| | USD/MNT 0₮

Г.Батболд:Том тэрэг жолоодож үзээгүй “Би чадна”-чууд Цагаанхаданд ирж машин барьж яваад осол гаргадаг

- АТҮТ-өөс тавьж байгаа шаардлагыг биелүүлсэн ААН-үүдэд С зөвшөөрөл олгодог-

Цагаанхаданд нүүрс тээвэрт явж байгаа 14 мянга гаруй жолоочид тулгарч байгаа асуудал юу байна. Амьдралаа залгуулж яваа тэдний эрх ашиг, эрүүл мэнд хаана хөндөгдөж байна. Мөн АТҮТ-өөс улирал тутамд олгодог С зөвшөөрөл болон мэргэшсэн жолоочийн үнэмлэхийг хэрхэн яаж олгодог. Үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгжүүд болон компаниуд нүүрс тээвэрт явдаг жолооч нарынхаа аюулгүй байдал болон эрх ашгийг яаж хамгаалдаг. Жолооч нарын амрах тав тухтай орчин буюу кемп байгаа эсэх мөн Цагаанхад суурьшлын бүсэд хийж гүйцэтгэх сайжруулах ёстой ямар ажил байна, АТҮТ-өөс ямар хяналт шалгалт хийдэг талаар Авто тээврийн үндэсний төвийн Хяналтын тасгийн дарга Г.Батболдтой ярилцлаа.

-Цагаанхаданд ажиллаж байгаа иргэд аж ахуйн нэгж болон жолооч нараас их гомдол санал ирдэг. Ялангуяа тээврийн жолооч нартай холбоотой гомдол ирдэг гэлээ. Энэ талаар?

-Улс хоорондын болон дотоодын нүүрс тээвэрт явдаг жолооч нар оочер дараалалд олон хонох, жолооч нар “Бидэнд унтах байр, усанд орох газар алга. Жолооч нарын эрүүл ахуйг хангасан газар алга, машин тэргээ байршуулах газар ч байхгүй” гэж гомдол санал уламжилдаг. Манай төвөөс бол хилийн боомтуудын ачаа тээвэр, дотоодын тээвэрт хяналт тавьж ажилладаг. Үүнийхээ дагуу сүүлийн 2 жилийн хугацаанд нэлээд эрчимтэй Гашуунсухайт боомт руу анхаарлаа хандуулж ажилласан. Мөн хяналт шалгалтын ажлыг удаа дараалан хийж, аж ахуйн нэгжүүд рүү, жолооч нар луу чиглэсэн үйл ажиллагаануудыг явуулж эхэлсэн. Үүний үр дүнд Цагаанхадан дахь нөхцөл байдал харьцангуй сайжирч дээрдсэн гэж бодож байгаа шүү. ААН-үүд болон компаниуд ихэвчлэн кемп савгүй байсан. Манайхаас тээврийн нэгдсэн систем гэж шинэ систем гаргасан. Бүх аж ахуйн нэгжүүд дээр бид улсын байцаагчаар шалгалт оруулдаг. Тухайлбал, өөрийн гэсэн газартай бол, жолооч нарынхаа амрах байртай бол, тээврийн хэрэгслүүдийг зогсоож засварлах талбайтай бол гэж шаардлага тавьсны дагуу нэлээд олон компани, аж ахуйн нэгжүүд өөрсдийн гэсэн байртай болсон. Энд нь бүх зүйл нь төвлөрсөн. Хувцас угаах газар, зоогийн газар, интернэт, засвар үйлчилгээ гэх мэт.

-Гэхдээ хүндрэлтэй нөхцөл байдал байдаг гэж жолооч нар яриад байна?

-Хүндрэлтэй зүйл байгаа юу гэвэл байгаа. Нуух юм байхгүй. Бид нар жолоочийн ажиллах орчныг аль сайжруулахаар хяналт тавьж ажиллаж байгаа.

