| | USD/MNT 0₮

Х.Лхагвасүрэн:Гар утас ашиглалгүй найман жил болж, тамхи таталгүй жил зургаан сар боллоо

“Нарыг хайрла”, “Үзэсгэлэнт минь”, “Толин хул” зэрэг олон дуугаараа ард түмний дунд болон фенүүдийнхээ дунд амьд домог хэмээн алдаршсан “Харанга”-аар овоглосон, Гавьяат жүжигчин Хатанбаатарын Лхагвасүрэн хатуу хөл хорионы энэ өдрүүдэд “Карантин 14” телевизийн шоунд оролцож ая дуугаа өргөв. Тэрнээс гадна, хүмүүст инээд, ухаарал сургамж хайрлах сонирхолтой сэдвээр ярилцлага өрнүүлсэн юм. Ингээд Монголын рок попын түүхийг бичилцсэн түүнтэй хөтлөгчид ярилцсан ярилцлагыг буулгалаа.

-Сайн байна уу та, хөл хорио сайн сахиж байна уу?

-Сайн сайн байцгаана уу, хөл хориог маш сайн сахиж байгаа шүү. Хууль дүрмээ биелүүлж гэртээ байхаас өөр юу хийх билээ.

-Та тоглолтын тайзан дээр “Дахиж хэзээ ч тамхи татахгүй. Тамхиа хаялаа, тамхи баяртай” гээд хугалж хаяж байсан санагдана. Тамхинаас бүр гарсан уу?

-Тамхинаас гараад жил зургаан жил болжээ. Ганц ч сороогүй. 40 жил тамхи татсан. Тэгээд тамхинаас гараад яг жил зургаан сар болжээ. Би бяцхан охиныхоо өмнөөс ийм шийдвэр гаргасандаа баяртай байгаа шүү. Манай нэг эмч найз надад хэлж байсан юм “Чиний тамхи татах яах вэ. Хамгийн гол нь тэр үнэр, үнсний сав хүрээд ирдэг байхгүй юу” гэж хэлж байсан.  Тамхичин хүнээс шууд үнсний сав үнэртдэг байх нь. Яг үнэн юм билээ. Жил зургаан сар болоод ойлгож байна. Ёстой онцгүй үнэртэй байсан юм билээ шүү.

-Найз эмч тань ингэж хэлэхэд тамхинаас гаръя гэж бодсон уу?

-Ер нь бол охинтой болоод их бодсон. Тэр жаахан бяцхан охин юу үнэртэж байгаа бол гэж бодохоос аймар. Бид нар саунд ороод гарахад л хувцаснаас ямар үнэр үнэртэх билээ. Харих замдаа “Одоо гэрт орохоор үнэрлэнэ дээ” гэж бодсон. Дээрээс нь олон жил тамхи татахаар цэр гардаг юм билээ. Би их муухай, хүнээс сэжиглэхгүй мөртлөө өөрөөсөө сэжиглэдэг. Цэр гараад эхлэнгүүт “За энэ ч биш боллоо шүү” гэж бодсон. Гуравдахь шалтгаан нь Цэдэнбал дарга. Дарга шөнө өрөөндөө сууж байна гэнэ. Юмаа бичээд тамхиа татаад сууж байтал Гагарин сансарт нисч байна гэнэ. Тэгээд ганцаараа “ Гагарин тэнгэрт нисч байхад би энд юугаа хийж тамхи татаж байгаа юм бэ” гээд тамхи дарж унтрааж байсан гэдэг. Тэгээд би яаж энэ чигээрээ явбал “Харанга” хамтлагийн 40 жилийн ойг хийж чадах юм бэ. 30 жилийнх нь ой дээр тамхиа хаясан нь зөв гэж боддог.

-Таны хувьд урлагтай амьдралаа холбоод хэдэн жил болж байна вэ?

-Би хоёрдугаар ангид байхдаа Шинэ жилээр “Тайван намрын өнгө нь халиун” гээд дуулж оролцож байлаа. Мөн орос дуу дуулдаг байсан болохоор Орос хэлний багш надаас юу ч асуулгүй онц гэсэн дүн тавьчихдаг байсан. Тэгээд тавдугаар ангиас “Жавхаа” хамтлагийнхаан бөмбөрчин болсон. Дараа нь наймдугаар ангиа төгсөөд цэргийн ангийн бөмбөрчин болоод явчихсан. Цэргийн ангид нарийн бүрээ үлээдэг байлаа. Ер нь бол хөгжимнөөс салаагүй.

-Таны дуунууд гараг ертөнцийн хит болж чаддаг. Монголчууд бүгд таны “Үзэсгэлэнт минь” дууг мэддэг аялдаг. Юүтүүб дээр хэдэн саяын хандалтайгаар үзсэн байна билээ. “Толин хул” ч мөн ялгаагүй олон сая үзэгчтэй. Хэдэн жил “давхиж” байгаа уран бүтээл билээ?

