| | USD/MNT 0₮

Тархвар судлаач Т.Энхбаатар:Улстөрчдийн эхлүүлсэн эрх ашгийн балгаар өнөөдөр цартахал хяналтаас гарчихаад байна

ХӨСҮТ-ийн шинжилгээ авдаг эмч, ажилтнууд шинжилгээний бичиг зардаг, сольдог байсан гэх ноцтой асуудал нийгэмд нэлээд шуугиан тариад байгаа. Тэгвэл энэ асуудлыг тагнуул болон хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна.

Харин ХӨСҮТ-ийн үйлдвэрчний эвлэлийн хороо болон Эрүүл мэндийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооноос өчигдөр мэдээлэл хийж “Энэ хүнд цаг үед ажиллаж байгаа эмч ажилтнуудын нэр хүндийг зориудаар сэвтээж гүтгэж байна. Тэдэнд ажиллах урам зориг хүч тэнхээ хайрлах ёстой байтал улстөрийн зорилготой худал ташаа мэдээлэл тарааж, сэтгэлзүйд нөлөөлж байна. Эрүүл мэндийн салбарынхны нэр хүнд сэвтэх учиргүй” гэсэн мэдээллийг хийсэн юм.

Тэгвэл тархвар судлаач Т.Энхбаатар энэ үүсээд байгаа асуудалд тайлбар хийлээ.

-ХӨСҮТ-ийн эмч ажилтнуудтай холбоотой таагүй мэдээлэл нийгэмд их цацагдлаа. Уг нь цар тахалтай тэмцэж байгаа хүмүүс коронавирусийн халдварыг санаатай тараасан мэт болоод явчихлаа?

-Арай дэндлээ. Энэ мэдээлэл худлаа гэдгийг хариуцлагатай хэлье. Хоёр жил гаруй хугацаанд нойр хоолоо хагаслан байж цар тахалтай тэмцэж байгаа эрүүл мэндийн салбарынхныг тэр тусмаа тэргүүн фронтод "дайтаж" буй ХӨСҮТ-ийн эмч эмнэлгийн мэргэжилтнүүдээр оролдохоо яаралтай зогсооно уу эрх баригчидаа. Та нарын тарьсан балгийг яагаад тэд үүрэх ёстой гэж.

-Яагаад худал гэж?

-Яагаад худал гэж үү.  Бүр 50 мянган хүний шинжилгээний хариуг өөрчилсөн байна. Тэгээд ковид хяналтаас гарлаа гэсэн олон нийтийн сүлжээгээр ярьсан. Та бүхэнд юу бодогдож байна вэ. Магадгүй тагнуулынхан очиж шалгаж тогтоосон гэсэн болохоор бүр итгэл үнэмшилтэй сонсогдоо биз. Үгүй юмаа, энэ шиг том гүтгэлэг гэж байхгүй.

-Нэр бүхий эмч нар Гэрэгэ системийн ажилтантай хуйвалдаж шинжилгээний хариу гаргадаг байсан гэх?

-ХӨСҮТ-ийн нэр бүхий эмч лаборант нар "Гэрэгэ" системийн ажилтантай хуйвалдаж шинжилгээний хариу гаргасан байна гэсэн үү. Бар код уншдаг төхөөрөмжийг РОС машин гэдэг. Сорьц ирээд эхлээд энэ төхөөрөмжинд бар кодыг нь уншуулангуут автоматаар "ГЭРЭГЭ" системд ордог.

Сорьц нь PCR машинаар уншигдаж оронгуутаа хариу нь кодоороо уншигдаж дээрх системд орсноор шинжилгээний хариу шууд таны гар утсанд очно.

Бас лабораторит хийсэн бүх шинжилгээ цаасан дээр протокол үйлдэгдэж гарын үсгээр баталгаажсан байгаа. Түүнийг “Гэрэгэ” системийн мэдээлэлтэй тулгаж болно. Өөрчлөх ямар ч боломжгүй. Нэг их тагнуул ажиллаад илрүүлж сүржигнээд байх юм бол байхгүй. Тэгж эерэг хариуг сөрөг гаргаад байх ямар ч боломжгүй. Тэгээд ч тэр хуурамч шинжилгээний хариу авсан гээд байгаа 50 мянган хүний нэр усыг зарлаач. Юун 60-80 мянган төгрөгөөр зарах вэ.

-Хэрвээ үнэхээр шинжилгээний хариу хуурамчаар гаргаж гэмт хэрэг үйлдсэн бол яах уу?

-Хэрэв үнэхээр тийм гэмт хэрэг үйлдсэн бол тэр нэр бүхий 3 ажилтныг аль хэдийн баривчлаад байцаагаад лайв хийгээд яаж сүржигнэж байгаа биз дээ. Энэ хүмүүс одоогоор нэг удаа ч байцаагдаагүй. Ажлаа хэвийн хийгээд явж байгаа. Итгэхгүй бол шударга газар дээр нь шинжилгээний хариу хэрхэн боловсрогдон таны утсанд ирдэг болохыг сэтгүүлчид та бүхэн лайв хийж ард түмэнд үнэн мөнийг таниулаад өгөөч.

-Энэ асуудалд вирус судлаач Б.Дармаа докторын нэр ч орсон явж байна билээ?