-Нүүрсээ ачаад хил рүү гарахаар зам дээрээ гарсан жолооч нар кабиндаа амьдарч байна. Гэвч хилийн таталт удааширч бага байгаагаас болж жолооч нар урагшлах ч үгүй зам дээр хэд хонохоо ч мэдэхгүй байдалтай, урд талынхаа машиныг хөдлөхийг хүлээгээд сууж байдаг?

-Нүүрс ачилт буулгалтын талбайгаас гаалийн бүрдүүлэлтээ хийгээд ачаагаа ачсан машин шороо болон ачаагаа ачаад зам руу гарч байгаа. Хятадын талын татан авалтайгаар холбоотой оочер дараалал үүсдэг. Хятадын тал хэдий чинээ сайн татна төдий чинээр оочер дараалал бага байдаг. Нэгэнт ачаагаа ачаад гарсан машин шороон болон засмал зам дээр гарсан бол оочероо шахаад явахаас өөр арга байхгүй. Тэгэхээр жолооч нарын амьдрал кабиндаа өнгөрөхөөс өөр арга байхгүй. Аль болох бид бусад төрийн байгууллага болон Гашуунсухайт авто зам төрийн өмчит үйлдвэрийн газар, Өмнөговь тээвэрчдийн нэгдэл гээд холбоонд бид нар шаардлага тавиад түр зогсоолуудыг шинээр нээж  өгөөчээ гэдэг шаардлагыг тавьдаг. Одоо бол улс орны нөхцөл байдалтай холбоотойгоор Хятадын тал өдөрт цөөн тооны машин татаж авч хилээр оруулж гаргаж байгаа юм.

-Зам дагуух хог новш хаягдал их юм. Дээр нь НАБТ буюу нүүрс ачиж буулгах талбайн гадна талд 00 байхгүй нь жолооч нарт их хүндрэлтэй байдаг гэж ярьдаг?

-Зам дагуух хог бол их байгаа нь үнэн. 00-ын асуудлыг шийдвэрлэж өгөөч гэсэн асуудлыг удаа дараа тавьж байгаа. Зарим нэг тулгамдсан асуудлыг шийдвэрлээд явж байгаа.

-ААН-үүд болон компаниуд, нүүрс тээвэрт явж байгаа жолооч нарт тулгамдаж байгаа асуудлыг шат дараатайгаар шийдвэрлээд явж байгаа юм байна. Тэгвэл яг энэ Цагаанхад суурьшлын бүсэд байгаа нүүрс шороонд дарагдсан гэрүүд болон жижигхэн ТҮЦ дэлгүүрүүд, зочид буудал, зоогийн газрыг нүүлгэх боломж бий юу?

-Цагаанхад суурьшлын бүс гэж явдаг болохоор, нөгөөтэйгүүр гэр орноосоо хөл энд ажил амьдралаа залгуулах гээд ирсэн олон мянган жолооч нар байна. Тэгэхээр тэднийг дагасан эдийн засаг байгаа болохоор нүүх эсэхийг бол мэдэхгүй.

-Өнөөдрийн байдлаар Цагаанхаданд нийт хэчнээн том тэрэг тээвэрт явж байна вэ?

-14840 тээврийн хэрэгслийн 7000 гаруй нь уртын тээвэрт явж байна. Үүнээс 6600 гаруй нь нүүрс тээвэрт явж байгаа. 400 орчим нь Оюутолгой зэсийн баяжмалд явж байна.

-Та өнгөрсөн гуравдугаар сард урд шалгалтаар очсон байсан. Ямар шалгалт хийсэн бэ?

