| | USD/MNT 0₮

Махны үнэд монопол тогтоосон “Хүчит шонхор”-ын тусгай зөвшөөрлийг хураан, бусад захуудад ижил эрх олгоё

Нэг хүнд 20 толгой мал ногддог, малын тоо нь хүн амын тооноосоо хавьгүй илүү хэмээн бахархдаг монголчуудын махны зах зээл хэдхэн хүний атганд орж, дэлхийн зах зээлийн ханштай тэнцүү шахам үнээр махаа худалдан авдаг болсоор удлаа. Коронавирусын дэгдэлтийг хязгаарлах хөл хориотой зэрэгцэн махны үнэ улам бүр нэмэгдэж, орлогоо сойлгосон иргэдийн нуруунд үүрэхийн аргагүй дарамт үүрч ирлээ.

Ковид-19 халдвар дэлхийн эдийн засгийг өмнө байгаагүй хэмжээнд хямрааж, тодорхой хөл хорионы дэглэм барьж байгаа улс орнууд өвчнөөр далим хийн бараа, бүтээгдэхүүний үнийг хөөргөсөн компаниудынхаа тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авч байгаа. Монгол Улсын Засгийн газар ч дэлхий нийтээр мөрдөж байгаа энэ дүрэм, журмыг мөрдөн өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний зах зээл дэх нийлүүлэлт, мах, гурил, цагаан будаа, элсэн чихэр зэрэг хүнсний бүтээгдэхүүний үнийг дур зоргоороо хөөрөгдсөн аж ахуйн нэгжийг торгох, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн.

Гэвч энэ зарчмыг аж ахуйн нэгжүүд үл ойшоох нь “Монголын хууль гурав хоног” гэсэн хэлц үгийг сануулах аж. Хамгийн сүүлийн хөл хорионы өмнө кг махны үнэ 12-14 мянган төгрөгт хүрч, 68 сая малтай хэмээн бахархдаг монголчуудыг шоконд орууллаа. Хатуу хөл хорионы олон хоногуудыг хоосон өнгөрөөхгүй гэсэн иргэд үнэтэй ч байсан хамаагүй хоолны махаа худалдан авч, үнийн хөөрөгдөл явуулсан захын эзэд халаасаа зузаалаад л өнгөрөв.

Махны үнэ хөөрөгдөх ажилд нийслэлчүүдийн махны худалдааны ихэнх хувь нь эргэлдэж байдаг “Хүчит шонхор” зах голлон оролцож, ачаалал нэмэгдсэн учраас Цагдаагийн байгууллага аргаа барахдаа иргэддээ “Хүчит шонхор”-ыг зорихгүй байх зөвлөмжийг гаргаж байсан нь иргэдийн болон автомашины хэт бөөгнөрөл үүсгэж, ковидын халдвар тархах вий гэдгээс сэргийлсэн хэрэг байв.

“Хүчит шонхор” зах яагаад нийслэлийн махны үнийг хэзээнээс, хэрхэн атгадаг болсон бэ гэсэн асуулт олон жилийн турш хүмүүсийн тархинд эргэлдэж байдаг. Хүмүүс ажил, амьдралдаа түүртээд гол шалтгааныг нь анзаардаггүй ч махны үнэ нийслэлд 1000, 1000 төгрөгөөр нэмэгдэж байдаг, тэрийг нь хэн ч боль гэж хориглодоггүй нэгэн шийдвэрийг 2014 онд Э.Бат-Үүл Нийслэлийн засаг дарга байхдаа гаргаж байжээ.

Э.Бат-Үүлийн гаргасан захирамжиндаа “Хүчит шонхор” захын ажиллах цагийг үүрийн 05:00 цагт эхлүүлэх зөвшөөрөл олгосон байдаг. Энэ бол орон нутгаас нийслэлийг зорьсон бөөний махны худалдаа ганцхан энэ зах дээр төвлөрч, “Хүчит шонхор”-ын эздэд давуу эрх олгосон шийдвэр байлаа. Засаг даргын саналаар ганцхан “Хүчит шонхор” л 05:00 цагт үүдээ нээнэ. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг бусад захууд 9-11 цагт онгойх эрхтэй болсон нь орон нутгаас хотыг зорьж байгаа махны бизнесийнхэн хар үүрээр “Хүчит шонхор”-ыг зорьж, энэ зах хотынхны хэрэгцээг бусдаас түрүүлэн хамж, бусад захын махны худалдаачид, иргэн бүр “Хүчит шонхор”-ын үнийн хамаарал, халаасанд багтах шалтгааныг бэлтгээд өгсөн хэрэг.

Засаг дарга хотынхоо бүх захад биш юмаа гэхэд тодорхой хэдэн захад “Хүчит шонхор” шиг өглөө эрт үүдээ нээх зөвшөөрөл олгосон бол ковидын халдвар аюулын харанга дэгдэж байгаа энэ цаг үед нийслэлийн иргэд махны үнийн дарангуйлалд орж, монопол захын хэтэвчийг дүүргэхгүй байх байлаа.

Зуд болоход нохой зоолно, зовлон ирэхэд лам зоолно гэсэн монголчуудын хэлц үг бий. Энэ үг орчин цаг дээр бол “Өвчин зовлон нүүрлэсэн Улаанбаатарт махны худалдаачин л зоолж байна” гэсэн хэлбэрээр буух аж.

Энд хамгийн анхаарал татаж байгаа нэг зүйл бий. Ард түмэн ковидын тархалтаас өөрийгөө хамгаалах гэж хичээж байхад нийслэлийн махны үнийг базан хөөргөж байгаа захын эзэн нь Монголын Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан, гэхдээ бүр ковидтой улаан гараараа нүүр тулан, бодлого боловсруулж байсан хүн гэвэл хүмүүс итгэх болов уу. Гэхдээ энэ бол үнэн. “Хүчит шонхор” зах нь Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы төрсөн эцгийн үүсгэн байгуулсан компани бөгөөд сайд асан Т.Мөнхсайхан өнөөдөр төрсөн ахын хамт хувьцааг эзэмшдэг болох баримтыг доор нийтэлсэн байгаа.

Ковидын халдварын дэглэмийг сахин хөл хорионд орсон ард түмнээ үнийн хөөрөгдөлгүй махаар хангах юмсан гэсэн бодол Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханаас гарахгүй байгааг өнөөдөр хотынхон тэр чигээрээ харж байна. “Хүчит шонхор” зах цаашид ч үнийн хөөрөгдөл явуулсаар байх нь тодорхой. Тиймээс зах зээлийн харилцааг зохицуулахын тулд энэ захын цор ганцаараа өглөө эрт нээгддэг тусгай зөвшөөрлийг цуцлах, эс бол бусад захуудад ижил эрх олгож болохгүй юу Нийслэлийн Засаг дарга аа! Энэ бол иргэдээ бодсон хүнлэг, зах зээлээ зохцуулсан ухаалаг шийдвэр байх юм.

Нэг хүнд 20 толгой мал ногддог, малын тоо нь хүн амын тооноосоо хавьгүй илүү хэмээн бахархдаг монголчуудын махны зах зээл хэдхэн хүний атганд орж, дэлхийн зах зээлийн ханштай тэнцүү шахам үнээр махаа худалдан авдаг болсоор удлаа. Коронавирусын дэгдэлтийг хязгаарлах хөл хориотой зэрэгцэн махны үнэ улам бүр нэмэгдэж, орлогоо сойлгосон иргэдийн нуруунд үүрэхийн аргагүй дарамт үүрч ирлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (23)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.