| | USD/MNT 0₮

Иргэн Г:Яг үнэндээ нийгмийн болон нийтийн хандлагаас айдаг болж, тэмбүү тусчихсан биш дээ, бид

Коронавирусийн халдвар авсан иргэдийг дуугарсангүй, амаа хамхиж чимээгүй явлаа гэсэн шүүмжлэл бий. Тэгвэл тэд нийтийн өмнө гарч ирэхээсээ айдаг юм байна. Олон нийтийн хандлага нь “гажиг” буруу болохоор өөрийгөө би коронавирус тусаад эдгэрсэн гэж хэн нэгэнд хэлж ярьж, энэ өвчний талаар ярихаас эмээдэг болсон гэх нэгэн эмэгтэйтэй ярилцлаа. Түүний хүсэлтээр нэрийг нь бүтнээр бичээгүй юм. Учир нь тэрбээр одоо ажилдаа явж байгаа бөгөөд ажлынх нь зарим хүмүүс мэдээгүй гэлээ.

Түүний ярих гэсэн санаа нь “Дэлхий нийтээрээ хэдэн зуун мянга, сая иргэн энэ халдвараар өвчилж, халдвараар өвдөж үхэж байна. Ганцхан Монголд гайтай халдвар тархчихсан, бусдад тараачихсан юм шиг хандахаас би айдаг болсон. Өөрөөр хэлбэл нийгмийн айдаст автаж, түүнээс болж стрессдээд хэцүү байна. Хамгийн гол нь иргэд нь ухамсартай ул суурьтай байж, коронавирусээр халдварлаад эдгэрсэн хүмүүсээ үзэн ядахгүй байх нь чухал байна. Бид урьдын адил хэвийн нийгмийн харилцаандаа орох хүсэлтэй байна” гэдгээ илэрхийлсэн юм. Ингээд түүнтэй өөрийнх нь хүсэлтээр ярилцлаа.

-Сайн байна уу та, бие сайн уу?

-Сайн, би маш сайн байгаа.

-Та коронавирусийн халдвараар өвчилсөн гэсэн. Хэзээ өвчилсөн бэ, тухайн үед биед ямар шинж тэмдэг илэрсэн бэ?

-Би өвөл арванхоёрдугаар сард өвдсөн. Манай байрны орцноос хэд хэдэн халдвар бүртгэгдсэн юм билээ. Тэгээд хөл хорио тогтоосон. Тухайн үед ажлаасаа чөлөө авчихсан байсан. Байр ч хөл хорионд орлоо. Би гэртээ хэвтээд байсан нуруу л жаахан өвдснөөс өөр шинж тэмдэг илрээгүй. Ингээд орцоор нь шинжилгээ авсан эхнийх нь сөрөг гарсан ч хоёр дахь дээрээ эерэг гарчихсан. Харин эмнэлэгт очоод 3 хоног амтлах, үнэрлэх мэдрэмжээ алдсан.

-Эмнэлгээс гарахад өвчний талаар нууц задруулж болохгүй гэсэн баталгаанд гарын үсэг зурж гарсан уу?

-Өвчний нууц задална гэж юу байх вэ. Гэхдээ өвчтний түүхтэй холбоотой асуудлаар гарын үсэг зуруулж авсан. Тэрэн дээр эмнэлгээс гараад гэрийн ажиглалтад байхдаа орон нутаг болон гадагшаа явж болохгүй, гадуур тэнэж болохгүй гэсэн утгатай.

-Нийтийн болон нийгмийн хандах хандлагаас их айж эмээдэг болсон гэлээ?

-Тийм.Олон нийтийн сүлжээ бол хүнийг алж аварч мэдэх юм байна. Би өвчтэй эмнэлэгт хэвтэж байхдаа юун мэдээ үзэх бэ. Дархлаагаа дэмжээд утаснаас мэдээллээс хол байсан. Хамгийн гол нь эрүүл болохын тулд дархлаагаа дэмжих нь чухал байсан. Ингээд 21 хоног эмнэлэгт хэвтээд гарч ирлээ. Гэртээ ганцаараа байдаг хүн юу хийх юм бэ, өдөржин утас ухаж хэвтэнэ. ЭМЯ-ны 11 цагийн мэдээлэл үзнэ. Мэдээллийн доогуур орж ирж байгаа сэтгэгдэлийг уншаад хямарна. Их муухай бүдүүлэг соёлгүй хандлагатай хүмүүс байна. Жишээлбэл, “Хаагуур золбинтож яваад халдвар авчихдаг байна” гэж бичсэн нь яг “Хаагуур завхайрч янхандаж яваад халдвар авчихдаг байна” гэсэнтэй агаар нэг харагдаж дотор бачуурч байгаа юм чинь.

