| | USD/MNT 0₮

Г.Нэргүй:Таны санамсаргүй ганцхан үйлдэл, асааж орхисон ил галаас болж байгаль экологи, эдийн засагт тэрбумаар тооцогдох хохирол учирна

Хаврын улиралд ой, хээрийн болон өнжмөл шар өвсний түймрий дуудлага их ирдэг. Иймээс иргэдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс Нийслэлийн Онцгой байдлын газрын  Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга хурандаа Г.Нэргүйтэй ярилцлаа.

-Сүүлийн үед иргэд хайхрамжгүй байдлаар гал түймэр тавиад байна. Гал түймрээс урьдчилан сэргийлэхээр Нийслэлийн ногоон бүсэд эргүүл ажиллаж эхэлсэн гэсэн үү?

-Тийм. Улсын болон Нийслэлийн онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх албан даалгавар болон захирамжууд гарсан. Одоогийн байдлаар нийслэлийн ногоон бүсэд НОБГ, НЦУГ, НБОГ, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, дархан цаазат Богд уулын захиргаа гэсэн таван байгууллагын 75 морьт эргүүл, 276 албан хаагч 97 техник хэрэгсэлтэйгээр 80 чиглэлд эргүүл хяналтын ажлыг эхлүүлсэн. Ой хээрийн түймэр, өнжмөл шар өвсний түймэр нь маш их хохирол, эрсдэл учруулдаг, маш их хүн хүч, цаг хугацаа шаарддаг учраас бид урьдчилан сэргийлж ажиллаж байна. Баянгол дүүргээс бусад төвийн таван дүүрэг ногоон бүстэй учраас таван чиглэлд дээрх таван байгууллагын хөдөлгөөнт эргүүл ажиллаж байгаа.

Үүнээс гадна НОБГ-ын 15 ангийн 120 орчим албан хаагч 24 цагаар үүргээ гүйцэтгэсний дараа бэлтгэл ээлж рүү шилжиж, үүрэг гүйцэтгэнэ. Мөн Тээврийн цагдаагийн албанаас 22, Нийслэлийн байгаль орчны газар болон дархан цаазат Богд уулын захиргааны газраас 113 албан хаагч үүрэг гүйцэтгэнэ. Он гарсаар нийслэлийн хэмжээд ой, хээрийн түймэр, өнжмөл шар өвсний түймрийн 26 дуудлага бүртгэгдээд байна. Үүний 19 түймрийг гал түймэр унтраах, аврах ангиуд,  долоон түймрийг бэлтгэл ээлжийн буюу эргүүлд гарч байгаа иргэд, албан хаагчид унтраасан.

-Хатуу хөл хориотой байгаа үед иргэд уул хад агаар салхинд гарч түймэр тавихгүй байлгүй дээ?

-Коронавирусийн нөхцөл байдал хүндэрч иргэд агаар салхинд гарах хүсэл маш их болсон учраас Богд уул, Зүрх уул, Зайсан зэрэг хотын эргэн тойрны уул руу аялал, зугаалга хийж байна. Иргэд эрүүл мэндээ хамгаалж, хүүхдүүдээ агаарт гаргахыг бид үгүйсгэхгүй. Хамгийн гол нь ногоон бүсэд ил задгай гал гаргаж болохгүй, гагнуур хийж болохгүй, байгалийн баялгийг ашиглах зорилгоор самар түүх, бугийн эвэр түүх зэрэг хууль зөрчсөн үйл ажиллагаа хийж болохгүйг анхааруулж байна.

-Өнгөрсөн онд нийслэлд хэмжээнд ой хээрийн түймэр хэр гарсан вэ?

-Өнгөрсөн 2019 онд  нийслэлд ой, хээрийн түймэр, өнжмөл шар өвсний түймрийн нөхцөл байдал хүндхэн байсан. 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар 476 удаагийн ой, хээрийн, өнжмөл шар өвсний дуудлага ирж байсан юм. Харин өнгөрсөн онд Нийслэлийн Засаг даргын захирамж гарч анх удаа НОБГ, НЦУГ, НБОГ, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, дархан цаазат Богд уулын захиргааны гэсэн таван байгууллагын албан хаагчдаас бүрдсэн хөдөлгөөнт эргүүлийн баг ажилласан. Үүний үр дүнд 2020 онд нийслэл орчимд гал түймрийн дуудлага 22.6 хувиар, учирсан хохирлын хэмжээ 67 хувиар буурсан. Ер нь хөдөлгөөнт эргүүл гарсны үр дүн их байдаг. Шар өвс шатаах, ил гал гаргаж байгаа иргэдийн зөрчлийг газар дээр нь унтрааж, хохирол болон түймэр тархах эрсдэлийг зогсоож байгаа. Зөрчил гаргаж байгаа иргэдэд Зөрчлийн тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Гамшгийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэдэг. Зөрчил гаргасан иргэнд 100 нэгжээс дээш, аж ахуйн нэгжид 1000 нэгжээс дээш торгуулийн арга хэмжээ авна.

