| | USD/MNT 0₮

Г.Батбаатар:Хатуу хөл хорио тогтоох нь халдварыг зогсоох хамгийн үр дүнтэй арга ч вакцинаас өөр шийдэл байхгүй

Дэлхий нийтийг хамарсан цар тахал Монгол Улсад урилгагүй зочин болж орж  ирээд жил гаруй хугацаа өнгөрчөө. Өнөөдрийн байдлаар 17 мянга гаруй иргэн халдвар авч, харин халдвар нь хүндэрч 31 хүн нас барсан харамсалтай мэдээтэй. Тэгвэл энэхүү аюулт халдвараас бүрэн сэргийлэх найдвартай арга бол вакцинжуулалт ба хатуу хөл хорио, халдвар хамгааллын дэглэм барих юм. Вакцин болон вакцинжуулалтын талаар АШУҮИС-ийн дэд захирал, профессор, гавьяат эмч Г.Батбаатартай ярилцлаа.

-Коронавирусийг цар тахал гэж дэлхий нийтэд зарлаад жил болжээ. Цар тахал гэж яг ямар ойлголтыг хэлдэг юм бэ?

-Дэлхий нийтэд цартахал буюу коронавирус тархаад жил гаруй хугацаа өнгөрчээ. Цартахал гэхээр үүсгэгч нь тодорхойгүй олон хүн амыг хамарсан олон улс оронд зэрэг тархсан халдварыг цартахал гэж нэрлэдэг. Өнгөрсөн жилийн гуравдугаар сард  ДЭМБ-аас цартахал гээд нэрлэчихсэн. Үүнээс хойш энэ халдварыг онолох, эмчлэх мэдлэгийг дэлхийн эрдэмтэд бүтээж чадсан. Тийм ч учраас бид 100 хувь оношилж чаддаг болов. Эмчилж чадаж, түүнээс урьдчилан сэргийлэх үр дүнтэй вакциныг бүтээж чадлаа.

Өвчнийг үүсгэгчийн тухай мэдлэг хомс байх үед дэлхийн улс орнуудын гаргаж байсан удирдамж, өнөөдөр авч байгаа удирдамж тэнгэр газар шиг ялгаатай.  Тэгэхээр мэдлэг хуримтлагдахын хэрээр өвчин халдварт хандах хандлагаа өөрчлөх хэрэгтэй болсон. Одоо бол хөгжсөн улс орнуудад халдварт өвчнөөс сэргийлэх хяналтын төвөөс гаргасан удирдамж дээр энэ бол тухайн коронавирусийн халдвар илэрлээ гэдгийг писиар шинжилгээгээр оношилсноос хойш хэрвээ ноцтой клиникийн эмнэлзүйн шинж тэмдэг илрэхгүй бол 10 хоногийн дараа илэрнэ гэж яриад байгаа. Гэтэл зарим хүмүүст энэ халдвар хүндрээд байна.

-Яг ямар хүмүүст халдвар хүндэрч бүр үхэлд хүргээд байна вэ?

-Халдвар нь хүний биед хүндэрч вирусийн эсрэг үүссэн эмгэг жамын урвал буюу дархлааны урвалаас үүдэлтэйгээр амьдралын чухал гэдэг эрхтнүүдийн үйл ажиллагаа доголдоод байгаагаас биш тэр вирусээсээ болоод байгаа асуудал биш  гэдгийг мөн тогтоосон. Ер нь вирус гэлтгүй аливаа өвчний эсрэг дархлааны урвал тэнцвэртэй тогтвортой явагдах ёстой. Зарим нэг нь вирусийн нянгийг устгах талдаа нөгөө хэсэг нь тэнцвэржүүлж дарах талдаа. Өөрөөр хэлбэл нэг дархлааг нь дарангуйлах талдаа нөгөө нь дархлааг өсгөх талдаа энэ хоёр тэнцвэртэй амьдардаг. Дархлааны урвалыг зохицуулгагүйгээр хэт идэвхжсэнээс болоод судасны үрэвсэл буюу судсан дотор цус бүлэгнэлт явагдаж, амьдралын чухал эрхтнүүдийн үйл ажиллагаа дарангуйлагдснаас болж хүндрэл гараад байна гэдгийг тогтоосон. Тэгэхээр ямар хүмүүс хүндрээд байна вэ гэдэг нь ойлгомжтой. Тэгэхээр тийм хүмүүсээ хамгаалах ёстой болно.

