63-78 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож яваад АПУ компанийн хойд талд иргэн Д.Э-ын эзэмшлийн “Тоёота Приус-20” загварын автомашиныг мөргөсөн. Улмаар цаашаа явж явган болон автозамыг тусгаарласан гурван хайс мөргөөд машин нь шатсан билээ. Тэрбээр тухайн үед замын цагдаа нар шалгахаар зогсох дохио өгөх үед үл тоон цаашаа давхиснаас ийнхүү осолдсон гэдгийг эх сурвалжууд хэлж буй. Түүний унаж явсан автомашиных нь хөдөлгүүрийн хэсэгт гарсан галыг Хан-Уул дүүрэг дэх Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид унтраасан бөгөөд УИХ-ын гишүү­нийг шатаж буй машинаас нь цагдаагийн алба хаагчид гарган Яаралтай тусламжийн төвийнхөнд хүлээлгэн өгсөн. Улмаар ГССҮТ-д 103-ын эмч нар хүргэж, үзлэг хийхэд хамар, завьж хэсэгтээ шалбарснаас өөр гэмтэл, шархгүй байсан гэдэг.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж согтуудаа тээврийн хэрэгсэл жолоодож энэ сарын 18-ны 22.55 цагийн үед Хан-Уул дүүргийн II хорооны нутагт осол гаргаж, машин нь шатсан билээ. Түүгээр ч зогсохгүй маш хурдтай “нисэж” буй бичлэг нь олон нийтийн сүлжээгээр цацагдсан.
Нийгэм

Сэтгэгдэл (15)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.