Бусдын эд хөрөнгийг санаатай галдан шатаасан үүний улмаас хүний эрүүл мэнд, амь нас хохирсон бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн заалттай.   

-Он гарснаас хойш Нийслэлийн онцгой байдлын газарт хэчнээн дуудлага ирсэн вэ?

-Энэ он гарснаас хойш 536 дуудлага ирсэн. Үүний 500 нь ахуйн гал түймрийн, 36 нь эрэн хайх аврах ажиллагааны дуудлага байна. Нийслэлд маань манай улсын хүн амын тал хувь нь амьдардаг маш их нягтаршилтай байдаг учраас объектын буюу ахуйн гал түймрийн дуудлага ихэнх хувийг эзэлдэг. Хоногт дунджаар 10-20 дуудлага ирж байна.

-Хавар шар усны үер гэж нэг аюул Нийслэлийнхнийг сандаргадаг даа?

-Хаврын улиралд шар усны аюул, шар өвсний түймэр, объектын болон ахуйн гал түймэр, ой хээрийн түймэр зонхилдог. Төрийн болон хүчний байгууллага сүүлийн сүүлийн хоёр жилд дэлхий даяар тархаад байгаа коронавирусийн цар тархалттай тэмцэж, цаг наргүй ажиллаж байна. Үүний дотор онцгой байдлын нийт бие бүрэлдэхүүн гамшиг, ослоос хүн ардаа урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, осол гамшиг болсны дараа сэргээн босгох ажилд 24 цагаар ажилладаг.

Урин дулаан цаг ирж байгаа энэ үед уул, гуу жалга, гол мөрний цас мөс хайлж, халиа дош үүсэж шар усны аюул ирдэг. Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн хороодод шар усны үерт автсан дуудлага хэд хэд ирсэн. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон тухайн дүүргийн ЗДТГ, холбогдох тохижилт үйлчилгээний компаниуд, онцгой байдлын бие бүрэлдэхүүн шинэ суваг татах, үүссэн халиа дошийг буталж зөөх, шинээр хайрга дайрга, элс зөөж, шар усны үерээс урьдчилан сэргийлэн ажиллаж байна. Мөн хэд хэдэн айлыг нүүлгэн шилжүүлсэн. Иргэд шар усны аюулаас урьдчилан сэргийлж, аюулгүй газар буух хэрэгтэй. Хувийн эрх ашгийн үүднээс гол ус, үерийн далангийн голдрилыг өөрчлөхгүй байхыг ард иргэддээ уриалж байна.

-Ахуйн гал түймэр гарах шалтгаан нөхцөл юу байна вэ?

-Ахуйн гал түймрийн дуудлага их байгаа гол шалтгаан нь иргэд үнс нурмаа ил задгай асгах, тамхи шүдэнзний цогийг унтраахгүй орхих байдаг. Мөн пийшин, зуухны галлагааны аюулгүй байдал яндангийн цоололтоос шалтгаалж байна. Сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээс хойш пийшин, зуухны галлагааны аюулгүй байдлыг хангахаар томоохон ажлууд зохион байгуулж, иргэдэд зөвлөмж, зөвлөгөө өгсөн.

Нөгөөтэйгүүр цахилгааны буруу угсралт, буруу ашиглалтаас болж түймэр гарч байна. Стандартын шаардлага хангахгүй цахилгаан, техник хэрэгсэл хэрэглэх, нэг залгуурт олон цахилгаан хэрэгсэл залгаж ачааллыг нэмэх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхиж цахилгаан хэрэгсэлд ойр байлгаснаас үүдэлтэй, хуучирч муудсан хэрэгсэл хэрэглэж байгаагаас үүдэлтэй галын аюул түгээмэл байдаг. Нийслэлд ахуйн гал түймэр зонхилж байна. Залгасан бол салга, салгасан бол шалга.

-Цаг агаар дулаарч байгаа энэ үед иргэддээ юуг анхааруулах вэ?