Түүнээс эрүүл саруул хэн ч халдвар авч болно, халдварт өртөнө. Гэхдээ манайд болон олон улсад гарч байгаа халдварын 80 гаруй хувь нь хөнгөн балархай шинж тэмдэггүйгээр өвчилж байна. Тэгэхээр ийм хүмүүс халдвартай гэдгээ мэдсэн бол бусдад халдвар битгий тараагаачээ. Бусдад халдвар тараахгүй тулд гараа ариутга, маскаа зүү. Хэрвээ хөнгөн хэлбэрээр халдвар авсан бол та 10 хоногийн дараа эдгэнэ.

-Халдвар аваад эдгэрсэн хүмүүст дархлаа тогтсон байгаа юу?

-Нэгэнт халдвар аваад эдгэрээд эмнэлгээс гарсан хүмүүст байгалийн жамаараа дархлаа биед нь тогтсон байгаа.

-Байгалийн жамаараа яваад эдгэрсэн хүн, эмнэлэгт эмчлүүлсэн мөн вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн хүний алинд нь илүү дархлаа тогтсон байх вэ?

-Энэ дэлхий дээр хүн төрөлхтөн зөвхөн коронавирусээр өвчилдөг юм шиг сэтгэж яриад байна. Тийм биш шүү дээ, байгаль дэлхий дээр өвчин үүсгэдэг олон сая төрлийн нян вирус бий. Эдгээрийн эсрэг өвөрмөц санамжийн эсүүд буюу дархлааны ой тогтоолт үүсээд биед орж ирэхээр богино хугацаанд зайлуулаад устгаад яваад байгаа болохоор хүн амьд яваад байна. Ямар нэгэн халдварт өвчний дараа энэ дархлааны ой тогтоолт заавал үүсч байдаг. Урт байна уу, богино байна уу гэдгээс шалтгаалж энэ өвчнөөр дахиж өвдөх үү үгүй юу гэдэг нь шийдэгдэнэ. Тэгэхээр энэ сүргийн дархлаа тогтооно гэж хэсэг ярилаа. Энэ нь нийт хүн амынхаа 80 орчим хувьд хөнгөн халдвар аваад эдгэвэл дархлаа тогтчихно гэсэн үг. Халдвар аваад байгалийн жамаараа эдгэрчихсэн хүмүүс нэг тун вакцин хийлгэ. Дархлааны эсүүдэд үүссэн ой тогтоолт магадгүй удаан хугацаагаар байхгүй байж болно.

-Хоёр дахь тунгийн хоорон дахь зайн дээр хүмүүс болон эрдэмтэд маргаж эхэллээ?

-Мэргэжлийн хэлээр бол байгалиараа үүссэн дархлааны санамжийн эсүүд гэж нэрлээд байгаа. Дархлааны ой тогтоолт ойролцоогоор 3 сар орчим байдаг. Энэ хооронд дээрээс нь холих тун буюу хоёр дахь тунгаа хийлгэчих гэсэн санаа юм. Эхний тунгийн үед үүссэн вакцин байгалиараа өвчлөөд үүссэн дархлал хоёр бол тун төстэй.

-Өвдөөд эдгэрсэн хүмүүс “Миний биед эсрэг биет” үүсчихсэн гэж яриад байгаа. Эсрэг биетийг бас хувилна гэж юу яриад байгаа юм бол?

-Халдварын дараа юмуу вакцины дараа халдвараас сэргийлэх ёстой өвөрмөц уургууд гэж үүсдэг. Тодруулбал, таван төрлийн уураг үүснэ. Үүнийг бид нар эсрэг бие гэж нэрлээд байгаа юм. Энэ таван төрлийн аль нь хэзээ үүсч байснаас шалтгаалж халдвар авсан уу, одоо халдвартай байсан уу, эсвэл одоо эдгээд дархлаа тогтож уу гэдгийг өөр өөрөөр үнэлдэг юм.

-Вирусийн эсрэг төгс эм, эмчилгээ гэж бий юу?

