| | USD/MNT 0₮

Орон нутгаас ирж ХӨСҮТ-д дайчлагдсан эмч ажилтнууд нутаг буцжээ

Нийслэлд коронавирусийн халдвар эрчимтэй нэмэгдсэн энэ цаг үед ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны багийг өргөжүүлэх зорилгоор 16 аймгаас нийт 80 хүний бүрэлдэхүүнтэй эмч, ажилтнууд орон нутгаас ирж, бүтэн нэг сар ажиллаад өчигдөр нутаг буцжээ. Учир нь орон нутгуудад халдвар нэмэгдэж байгаа тул дээрх эмч нарыг нутаг буцаасан байна.

Өчигдөр ХӨСҮТ-ийн удирдлагууд орон нутгийн эмч нарыг хүлээн авч, ажилд нь амжилт хүсчээ. Сэлэнгэ аймгийн Халдвартын эмч Мөнхцэцэг "Бид нар гуравдугаар сарын 20-нд ирсэн. Эх орныхоо дуудлагаар энэ хүнд цаг үед бид нар ирж ажиллалаа. 

Хоёрдугаарт ХӨСҮТ-өөс бид нар маш их зүйлийг сурлаа. Аймгууд халдварын үед хэрхэн яаж ажиллах талаар туршлага хуримтлууллаа" гэв.

Дорнод аймгаас ирсэн эмч П.Оюумаа "Бүтэн сарын хугацаанд ХӨСҮТ-ийн хамт олонтой хамтарч ажиллалаа. Бид ковидыг бид нар дарна гэж бодож ирсэн. Гэвч нөхцөл байдал өөр халдварын тархалт хурдацтай гарч эхэлсэн. ХӨСҮТ бол гүйцэтгэгч биш, тодорхой хэмжээгээр өөрчлөлт хиймээр байна. Мэргэжил аргазүйгээр хангах,анхан шатны нэгжүүдийг тодорхой хэмжээгээр үйл ажиллагаанд оруулах хэрэгтэй байна. Дээрээс нь хүн хүч, хөрөнгө мөнгө шаардлагатай. Мэргэжлийн хүний үүднээс харахад хөл хориог үргэлжлүүлэх нь зөв гэж хэлье" гэлээ. 

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр "Хүнд хэцүү, завгүй цаг үед та бүхэнтэйгээ уулзаж байна. Та бүхэн маань энэ цагийн баатрууд юм шүү. Удахгүй бид хамтдаа энэ цаг үеийг эрсдэл багатай даван туулаад энх цагт уужуу тайван дахин уулзана гэдэгт итгэлтэй байна. Эндээ сурсан мэдсэн зүйлээ аймаг орон нутагтаа хэрэгжүүлж, бусдадаа түгээн өөрсдөө эрүүл энх байж, аюулт өвчнийг даван туулахыг ерөөе. Өргөсөн тангарагтай үнэнч байж, хүнд цаг үед хүч нэмэгдүүлэн ажилласан та бүхэндээ баярлалаа" гэв.

Орон нутгаас ирж ХӨСҮТ-д дайчлагдсан эмч ажилтнууд нутаг буцжээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.