| | USD/MNT 0₮

НИТХ дахь МАН-ын бүлгийн ДАРГА Р.Дагва хүүгээ нийслэлийн албанд ДАРГААР томилжээ

Төрийн албыг төрлийн алба болгодог жишиг манай улсад тогтоод удаж байна. Даргын хүүхэд л дарга болох ёстой гэсэн жишгийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг үзүүлж, хүүгээ 2021 оны нэгдүгээр сард ЭМДЕГ-ын Худалдан авалт, гэрээлэлтийн газрын даргаар тавьсан ч хүү нь төрийн албаны зөвлөлийн шалгалтандаа ч тэнцээгүйг нь олон нийт шүүмжилж байсан.

Тэгвэл дээрх мэдээлэлтэй холбоотой өөр нэгэн баримтыг бид яг одоо өгүүлэх гэж байна.

Тухайлбал, НИТХ-ын дарга асан, одоо НИТХ-ын төлөөлөгч, НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж буй Р.Дагвын хүү Д.Дөлгөөн 2021 оны хоёрдугаар сарын 01-нд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргаар томилогджээ. Ингэхдээ КОВИД-19-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг үндэслэн томилсон аж. Тус хуулийн 3.2-т заасны дагуу аливаа албан тушаалтны сонгон шалгаруулалтыг энэ хууль үйлчлэх хугацаанд зохион байгуулахгүй гээд заачихсан. Иймд туршлага ч үгүй Д.Дөлгөөн ногоон гэрлээр уг албанд томилогджээ. Гэтэл энэ нь Монгол Улсын Төрийн албаны гол хуулийг ноцтойгоор зөрчсөн юм.

Төрийн албаны тухай хуулинд төрийн захиргааны болон тусгай “албан тушаалын ангиллын хүрээнд төрийн удирдах гүйцэтгэх албан тушаалыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж байгаа Монгол Улсын иргэнийг төрийн жинхэнэ албан хаагч гэнэ” гэж тодруулан томъёолоод төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуульчлан тогтоож өгсөн юм.

Д.Дөлгөөний хувьд 11 хүнтэй хэлтсийн даргаар томилогдсон нь Төрийн албаны Ахлах түшмэл буюу ТЗ-9 гэсэн ангилалд багтаж буй. Тус албан тушаалд томилогдохын тулд юуны өмнө төрийн албанд найман жил, дараа нь дэс түшмэлээр дөрвөн жил ажилласан байх учиртай. Гэтэл өмнө нь хувийн өмчийн компанид ганцхан жил ажилласан тэрбээр дээрх шалгуурын ёроолд нь ч дөхөж очихгүй.

Өөрөөр хэлбэл, Төрийн албаны сонгон шалгаруулалтын одоогийн тогтолцоонд эхлээд төрийн албаны зөвлөлийн шалгалт өгч Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлж, дараа нь албаны гүйцэтгэх албан тушаалын орон тоог нөхөх гэсэн дарааллаар явдаг.

Харин Удирдах албан тушаалын сул орон тоог нөхөхдөө нээлттэй сонгон шалгаруулалтад орж, Төрийн албаны зөвлөлийн дүгнэлтээр томилогддог.

Ингэхдээ Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог шатлан дэвших зарчмын дагуу явуулсан сонгон шалгаруулалтаар нөхөх учиртай.

Гэтэл Д.Дөлгөөн нь 2021 оны гуравдугаар сарын 18-нд Төрийн албаны зөвлөлийн шалгалтаа өгөхөөр бүртгүүлсэн ч ковид-19-ийн улмаас чадаагүй гэнэ. Ингэснээр Төрийн албаны удирдах албан тушаал байтугай нөөцөнд ч ороогүй нэгэн юм. Мөн Төрийн албаны зөвлөлийн Ерөнхий шалгалтаа өгөөгүй тул тусгай шалгалтад орох эрхгүй.

Ийм нэгэн хүн одоо төрийн албанд удирдах албан тушаал хашиж сууна. Тэр ч бүү хэл АТГ-аас Д.Дөлгөөнийг тус албан тушаалд нийцэхгүй гэсэн бичиг ирүүлсэн байна.

Төрийн алба буюу нийтийн албанд хууль бус томилгоо хийгдсэнийг хоёр ч байгууллага тогтоочихоод байхад НИТХ-ын төлөөлөгч Р.Дагва болон түүний хүү Д.Дөлгөөн нар нүдэн балай чихэн дүлий суусаар байгаа нь гутамшигтай. Тэр ч бүү хэл Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын Хууль эрхзүйн зөвлөхөөр ажилладаг НИТХ-ын төлөөлөгч Р.Дагва өөрөө ийнхүү хууль зөрчиж байгаа юм.

Төрийн алба цензур хатуу, босго өндөр байх ёстой. Төрийн жинхэнэ албан хаагч болохын тулд аз нь шовойсон цөөн тооны залуус шалгалтад тэнцэн, төрийн албанд орж ажиллалаа ч даргынхаа эрх ашигт нийцүүлж ажиллаагүйгээс удалгүй чөлөөлөгдөх нь бий. Гэтэл энэ мэтийн ар тал “том”-той хунтайж нар ардын хөвгүүдийн хичээгээд ч хүрч чаддаггүй оргилд амар хялбар аргаар хүрэх нь дэндүү шударга бус гэлтэй.

Үргэлжлэл бий.

Төрийн албыг төрлийн алба болгодог жишиг манай улсад тогтоод удаж байна. Даргын хүүхэд л дарга болох ёстой гэсэн жишгийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг үзүүлж, хүүгээ 2021 оны нэгдүгээр сард ЭМДЕГ-ын Худалдан авалт, гэрээлэлтийн газрын даргаар тавьсан ч хүү нь төрийн албаны зөвлөлийн шалгалтандаа ч тэнцээгүйг нь олон нийт шүүмжилж байсан.
Улс төр

Сэтгэгдэл (28)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.