-АТҮТ-өөс жил бүр автотээвэр, улсын байцаагчийн дүгнэлтэй холбоотойгоор нэгдүгээр улиралдаа багтаасан төлөвлөгөөт шалгалт хийдэг. Үүнийхээ дагуу Ажлын хэсэг ирж шалгалт хийсэн. Жилд нэг удаа улсын байцаагчийн дүгнэлт гаргадаг. Өөрөөр хэлбэл, энд явж байгаа нүүрс тээврийн машинуудыг тээвэрлэлтэд явж болох уу, болохгүй юу гэсэн байцаагчийн дүгнэлт гаргадаг. Өнгөрсөн жил ковид илэрсэн гээд хойшилсон байсан. Зарим нэг тээврийн хэрэгсэл осол аваар гаргасан. Бөөгнөрөл үүсээд байна гэсэн мэдээлэл байгаа болохоор тээврийн хэрэгслээ үзэхээр, ААН дээр бүртгэлтэй байгаа жолооч нарынхаа бүртгэл судалгааг гаргасан.

-Жолооч нар осол аваар гаргах шалтгаан нөхцөл юу байна вэ?

-Машины хүчин чадлаасаа болоод тээвэрлэлтийн даац хүчин чадал янз бүр байна. Манай жолооч нар машинаа тавцан чиргүүлтэй, тэвш чиргүүлтэй гэж ярьдаг. Тэгэхээр 70, 90 тонн чиргүүлтэй  явж байгаа гэсэн үг. Авто угсраа нь 140 тн-той ч явж байгаа. Манайд улсад сүүлийн үед энэ авто угсраа нэлээд эрчимтэй орж ирсэн. Манайхаас тавьж байгаа шаардлагын дагуу парк шинэчлэл хий гэдэг. Зарим нь бүр шаардлага хангахгүй 10 жил явсан машин бий. Үнэхээрийн шаардлага хангахаа больсон тээврийн хэрэгслүүдийг явуулдаггүй. Тээвэрт явж байгаа компаниудын ихэнх нь бидний тавьсан шаардлагыг биелүүлж давцан чиргүүлүүдийг оруулж ирсэн.  Нүүрс ачилт буулгалт дээр ч механик ажиллагаа бага гэж ярьдаг. Нөгөөтэйгүүр “Би чадна”-чууд Цагаанхаданд ирээд том тэрэг жолоодож байгаад машинаа унагаж осол аваар гаргадаг. Том тэрэг барьж үзээгүй хэрнээ, барьж чадна гэсэн итгэл зоригтой ирээд өөрсдийгөө болон өрөөл бусдыг баллах хохироох тохиолдол байдаг.

-Шалгалтад тэнцэхгүй машиныг яах вэ?

-Улсын байцаагчийн дүгнэлт гэж гарна. Шалгалтад тэнцэхгүй шаардлага хангахгүй машинд бусад гэрээнүүд хийгдэхгүй гэсэн үг. Улсын байцаагч явж болно гэсэн дүгнэлт гаргавал тээвэрт явж болно. Явж болохгүй гэвэл актлагдана.

-Нүүрс буулгах ачих талбайг тохижуулах тал дээр энд үйл ажиллагаа явуулдаг компаниуд хэр ажилладаг юм бэ?

-Цагаанхаданд нэг үеэ бодвол том бүтээн байгуулалтууд баригдаж байгаа. Зарим компаниуд НАБТ-гаа  тохижуулж цементлэж, кемп барьсан байгааг та бүхэн харсан байх. Яг үнэнийг хэлэхэд компани нь цүнхэнд, жолооч нар кабинд л явдаг байсан.

-Хэдийн хувийн компаниуд ажил, амьдралаа залгуулж яваа ч гэлээ Монгол Улсын эдийн засгийг “үүрч” яваагийнх нь хувьд төр анхаарал хандуулах ёстой биш үү?

-Энэ бол төрийн ажил биш. Энэ ажил зах зээлийн зарчмаар явж байгаа. Монгол Улс нүүрсээ зарчихсан. Нүүрсийг амны үнээр, тээврийн үнээр, коксжуулж байгаад зарна гээд их ажиллагаатай. Энержи ресурс, орон нутгийн Тавантолгой гээд олон компани бий шүү дээ.