-Миний нэг таньдаг өвөрлөгч дүү “Ахын Толин хул давхисан. Араас нь хүн болгон морь унаад давхисан гүйцдэггүй” гэж ярьж байсан удаатай. “Толин хул” дуу 2003 оноос хойш давхиж байна даа. Ер нь бол сүүлийн 10 жил цойлж байгаа.

-Та олон нийтийн сүлжээг хэр ашиглаж байна. Утас барьдаг биз дээ?

-Би олон нийтийн сүлжээнд юу ч бичиж чадахгүй, хүнээр бичүүлнэ шүү дээ. Утас барилгүй найман жил болжээ. Найман жил гүрийчихлээ. Надтай ярих бол манай гэр бүлийн хүнтэй л ярьж холбогдоно. Утасгүй байх амар. Одоо цагт утаснаас болоод хэрэгт орж байгаа хүмүүсийг та нар харж сонсч байгаа биз дээ. Муу ах нь хэрвээ утастай байвал хэрэгт орж мэднэ шүү. Тэгснээс ингээд залбираад байж байсан нь дээр (инээв)

-Энэ цаг үед бүх зүйлд эерэг хандаж, инээдээр дархлаагаа дэмжээрэй гэж зөвлөөд байгаа. Та ч инээд бэлэглэж чадаж байна шүү?

-Ер нь тийм шүү дээ. Энэ цаг үед инээж байх хэрэгтэй юм байна. Инээгээд байвал инээдний даавар ялгарч байдаг гэнэ. Ийм даавар ялгараад байвал хүн өвчин тусдаггүй, дархлаа сайн тогтдог байх нь. Инээвэл элгэнд сайн гэж эртний үг бий. Юм л болвол хөмсгөө зангидаж болохгүй. Уур биеийг зовоож, уул морийг зовооно гэж зүйр үг байна. Уурлах ер хэрэггүй дээ. Болж өгвөл муу юмыг дарж байх хэрэгтэй. Сайн сайхан юмыг дэлгэрүүлээд байх ёстой.

-Таныг хар нүдний шил, сэгсгэр урт үс, панда алчуургүйгээр төсөөлөх арга байхгүй. Та яг ийм имижээ хэзээнээс бүрдүүлж эхэлсэн бэ?

-Зовлонгоо л ярих болж байна даа. Одоогоос олон жилийн өмнө нэг нүднийхээ болорыг сольсон юм. Нүдэнд цагаа уначихаар нээх сонин солир юм шигээ болчихдог юм билээ. Тэгээд шил зүүж эхэлсэн дээ. Энэ панда бол угаасаа байсан даа. Манай рок попынхны малгай гэж ойлгож болно. Нэг жил цагаан сараар нагац ахындаа золгохоор очсон “Миний хүү малгайгаа өмсөөд золго” гэхэд нь энэ пандагаа доош нь дарчихаад золгож билээ. Энэ чинь миний малгай байхгүй юу гэж хэлсэн.

-Та ер нь дээл өмсдөг үү?

-Өмсөнө. Өнгөрсөн жилийн Цагаан сараар Дооёогийнхоо үгэнд ороод дээл өмссөн. Гэхдээ толгой дээрээ шляпан малгай өмсч байгаа хэрнээ дээр нь алчуураа боочихож байгаа юм чинь.

-Таны ээмэг бас өвөрмөц содон харагддаг?

-Хүмүүс намайг авгай шиг юун олон ээмэг зүүдэг юм бэ гээд байдаг. Чингис хаан кинон дээр Жамух их гоё эмэгтэйлэг ээмэг зүүсэн харагддаг биздээ. Надад нэг л ээмэг байсан. Зүүн талын чихээ гурав цоолсон нь учиртай. Харанга хамтлагийн Герман руу тоглолтоор яваад тэнд гурван CD хийсэн юм. СD-гээ гаргасан хүмүүс баярлана биз дээ. “Баруунд CD хийдэг байж дээ” гэж баярлангуутаа гурван удаа цоолчихсон. Гурван цомог гаргасан учраас тэр. Ялангуяа өнгөрсөн зуунд олон цомог гаргасан бол цомгийнхоо тоогоор чихээр цоолно. Бид азтай шүү, хоёр зуунд амьдарч байгаа хүмүүс.

-Ээмгээ худалдаж авдаг уу. Сольж зүүдэг олон ээмэгтэй юу?

-Худалдаж аваагүй ээ, хүн бэлэглэсэн байдаг юм. Найз нөхдийнхөө өгсөн ээмгээр л гангарна. Олон ээмэг байхгүй. Байгаагаа ээмэгнүүдээ чихэндээ зүүсэн байна. Өөрөө худалдаж авч үзээгүй. Нэг хүүхэн надаас “Ахаа та нэг ээмгээ өгчихөөч” гээд бүр гуйгаад байхаар нь “Үгүй ээ, миний дүү, хүн өгсөн юм” гэж хэлээд өгөөгүй.

-Таны микрофонд таван өнгийн хадаг зүүлгээстэй байгаа нь ихээхэн сонирхол татдаг. Ямар учиртай эд бэ?