-Вирусийн эсрэг маш өвөрмөцөөр үйлчилдэг эмийн бодис гэж байхгүй. Одоо бид нар антибиотикийг хэрэглээд нянг устгадаг. Яг үүнтэй адилхан бэлдмэл гараад вирусийг устгана гэсэн ойлголт байхгүй. Яагаад вэ гэвэл тэр вирус эсийн гадна сул чөлөөтэй явдаггүй, дандаа эсийн дотор нэвтрээд орчихдог. Удмын мэдээг ашиглаж өөрийгөө хэдэн зуун мянга болгоод хэдэн сая болгож нөгөө эсээ үхүүлээд гараад ирж байгаа юм. Тэгэхээр дандаа эс дотор үржил нь явагдаж байдаг эс дотроо байж байдаг молекул. Гэхдээ анагаах ухаан хөгжсөн үед үржлийг саатуулах гэсэн янз бүрийн эмүүд бий. Шууд коронавируст зориулсан эм гэж байхгүй. Өнөөдрийн тухайд дархлааны эсүүд хамгаалах чадавхид нөлөөлдөг аминдэмүүд бусад төрлийн эмийг хэрэглэж байна. Чухам ямар эм нь богино хугацаанд илүү үр дүнтэй үйлчилж байна вэ гэдгийг харж байгаад өвчтөнд хэрэглүүлж байна.

-Вакцины судалгааг мэргэжлийн багийнхан манайд хэр хийсэн бэ. Вакцины асуудлыг тойрсон талцал, шүүмжлэл нийгэмд их яваад байна?

-Манай Монгол Улс бие даасан тусгаар улс. Эрүүл мэндийн яамтай. Яамных нь харъяанд Вакцины зөвлөл гэж ажиллаж байна. Энд мэргэжлийн хүмүүс байдаг. Тэгэхээр эргэлзэх хэрэггүй юм. Тэдгээр албаныхан хамтарч хуралдаад дөрвөн төрлийн вакциныг Монголын хүн амыг дархлаажуулахад ашиглана гэж шийдвэр гаргасан. Түүнээс ДЭМБ шийдвэр гаргадаг байгууллага биш шүү дээ. Вакциныг зөвхөн бүртгэж авдаг байгууллага. Үр дүнгийг нь харж байгаад бүртгэж авдаг түүнээс хэн нэгэн шийдвэр гаргахгүй. Манай салбарын яам ч адилхан шийдвэрийг гаргаж байгаа. Мэргэжлийн хүмүүс вакциныг энэ нь сайн тэр нь муу гэж огт ярихгүй байгаа. Миний бодлоор аливаа вакциныг үйлдвэрлэхдээ маш өндөр хяналтын дор маш өндөр технологиор олон мянган хүнд эмнэлзүйн туршилтыг хийгээд эрүүл мэндэд хоргүй.

Хоёрдугаарт үүнийг тариулснаар тодорхой хэмжээний дархлал үүсгэж чадаж байна гэсэн хоёр гол үзүүлэлтийг харах ёстой. Олон улсад 70-аас дээш хувьд дархлал тогтоож байна гэсэн судалгааны үндсэн дээр авч байгаа эд шүү дээ. Нөгөөтэйгүүр хүйтэн хэлхээний журмыг ягштал баримтлах ёстой. Одоо манайд 4 төрлийн вакцин орж ирж байгаа бөгөөд тэр нь сайн энэ нь сайн гэж үнэлгээ өгөх мэргэжлийн байгууллага алга. Би бол вакцины үр дүнд битгий эргэлзээч гэж хэлье.

-Вакцин шийдэл мөн үү. Эсвэл хатуу хөл хорио тогтоох нь зөв шийдэл үү?

-Вакцинаас өөр шийдэл гэж байхгүй. Хөл хорио бол энэ халдварыг зогсоох хамгийн үр дүнтэй арга. Энэнээс өөр үр дүнтэй аргыг дэлхий нийт бодож олж чадаагүй байна.

 

Вирусийн эсрэг маш өвөрмөцөөр үйлчилдэг эмийн бодис гэж байхгүй. Одоо бид нар антибиотикийг хэрэглээд нянг устгадаг. Яг үүнтэй адилхан бэлдмэл гараад вирусийг устгана гэсэн ойлголт байхгүй. Яагаад вэ гэвэл тэр вирус эсийн гадна сул чөлөөтэй явдаггүй, дандаа эсийн дотор нэвтрээд орчихдог. Удмын мэдээг ашиглаж өөрийгөө хэдэн зуун мянга болгоод хэдэн сая болгож нөгөө эсээ үхүүлээд гараад ирж байгаа юм. Тэгэхээр дандаа эс дотор үржил нь явагдаж байдаг эс дотроо байж байдаг молекул. Гэхдээ анагаах ухаан хөгжсөн үед үржлийг саатуулах гэсэн янз бүрийн эмүүд бий. Шууд коронавируст зориулсан эм гэж байхгүй.
Ярилцлага

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.