-Цагаанхаданд автозам засварын компани гэж бий. Жолооч нараас зам ашигласны төлбөр гэж авдаг. Гэтэл жолооч нар замын төлбөр гэж авдаг хэрнээ замаа засаж арчилдаггүй, юу ч хийдэггүй гэсэн гомдол байдаг?

-Гашуунсухайт автозам гээд төрийн өмчит үйлдвэрийн газар бий. Тавантолгой бүлэг ордоосоо авахуулаад хилийн боомт хүртэл нийтдээ 240 км зам бий. Үүн дотроо уртын болон богины гээд хоёр ангилсан. Гашуунсухайт автозам гээд төрийн өмчит үйлдвэрийн газраас замын тэмдэглэгээ, дөрвөн постын ойр орчмын зам болон пост дээрх 00-ын асуудлыг шийдвэрлээд явж байгаа гэж боддог.

-Төрийн байгууллагаас хяналт шалгалтынхан болон мөн сайд дарга нар гээд ирдэг ч бодит байдлыг харж, жолооч нарт уулздаггүй. Уулзсан нь баахан худлаа амлалт өгөөд явдаг гэсэн. Үнэн үү?

-Тийм зүйл байх боломжгүй. Хотоос ирж байгаа дарга болон шалгалтаар ирж байгаа бид нар жолооч нартай уулзаж санал бодлыг нь сонсдог шүү дээ.

-Цагаанхаданд нүүрс тээвэрт явж байгаа жолооч нарт тулгамдаж байгаа нэг асуудал С зөвшөөрөл болон мэргэшсэн жолоочийн үнэмлэх. Үүнийг дагаад авлига ч яригддаг. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Тоо баримттай ярих хэрэгтэй. Тавантолгой ордоос Гашуунсухайт-Ганц модны боомт чиглэлд нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхэлж байгаа нийт 242 аж ахуйн нэгж байна. Үүнээс 175 ААН нь өнөөдөр улс хоорондын богины тээвэрт үйл ажиллагаа явуулахаар хандсан. Нийтдээ 14 мянга гаруй тээврийн хэрэгсэл урт богины тээвэрт явж байна. Улс хоорондын байнгын ачаа тээвэртэй холбоотой С зөвшөөрөл гэж яриад байдаг. Энэ зөвшөөрлийг манайхаас улиралд нэг, жилд дөрвөн удаа олгодог. Он гарснаас хойш 6900 С зөвшгөөрөл олгосон. Тэгэхээр бид нар олгохдоо эрсдэл ангиллын үнэлгээ хийгээд, жолооч нарынхаа эрүүл аюулгүй байх, жолооч нарын нийгмийн даатгалыг төл, засварын төвтэй бол, тав тухтай байлгахын төлөө шаардлага тавиад байгаа. Улсын байцаагчийн хугацаатай албан шаардлагыг биелүүлсэн ААН байна. Нөхцөл байдал сайжирсан.

-Стандарт шаардлагаа мөрдөөгүй компаниуд ямар замаар яаж С зөвшөөрлөө авчихдаг юм бэ. Та нарын тавьсан шаардлагыг биелүүлээгүй бол тэр зөвшөөрлийг нь олгох ёсгүй биз дээ?

-Манайхаас хийж байгаа үнэлгээ их, бага, дунд гэж ангилдаг. Тухайн аж ахуйн нэгжид үнэлгээний дагуу үнэхээр эрсдэлтэй гэж дүгнүүлсэн тохиолдолд маш бага олгодог гэсэн үг. Тухайлбал, 10 тээврийн хэрэгсэлтэй компанид хоёр С зөвшөөрөл, 100 тээврийн хэрэгсэлтэй компанид бол 5-10 ч юмуу олгох. АТҮТ-өөс тавьж байгаа шаардлагыг биелүүлсэн ААН-үүд дээр түлхүү С зөвшөөрөл олгодог. Яаж олгодог талаар АТҮТ-ийн шилэн дансан дээр байршуулсан байгаа. Түүнээс авлигаар олгоно гэсэн асуудал байхгүй ээ. Дахин хэлэхэд, шаардлага хангасан ААН-үүдэд С зөвшөөрөл олгодог.

