| | USD/MNT 0₮

А.Ариунзаяа: Тэтгэврийн шимтгэлийн нэмэгдлийг царцаах шийдэл гаргасан ч хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болно

Нийгмийн даатгалын шимтгэлийг 2021 оны долдугаар сарын 01-нээс 36 хувиар төлж эхэлнэ гэсэн мэдээлэл цахим орчинд түгсэн. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээлэл хийлээ. Тэрбээр "Монгол Улсад Тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ 1995 оноос 2007 он хүртэл 19 хувь байсан бөгөөд 2008 оноос эхлэн 5 пунктээр буулгаж 14 хувь болгон ажил олгогч, даатгуулагч хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоосоо тус бүр 7 хувиар тэтгэврийн даатгалын санд шимтгэл төлөх болсон.

Тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 2008 оноос 5 пунктээр буулгаснаар тэтгэврийн даатгалын сангийн шимтгэлийн орлого буурч, улсын төсвийн ачаалал нэмэгдсэн.

Тэтгэврийн даатгалын сангийн алдагдал жилээс жилд нэмэгдсэн өөрөөр хэлбэл тэтгэврийн даатгалын санд олгох улсын төсвийн татаас 2010 онд 170.7 тэрбум төгрөг байсан бол 2020 онд 399.4 тэрбум төгрөгт хүрч даруй 2.3 дахин нэмэгдсэн.

Иймд Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар ажил олгогч, даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан билээ.

Хуулийн уг заалтыг ажил олгогч болон даатгуулагчид дарамт үүсгэхгүй байх зорилгоор “Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулиар тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг ажил олгогч болон даатгуулагч тус бүр 2018 онд 1 хувиар, 2019 онд 0.5 хувиар, 2020 онд 1.0 хувиар үе шаттай нэмэгдүүлэхээр зохицуулсан.

Ковид-19 цар тахалын үед тар засгийн зүгээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээ дотор 2020 онд тэтгэврийн шимтгэлийн 1+1 хувийн нэмэгдлийг нэг жилээр хойшлуулсан, 2021 оны хагас жилд хувийн хэвшлийн өолон сайн дурын даатгуулагчдийг тус нэмэгдлээс чөлөөлсөн.

Мөн түүнчлэн 2020 оны 4-с 9 дүгээр саруудад НШД бүрэн чөлөөлж, 10-с 12 дугаар саруудад 5+5 хувийг л тэтгэврийн даатгалд төлж, бусад шимтгэлийг чөлөөлсөн билээ.

2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээд, түүнд ажиллаж байгаа даатгуулагчдад ердийн горим үйлчилж байгаа буюу Ажил олгогч 13.5-с 15.5 хувь, ажилтан 12.5 хувийн шимтгэл төлж байгаа юм. Эдгээр байгууллагууд Цар тахалын үед эрсдэлд ороогүй, цалин хөлс хэвийн олгогдож байгаа учраас чөлөөлөөгүй хэрэг.

Одоо харин 07 дугаар сарын 01-нээс бүх нийтэд ердийн горим үйлчилж эхэлнэ.

Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд 2020 оны 12 сарын байдлаар 38.4 мянган аж ахуйн нэгж, байгууллага шимтгэл чөлөөлөлтөд хамрагдаж, нийт 572.0 мянган албан журмын болон сайн дураар даатгуулагчийг 664.2 тэрбум төгрөгийн шимтгэлээс чөлөөлсөн.

Мөн үйл ажиллагааг нь зогсоосон аж ахуйн нэгжийн ажиллагсдад 2020 оны 4, 5, 6 сард ажилтан тус бүрд 200 000 төгрөгийн дэмжлэг үзүүлж ажилгүйдлийн даатгалын сангаас 7.3 мянган ажил олгогчийн 80.9 мянган даатгуулагчдад 44.2 тэрбум төгрөгийг олгосон.

Харин хуулийг 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 1-нийг хүртэл хугацаанд хэрэгжүүлэхэд дээрх аж ахуйн нэгж, байгууллагууд 198.9 тэрбум төгрөгийн шимтгэлээс чөлөөлөгдөнө.

Хэрэвзээ Тэтгэврийн 1+1 хувийн шимтгэлийн нэмэгдлийг 2022 оны 01 дүгээр сарын 01 хүртэл дахин хойшлуулах бол нэмэлтээр 140 тэрбум төгрөг шаардлагатай болох юм.

Нийгмийн түншүүдтэй ярилцаж хуулийн үйлчлэлийг хойшлуулах буюу тэтгэврийн шимтгэлийн 1+1 (ажилтан+ажил олгогч) хувийн нэмэгдлийг царцаах шийдэл гаргасан ч Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд тус тус өөрчлөлт оруулах шаардлагатай болно. Иймээс бид Сангийн яамтай хамтран арга замыг хайн ажиллаж байгаа.

Ажилтан, даатгуулагч талаас 11.5 хувь байх уу, 12.5 хувь байх уу л гэдэг асуудал. Түүнээс биш 40, 50 хувийн суутгал гэж ташаа мэдээлэл яваад байна шүү" гэв.

 
 
Нийгмийн даатгалын шимтгэлийг 2021 оны долдугаар сарын 01-нээс 36 хувиар төлж эхэлнэ гэсэн мэдээлэл цахим орчинд түгсэн. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээлэл хийлээ. Тэрбээр "Монгол Улсад Тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ 1995 оноос 2007 он хүртэл 19 хувь байсан бөгөөд 2008 оноос эхлэн 5 пунктээр буулгаж 14 хувь болгон ажил олгогч, даатгуулагч хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоосоо тус бүр 7 хувиар тэтгэврийн даатгалын санд шимтгэл төлөх болсон.
Нийгэм

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.