| | USD/MNT 0₮

Эмч нарын хууль ёсны эрх хангагдаж байгаа юу

Сүүлийн жилүүдэд олон нийтийн зүгээс хамгийн их шүүмжлэл хүлээж буй салбар бол эрүүл мэндийн салбар. Олон нийтийн зүгээс эмч, эмнэлгийн ажилчдад шүүмжлэлтэй ханддаг байдал энэ салбарын тулгамдсан асуудлын нэг болоод байна. Гэсэн ч Монгол Улсын хүн амын өсөлт, дундаж наслалт нэмэгдэж, дархлаажуулалт бүхий халдварт өвчин, эх болон нярайн эндэгдэлийг бууруулж чадсан түүхэн амжилтаараа Мянганы хөгжлийн зорилтыг биелүүлсэн дэлхийн найман орны нэг болж чадсан нь эрүүл мэндийн салбарын үе, үеийн эмч, ажилтнуудын нөр их хөдөлмөрийн үр дүн гэдгийг үгүйсгэх хүн гарахгүй биз ээ.

Эрүүл мэндийн салбарыг удирдахаар томилогдож ирсэн сайд  нар нь сонгогч, иргэдийнхээ итгэлийг олохын тулд эмч нарын авилгал, хүнд сурталтай тэмцэнэ гэх мэт уриа, лоозон дэвшүүлж эмч, эмнэлгийн ажилчдын нэр хүндийг унагаах нь энүүхэнд болсон.

Эмнэлгийн ажилтнуудын бус эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалттай холбоотой алдаа, эрсдлийг үүрүүлэхдээ эмч нарыг л буруутгадаг. Гэтэл тэдэнд төрийн бодлогоор олгогдсон хууль ёсны эрх нь хэрхэн хангагдаж байна вэ. Өвчтөнүүдээ эдгээхийн төлөө өөрсдийн бүхий л мэдлэг, чадвар, туршлага, байгаа бүхнээ зориулж буй эмч нарыг өнөөгийн нийгэмд цахим ертөнцөөр алуурчин, авилгачин, хүнд сурталтан мэт ярих олон нийтийн зохисгүй үйлдэл хэрээс хэтэрсэн. Эртний Грекийн нэрт эрдэмтэн, анагаах ухааны эцэг гэгддэг Гиппократын “өвчтөнд тусалж чадахгүй бол битгий гэмтээ” гэсэн мэргэн айлдвар байдаг. Санаатай өвчтөнд гэмтэл учруулах эмнэлгийн ажилтан гэж хаана байх билээ. Энэ бол эрүүл хүний санаа, бодолд багтахгүй зүйл.

Эмч, эмнэлгийн ажилтнуудын нийгмийн баталгаа, ажиллах орчныг сайжруулах зорилгоор гарсан Эрүүл мэндийн тухай Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал 2010 онд хэлэлцэх үеэр төслийн ажлын хэсгийн ахлагч УИХ-н гишүүн асан Д.Очирбат, Эрүүл мэндийн сайд асан С. Ламбаа нарын өргөн барьсан хуулинд дараах хууль ёсны эрхүүдийг тусгажээ.