-Монголын номер нэг вирус судлаач Б.Дармаа докторыг хүртэл гүтгэлэг хийсэн бичлэгтээ оруулсан байна билээ. ДЭМБ-ын АНУ, Япон дахь лавлагаа төвүүдэд шинэ ба дахин сэргэж буй халдварт өвчнүүдийн оношлогоо шинжилгээн дээр ажиллаж байсан дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн вирус судлаач эмчийг хүртэл гүтгээд яах нь вэ дээ.

Тэр хүн өргөсөн тангарагтаа үнэнчээр хоёр жил цар тахлын эсрэг баг хамт олноо хошуучлан дайтаж байгаа энэ цагийн баатар эмэгтэй. Яагаад энэ хүмүүсээ хамгаалж эрүүл мэндийн сайд ганхийж ганц удаа дуугарахгүй байгаа юм бэ.  ХӨСҮТ-ийн захирал бас яагаад өмнөх эмэгтэй захирал шигээ үгээ хэлж ажилтнуудаа өмгөөлж болохгүй байгаа юм бэ. Халагдахаас айж байна уу.

-ХӨСҮТ-ийн тархвар судлаач болон эмч нар хөл хориог эрт тогтоох шаардлагатай байсан. Гэвч эрх баригчид болон дарга нар огт хүлээж аваагүй байдлаас болж өнөөдөр халдварын тархалт ийм хэмжээнд хүрсэн гэж ярьсан?

-Коронавирусийн халдвар иймд хүрэхийг ХӨСҮТ, ЭМЯ болон эрдэмтэд анхааруулсаар байтал тоолгүй энэ цаг хугацаанд ирсэн бөгөөд хөл хорио тогтоосон ч эрдэмтдийн хэлсэн хугацаанаас дор хаяж 7 хоног хойшлуулж байж тогтоох жишээтэй. Халдвар бол яг л түймэр. Нэг газар авбал минут секунд тутам улам хурдтай тардаг. Улстөрчид үүнийг ойлгохгүй. Бүх зүйлийг өөрсдийн тааллаар эрх ашигтаа нийцүүлснээр ирсний үр дүнд өнөөдөр цартахал хяналтаас гарчихаад байна.

-Халдварын тархалт улстөртэй ямар хамаатай билээ?

-Эрх баригчдын хувьд тахал хяналтаас гарах нь чухал бус Ерөнхийлөгчийн сонгууль л чухал учир рейтингээ алдахгүйн тулд хэн нэгнийг золиослох хэрэгтэй болсон. "Муу л юм болбол захын хар овоохой" гэгчээр ХӨСҮТ дахин өртөж эхэллээ. Энэ гүтгэлгийг анх шадар сайд С.Амарсайхан лайв хийж эхэлсэн. Үүнтэй нь эвлэрэхгүй тэмцэж эхэлсэн тус байгууллагын захирал Д.Наранзул докторыг халж оронд нь Л.Баттөрийг томилж, дураараа дургиж байна.

Одоо тэгээд номхон морийг ноолоход амархан гэгчээр ХӨСҮТ-ийн захирал, ЭМ-ийн сайд хоёрыг Шадар сайд С.Амарсайхан базаастай, Шадар сайдыг У.Хүрэлсүх базаастай. У.Хүрэлсүхийг нь Сү.Батболд базсан байна. Энэ бүхний ард нөгөө л бүлэглэлийн эрх ашиг ард түмний эрх ашгаас өндөрт байж дуртайгаа хэлмэгдүүлж хэмлэж байна.

Магадгүй бид нэгнээ чононд багалзуурдуулан үхэтхийн унахыг тэнэгтэн харж байгаад дараа нь өөрсдөө бариулах хонин сүрэг шиг л болчихсон байна шүү дээ. Сошиалаар зохион байгуулалттай сэвж өөрсдийг нь өөрсдөөр нь балбуулж байна. Өнөөдөр эрүүл мэндийн салбарынхан цартахалтай яг л торгуулийн суман шиг тулалдаж байна. Тэд ялсан ч үхнэ ялагдсан ч үхнэ гэдэг шиг.

Маргааш тэд манай салбарынхныг зажлахыг нь зажилж залгихыг нь залгиж дуусаад өөрсдийнхөө эрх ашгийн төлөө таныг та нарыг хэлмэгдүүлэхдээ огтхон ч ичихгүй байх шүү.

Коронавирусийн халдвар иймд хүрэхийг ХӨСҮТ, ЭМЯ болон эрдэмтэд анхааруулсаар байтал тоолгүй энэ цаг хугацаанд ирсэн бөгөөд хөл хорио тогтоосон ч эрдэмтдийн хэлсэн хугацаанаас дор хаяж 7 хоног хойшлуулж байж тогтоох жишээтэй. Халдвар бол яг л түймэр. Нэг газар авбал минут секунд тутам улам хурдтай тардаг. Улстөрчид үүнийг ойлгохгүй. Бүх зүйлийг өөрсдийн тааллаар эрх ашигтаа нийцүүлснээр ирсний үр дүнд өнөөдөр цартахал хяналтаас гарчихаад байна.
Ярилцлага

Сэтгэгдэл (20)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.