| | USD/MNT 0₮

ХӨСҮТ-ийн эмч Энхцэцэг:Би хавьтал болон голомтын PCR шинжилгээг авдаг болохоос хариу гаргадаг эрх бүхий хүн бишээ

Монголын үйлдвэрчний эвлэлийн эрүүл мэндийн ажилчдын үйлдвэрчний хороо болон ХӨСҮТ-ийн үйлдвэрчний эвлэлийн хорооноос энэ цаг үед үүсээд байгаа буруу ташаа мэдээлэлд тайлбар өглөө.

Салбар хорооны дэд дарга Нарантуяа "Эрүүл мэндийн салбарынхны нэр хүнд сэвтэх ёсгүй. Өдрөөс өдөрт өвчлөл нэмэгдэж, маш хүнд нөхцөлд ажиллаж байгааг та бүхэн мэднэ. Нас баралт нэмэгдэж байгаа энэ цаг үед Эрүүл мэндийн салбарынхан тэргүүн фронтод хүчин зүтгэж байна. Гэвч сошиал орчинд элдэв гүтгэлэг мэдээлэл тарааж байгаад харамслаа.

МҮЭХ-ны Эрүүл мэндийн ажилчдын үйлдвэрчний хорооны дарга Ариунаа "Монгол Улсын хэмжээнд цар тахал ихэсч, хүн амины амь нас алдагдаж байгаа энэ цаг үед эрүүл мэндийн салбарт мөрөөрөө ажиллаж байгаа ажилчдын нэр хүндийг сэвтээх зохисгүй үйлдэл гаргаж байна. Манай холбоо мянга мянга ажилчдынхаа эрх ашгийг хамгаалах болно. Цар тахлын үед ард иргэдийнхээ сэтгэл санааг үймүүлж, дархлааг унагасан мэдээллийг сэтгүүлч та нар бодитоор хүргэх ёстой. Хуулийн байгууллага шалгаж тогтоох байх. Салбарын гишүүдийн ажилчдын эрх ашгийг сэтгэл санаагаа умартан амралтгүй ажиллаж байгаа хүмүүсийн сэтгэлзүйг битгий унагаачээ" гэлээ. 

ХӨСҮТ-ийн үйлдвэрний эвлэлийн хорооны дарга Баатарчулуун "ХӨСҮТ дээр тагнуул болон хуулийн байгууллагаас шалгалт орсон нь үнэн. Хачирхалтай нь энэ шалгалт орсны дараа хоёр хоногийн дараа нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ХӨСҮТ-ийн ажилтнууд Монгол Улсыг цар тахалд живүүлсэн үү гэсэн хүнд гарчигтай нийтлэл нэвтрүүлэг гарсан. Тодорхой зохион байгуулалттай жүжиглэлтэй зохиол байсан. Голомтод ажиллаж байгаа ажилчдыг илт буруутгасан нь сэтгэл санааны хувьд ч хүнд цохилт болсон. Бодит байдлаас илт гуйвуулсан нэвтрүүлэг. Тэнд ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилтнууд сэтгэл санааны хүнд дарамтад байна.

Нэр дурдагдсан ажилчид эмч нартайгаа уулзаж саналыг сонссон. Тэд маань хүч тэнхэлгүй, урамгүй боллоо. Нойргүй хонож байна. Бид хийсэн ажлынхаа төлөө яагаад буруутгагдаж байгаа юм бэ гэж уйлаад надад ярьсан. Тэд ирэх байсан ч ажлынхаа ачааллаас болоод ирж чадаагүй юм. Сошиалд батлагдаж нотлогдсон мэтээр мэдээлэл гарч байгаад үнэхээр харамсалтай. ХӨСҮТ рүү зохион байгуулалтайгаар дайрч байна. Энэхүү хэргийг шалгаж байгаа. Бид бүхэнд урам зориг хэрэгтэй" гэлээ.

Шинжилгээний бичиг сольсон гэх эмч Энхцэцэг "Би ХӨСҮТ-д 16 дахь жилдээ ажиллаж байна. Сошиал орчинд явагдаад байгаа асуудалд тайлбар өгье. Би ковидын шинжилгээнд яваад жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Хавьтлын болон голомтын шинжилгээг өгч сорьцыг нь хүргэж өгдөг. Цаашаагаа писиар шинжилгээний хариу гарахад 8-10 цаг болдог. Лабораторийн эмч нар хариугаа тэнд гаргаж дүгнэдэг болохоос би шинжилгээ аваад хариуг нь шууд гаргадаг эрх бүхий хүн бишээ. ХӨСҮТ-ийн 850 гаруй ажилтныг янз бүрээр хэлж байгаад үнэхээр харамсч байна" гэв. 

 

Энэ хүнд цаг үед эмнэлгийн салбарынхны нэр хүнд сэвтэх ёсгүй гэв.
Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.