-Ер нь би таван өнгийн хадаг зүүе гэж бодож явсаар 15 жилийн өмнөөс зүүж эхэлсэн байдаг юм. Таван хадаг шигээ сайхан амьдрах хэрэгтэй гэж бэлгэдэж зүүсэн.

-Их гоё санагдлаа. Дуу гэдэг бол тарни ерөөл байх шүү?

-Манай яруу найрагч Ш.Дулмаа гуай “Амьдрал хайр дээр тогтоно” гэж шүлэг бичиж дуу болгосон доо. Тэгэхээр би тэр нь ерөөл дээр батжина гэж үржүүлж байгаа юм. Амьдрал хайр дээр тогтох ч ерөөлөөр батжина гэсэн үг. Та нарынхаа хайраар урт насалж, удаан жаргана. Хамгийн гол нь хамтдаа жаргана шүү.

-Хүн хүнээ хайрлах ёстой гэж ойлгодог?

-75 настай лам надад хандаж “Хүн чинь хүн шүү дээ. Үүнээс илүү юу болж чадах вэ дээ. Их эрдэм сурвал хутагт хувилгаад болж болох байх. Мань мэт хэн ч болж чадахгүй хүнээрээ л байх ёстой” гэж хэлсэн. Хүн яг яах ёстой юм бэ гэж асуухад “Хүн хүнээ л хайрлах ёстой” гэж хэлж байсан юм. Тэгээд тэр ламын хэлсэн үгийг бодож явж байгаад шинжааны нэг эмэгтэйн гитарыг барьж сууж байгаад “Нарыг хайрла” дууны аяаа олж байлаа. Үг нь орж ирэхгүй таван жил болсон юм даг. Тэгээд яаж үгийг нь бичсэн бэ гэхээр эхлээд хэнийг хайрлах юм бэ гэдэг нь орж ирэхгүй байсан. Бусад нь бол тодорхой байсан. Эхлээд хүүхдийг хайрлах ёстой юм билээ шүү. Ингээд гурван бадаг дуу хөвөрсөн дөө.

-Уран бүтээлч хүнд онгод гэж бий. Таны онгод хэзээ орж ирдэг бэ?

-Намар ордог. Уран бүтээлч бид нар нэг өрөөнд ороод дуу шуутай сууцгана даа, тэр үед онгод ирж, хөглөгддөг байх. Заримдаа шөнө буюу үүрээр онгод орох тохиодол бий шүү. Заримдаа бүр зүүдэлж байгаад дуу зохионо.

-Та үзэгч олондоо хандаж юу гэж хэлэх вэ?

-Бид улс гэж ярьдаг. Гэхдээ олон гэр бүл байж улс гэр болно шүү дээ. Гэр гэртээ байцгаа, энэ тэрүүгээр битгий тэнээд бай. Маскаа зүү, бээлийгээ өмс. Бид нарыг бурхан сургаж байна гэж ойлгож байгаа шүү. Та бүхэн минь зүгээр байгаад зүрхийг минь амраагаад өг, тайван байгаад тархийг минь амраагаад өг. Битгий хүн айлгаад бай. Битгий зүү, чулуу шидээд бай. Тэндээс дайн л гарна. Би дайнд дургүй. Хайрла, бид нэг л удаа хамт амьдарна. Бид нэг л удаа амьдарна. Бусдыгаа хайрлаж бай. Хүн бүр хариуцлагатай байж дархлаагаа дэмж. Дахин дахин төрлөө гээд та нарыгаа таних уу, эргэн эргэн төрлөө гээд ээжийгээ таних уу, танихгүй л шүү дээ. Тэгэхээр энэ удаадаа сайхан гамтай амьдаръя. Бие биенээ хайрламаар байна.

-Бид улс гэж ярьдаг. Гэхдээ олон гэр бүл байж улс гэр болно шүү дээ. Гэр гэртээ байцгаа, энэ тэрүүгээр битгий тэнээд бай. Маскаа зүү, бээлийгээ өмс. Бид нарыг бурхан сургаж байна гэж ойлгож байгаа шүү. Та бүхэн минь зүгээр байгаад зүрхийг минь амраагаад өг, тайван байгаад тархийг минь амраагаад өг. Битгий хүн айлгаад бай. Битгий зүү, чулуу шидээд бай. Тэндээс дайн л гарна. Би дайнд дургүй. Хайрла, бид нэг л удаа хамт амьдарна. Бид нэг л удаа амьдарна. Бусдыгаа хайрлаж бай. Хүн бүр хариуцлагатай байж дархлаагаа дэмж. Дахин дахин төрлөө гээд та нарыгаа таних уу, эргэн эргэн төрлөө гээд ээжийгээ таних уу, танихгүй л шүү дээ. Тэгэхээр энэ удаадаа сайхан гамтай амьдаръя. Бие биенээ хайрламаар байна.
Ярилцлага

Сэтгэгдэл (11)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.