  • Эмнэлгийн ажилчдын нэр хүнд, биед халдвал хуулийн хариуцлага хүлээлгэдэг болгох зорилготой энэхүү заалтыг Эрүүл мэндийн тухай Монгол Улсын хуулиас нэхэн санавал: 
  • 43.2.8.эрүүл мэндийн ажилтныг ажил үүргээ гүйцэтгэж байхад саад учруулахгүй, нэр хүнд, бие махбодид нь халдахгүй байх;
  • 43.2.9.эрүүл мэндийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй, эрүүл мэндийн байгууллагын нэр хүндийг унагаах зорилго бүхий ташаа мэдээлэл өгөхгүй байх.
  • 46.1.8. энэ хуулийн 43.2.8, 43.2.9-г зөрчсөн бол иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх  хэмжээний төгрөгөөр торгох. Хуулийн энэ заалт бол тэднийг ажил үүргээ гүйцэтгэхэд эдлэх ёстой халдашгүй байдал. Дээрх заалтыг хэн хэрэгжүүлж байна вэ?
  • 24.5.Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллага хууль тогтоомжид нийцүүлэн нэмэлт болон төлбөртэй тусламж, үйлчилгээ үзүүлж, олсон орлогыг эрүүл мэндийн ажилтны хөдөлмөрлөх нөхцөлийг сайжруулах, нийгмийн баталгааг хангахад зарцуулах
  • 29.4.Нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага нь эмнэлгийн мэргэжилтэнд урамшуулал олгох, нийгмийн баталгааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.
  • 29.5.Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн бусад мэргэжилтэнд гурван жил тутамд нэг удаа зургаан сарын, аймаг дахь төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагад тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэнд таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг тухайн байгууллагаас нь олгоно.
  • 28.1.4.албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах нөхцөлөөр хангуулах;
  • 28.1.5.мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, 5 жил тутамд төгсөлтийн дараах сургалтад байгууллагын зардлаар хамрагдах;
  • 30.5.Эрүүл мэндийн ажилтанд хууль тогтоомжид заасны дагуу цалин хөлсний нэмэгдэл, мөнгөн урамшуулал олгох бөгөөд тэдгээрийн төрөл, хэмжээ, олгох журмыг Засгийн газар батална гэсний дагуу тэдэнд өнөөдөр улирал бүр цалингийн 30%-45% нэмэгдэл олгогдож байх засгийн газрын тогтоол байдаг гэнэ.

Гэтэл хэдхэн хоногийн өмнө үндэсний статистикийн газраас монгол хүний дундаж цалин 1 сая төгрөг хүрсэн гэх мэдээлэл хийсэн. Хотын дүүргийн нэгэн эмнэлэгт ажилдаг эмч сард гар дээрээ 550 мянган төгрөг авдаг гэдгийг эх сурвалжууд хэлж буй. Өдөрт 32 хүн үзэж эмчилгээ хийнэ гэдэг ч нэмэлт цаг гэгчээр 60 хүн болох тохиолдол энүүхэнд байдаг гэнэ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч гэсэн эмнэлгийн ажилтнуудын цалин бага, амьдралд хаана нь ч хүрэхгүй, тэдний нэр төрийн баталгаа, ажиллах нөхцөл хангалтгүй байгаа тухай мэдээлсээр байдаг нь эрүүл мэндийн хуулийн дээрх заалтууд бүрэн утгаараа хэрэгжихгүй байгааг нотолж байна бус уу. Энэ заалт бүрэн утгаараа яагаад хэрэгжихгүй байна вэ? үүнийг хэн хэрэгжүүлж, хэрэгжүүлэхээр шахалт, шаардлага тавьж байх ёстой юм бол. Мэдээж эрүүл мэндийн салбарт чухал амжилт, түлхэц авчирсан эрүүл мэндийн тухай хуулийн олон чухал заалт нь амьдралд хэрэгжээд явж байгааг би буруутгаагүй. Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчид ч гэсэн бусдын адил хууль ёсны эрхээ эдлэх учиртай. Гэтэл тэдний эрх нь зөрчигдөж байна. Энэ нь цаашлаад Монгол  хүнд хүрэх эрүүл мэндийн үйлчилгээ бухимдал дагуулахад нөлөөлсөөр байна бус уу.  

Сүүлийн жилүүдэд олон нийтийн зүгээс хамгийн их шүүмжлэл хүлээж буй салбар бол эрүүл мэндийн салбар. Олон нийтийн зүгээс эмч, эмнэлгийн ажилчдад шүүмжлэлтэй ханддаг байдал энэ салбарын тулгамдсан асуудлын нэг болоод байна. Гэсэн ч Монгол Улсын хүн амын өсөлт, дундаж наслалт нэмэгдэж, дархлаажуулалт бүхий халдварт өвчин, эх болон нярайн эндэгдэлийг бууруулж чадсан түүхэн амжилтаараа Мянганы хөгжлийн зорилтыг биелүүлсэн дэлхийн найман орны нэг болж чадсан нь эрүүл мэндийн салбарын үе, үеийн эмч, ажилтнуудын нөр их хөдөлмөрийн үр дүн гэдгийг үгүйсгэх хүн гарахгүй биз ээ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.