-Мэргэшсэн жолоочийн үнэмлэхийн тухайд?

-Бид нар сүүлийн 2 жилийн хугацаанд эрчимтэй шалгалт хийж байгаа. Нүүрс тээвэрлэлт урд сэргэсэнтэй холбоотойгоор хүмүүсийн бөөгнөрөл, машин нэмэгдсэн. Үүнийгээ дагаад аймаг аймгаас гээд жолооч нар ирсэн. Гэвч машиныг дуртай болгон нь унаж давхих нь ихэссэн. Жолооч нар В, С ангилалттай, ангилалгүй гэх мэт. Жолооны үнэмлэхгүй ч хүн байдаг. Мөн жолооны эрхээ хасуулсан жолооч нар ч бий. С зөвшөөрөл олгох журамд маань тээврийн хэрэгслийн жолооч мэргэшсэн жолооч байна гээд заасчихсан байгаа. Хууль нь ч батлагдсан. Улс орны ачаа тээвэрлэлт ганцхан Гашуунсухайт боомтод явдаггүй. Бусад боомтууд дээр тээвэрлэлт эрхэлж байгаа жолооч нарт мэргэшсэн жолооны үнэмлэх байгаа. Мэргэшсэн жолоочтой компанид С зөвшөөрөл олгогдоно. Мэргэшсэн жолоочийн үнэмлэх олгох шалгалтыг манайх онолын мэдлэгээр авдаг. Тэнцсэн тохиолдолд эрх олгоно. 

-Төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй шийдвэрээс болж жолооч нар их хохирдог, цаг хугацаа алддаг гэх. Жишээлбэл, гаалийн газраас нүүрсээ ачаад гарах зөвшөөрлийг нь олгочихдог. Ингээд жолооч нар нүүрсээ ачаад зам дээрээ гарахаар цагдаа нар нь элдэв шалтаг хэлээд торгоод явуулдаггүй гэлээ?

-Нүүрсээ ачлаа, гаалийн бүрдүүлэлт хийгдлээ зам руугаа гарлаа. Зам дээр шахаж явсаар зам маань дүүрээд цагдаа дээр асуудал ирж байгаа. Хятад талын татан авалтаас замын ачаалал хамаардаг. Монголын экспорт чөлөөтэй яваад байх юм бол зам дээрх ачаалал бага байна. Өнөөдөр таталт сайн байгаад НАБТ-аас ачилт хийгээд гаргачихдаг, гэвч Хятадын талаас татахаа больчихвол зам дээр түгжрэл үүснэ. Нүүрсний татан авалт Хятадын талтай шууд холбоотой.

О.Сайхан 

Манайхаас хийж байгаа үнэлгээ их, бага, дунд гэж ангилдаг. Тухайн аж ахуйн нэгжид үнэлгээний дагуу үнэхээр эрсдэлтэй гэж дүгнүүлсэн тохиолдолд маш бага олгодог гэсэн үг. Тухайлбал, 10 тээврийн хэрэгсэлтэй компанид хоёр С зөвшөөрөл, 100 тээврийн хэрэгсэлтэй компанид бол 5-10 ч юмуу олгох. АТҮТ-өөс тавьж байгаа шаардлагыг биелүүлсэн ААН-үүд дээр түлхүү С зөвшөөрөл олгодог. Яаж олгодог талаар АТҮТ-ийн шилэн дансан дээр байршуулсан байгаа. Түүнээс авлигаар олгоно гэсэн асуудал байхгүй ээ. Дахин хэлэхэд, шаардлага хангасан ААН-үүдэд С зөвшөөрөл олгодог.
Ярилцлага

Сэтгэгдэл (12)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.