-Урин дулаан цагт иргэд маань зусландаа гардаг. Шар өвс буюу хашаандаа байгаа он дамжсан өнжмөл өвсийг шатаах гэж байгаад гэр, байшингаа шатаах, цаашлаад бусдын эд хөрөнгөд гал алдах, эрүүл мэндээ хохироох тохиолдол гардаг. Гагнуурын оч үсрэх, шар өвс шатааснаас болж өнгөрсөн жил Гоодойн аманд олон айл гал түймэрт хохирсон. Хашаанд байгаа шар өвсөө хадаж, зориулалтын таглаатай саванд хийж шатаахыг бид байнга анхааруулдаг. Эсвэл хадсан өвсөө шуудайнд хийж хогийн цэгт хаях хэрэгтэй. Энэ бол залхуурах зүйл огт биш.

Ойн тухайн хуулиар гуравдугаар сарын 20-ноос зургадугаар сарын 10, есдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 20-ныг хүртэлх хугацааг нэн хуурайшилтын үе гэж үздэг. Энэ үед ойн ногоон бүсэд аялал зугаалга хийх, үйл ажиллагаа эрхлэх, ил задгай гал гаргахыг хориглодог. Хуурайшилт ихтэй, түймрийн аюултай үед түймэр гарахаас урьдчилан сэргийлж асаасан гал, үнс нурам, тамхины цогоо бүрэн унтрааж, оч баригчтай машинтай зорчих хэрэгтэй.

Таны санамсар болгоомжгүй ганцхан үйлдэл, асааж орхисон ил задгай галаас болж байгаль экологи, эдийн засагт учрах хохирол тэрбумаар тооцогддог гэдгийг анхаарах хэрэгтэй. Бид коронавирусийн цар тахлын хүнд үетэй тэмцэхийн хажуугаар бусад гамшиг осолтой тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлаа эрчимжүүлэн ажиллаж байна. Өөрийнхөө болон бусдын эд хөрөнгө, амь насыг авран хамгаалах нь иргэн бүрийн үүрэг тул ухамсартай хандахыг уриалж байна.  

-Иргэд санаатай болон санамсаргүйгээр гал алдсан тохиолдолд хуулийн ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

-Бага насны хүүхдүүд шүдэнзээр тоглож, гал алдсан бол Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээх, гэмт хэргийн шинжгүй бол торгуулийн арга хэмжээ, хохирол барагдуулах арга хэмжээ авахуулах тохиолдол байдаг. Санаатай галдан шатаах зэрэг гэмт хэргийн шинжтэй, хүний амь нас, эрүүл мэнд хохирсон бол эрүүгийн хариуцлага хүлээдэг гэдгийг хүүхдүүддээ байнга анхааруулж байх хэрэгтэй. Урьдчилан сэргийлэх ажилд нэг төгрөг зарцуулбал гамшгийн үед зарцуулах долоон төгрөгийг хэмнэж чадна гэсэн зарчим байдаг.

Нийслэлчүүд маань дөрвөн уулаараа хүрээлүүлсэн, байнгын ногоон бүсэд амьдардаг. Уул усандаа гал түймэр алдвал ямар их хохирол учруулдгийг, тэр түймрийг унтраах гэж ямар их хүн, хүч зарцуулдгийг ойлгох хэрэгтэй. Санамсаргүй нэг үйлдэл маш олон хүний амьдрал, нийгэм, улсад хохирол учруулдгийг байнга санаж байхыг иргэддээ анхааруулж байна.

Дэлхий нийтээрээ коронавирусийн цар тахалтай тэмцэж байгаа энэ үед гэрээсээ аль болох гарахгүй байх, амны хаалтаа тогтмол зүүх, зайгаа барих, олон хүн цугласан газар очихгүй байх, өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах хэрэгтэй. Өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж чадах юм бол эх орноо хамгаалж чадна.   

       

Бага насны хүүхдүүд шүдэнзээр тоглож, гал алдсан бол Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээх, гэмт хэргийн шинжгүй бол торгуулийн арга хэмжээ, хохирол барагдуулах арга хэмжээ авахуулах тохиолдол байдаг. Санаатай галдан шатаах зэрэг гэмт хэргийн шинжтэй, хүний амь нас, эрүүл мэнд хохирсон бол эрүүгийн хариуцлага хүлээдэг гэдгийг хүүхдүүддээ байнга анхааруулж байх хэрэгтэй. Урьдчилан сэргийлэх ажилд нэг төгрөг зарцуулбал гамшгийн үед зарцуулах долоон төгрөгийг хэмнэж чадна гэсэн зарчим байдаг
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.