Энэ бол агаар дусал, амьсгалын зам ахуйгаар дамжих халдвар гэдгийг мэргэжлийн хүмүүс нь зөндөө хэлсэн. Халдвартай иргэдээ битгий үзэн ядаж гадуурхаарай гэж. Гэвч халдвар аваагүй, тусаагүй иргэд халдвартай иргэдээ харааж тавлаж, бах таваа хангаж байгаа нь хамгийн муухай санагдсан. Завхайрч яваад тэмбүү, ДОХ авчихсан биш дээ, энэ нэг ялгаварлан гадуурхах тэнэг хандлага үзлээсээ Монгол хүн та салмаар байна. Ийм болохоор чинь хэн ч ил тод гарч ирэхгүй байгаа юм. Айна шдээ. Сүүлд урлагийхан болон олны танил хүмүүс их эерэгээр дуугарч харагдсан. Тэднийг зөв гэж харж байгаа шүү. Өвчнийхөө талаар өөрт тохиолдсон зүйлээ ний нуугүй ярих хэрэгтэй. Тэртээ тэргүй Нийслэл даяараа халдварын голомт болж хоногт 800 гаруй тохиолдол илэрч байна. Энэ бол үндэслэлтэй үнэн тоо шүү.

-Та ямар ажил хийдэг бэ. Таныг ажлын хамт олон чинь ямар хүлээж авсан бэ?

-Би хувийн байгууллагад худалдагч хийдэг. Олон хүнтэй эелдэг найрсаг ханддаг. Мэдээж үйчлүүлсэн хүн бүхэнд “Би ийм халдвараар өвчлөөд эдгэрсэн” гэж хэлэлтэй биш дээ, аягүй бол цэрвэж үргэх байлгүй дээ. Манайхны хандлага ухамсар ямар байгаа билээ. Ажлын хамт олон сайхан хүлээж авч үргэлж сэтгэлийн дэм, гэрэл гэгээ өгдөг. Манай өөр салбарын зарим нэг худалдагч халдварт өртсөн гэсэн. Тэднийг ажилд нь эргүүлж аваагүй. Ажлаас нь халсан гэсэн. Нийгмийн нийтийн буруу хандлагаас болж хэчнээн сайн ажилтан байсан ч халдварт өртсөн бол гэсэн мэдээллээр ажлаас нь халчихаж болж байгаа нь үнэхээр харамсалтай.

-Халдварт өртсөн гэдгээ та ар гэрийнхэн бол ах дүүстээ яаж хэлсэн бэ?

-Би ганцаараа амьдардаг. Гэр бүлгүй. Хүүхэд төрүүлээгүй болохоор их айсан. Гэхдээ гайгүй байхаа. Аав ээж маань хөдөө байдаг. Эмнэлэгт хэвтсэн гэдгээ хэлсэн. Аав минь л их санаагаар унаж хямарсан даа. Харин ах дүүс маань нэг л хөндий болчихсон юм шиг санагдсан шүү. Эвгүй мэдрэмж төрсөн.

-Таны биед эсрэг биет үүсчихсэн гэсэн үг үү?

-Тэрийгээ мэдэхгүй ямар ч байсан эдгэрсэн гэсэн. Гэхдээ биед бол тэр вирус нь 40-50 хоног байна гэж эмчлэгч эмч хэлсэн. Харин 60 хоногийн дараа дахин шинжилгээ өгөөрөй гэсэн. Тэрүүгээр л эсрэг биет үүссэн эсэх нь тодорхой болох байх. Мөн 2-3 сарын дараа вакцин хийлгэж болно гэсэн.

-Эмнэлэгт нэг өрөөнд хэдүүлээ хэвтэж байсан бэ?

-Долуулаа хэвтэж байсан. Тэр дунд ээжтэйгээ хэвтэж байсан хүүхэд ч бий. Тэр дундаас яаж яваад халдвар авснаа ч мэдэхгүй хүн байгаа. Би тэдний л адил ямар ч шинж тэмдэг илрээгүй гэж хэлж болно.  

-Ингэтэл хаана хэвтэн эмчлүүлж байсан бэ. Хүнд хүмүүс байсан уу?

-Би эхний долоо хоног ХӨСҮТ-д хэвтэж байсан. Тэнд хүнд хүмүүс байсан. Ихэнх нь уушги болон бусад эрхтэн нь хавсарч өвдсөн бололтой. Хажууд байсан хүмүүсээс ч хүндэрч амьсгалын аппаратад орсон хүн бий. Хүнд хүмүүс ханиалгаад өндөр тунгаар халуураад аахилаад бачуураад байдаг юм билээ. Миний хувьд ч нэг өдөр хүндэрч амьсгал давчдаж хар хөлс цутгаж айлгасан шүү. Гэхдээ гайгүй ээ. Ингээд өдөр өдрөөс биеийн байдал дээрдэж Яармагийн 300 ортой эмнэлэг рүү шилжсэн. Тэндэхийн орчин шинэ болохоор цэвэрхэн сайхан. Эмнэлгийн хоол нь ч их аятайхан санагдсан шүү. Гэхдээ эрчүүд бол хоолонд нь цадахгүй ээ, порц багатай байсан.

-Одоо биед нь ямар нэг өөрчлөлт байна уу?

-Сэтгэл санаагаар унаснаас болж их турсан. Мөн айдаст автах мэдрэмж маш өндөр болжээ. Бас их амархан ядардаг болж. Айдсаа дарж давахаа мэдэхгүй байна. Их ганцаарддаг болж. Өдөрт нас барсан хүний тоо сонсохоор үнэхээр шоконд орох юм. Ямар азаар алтан гартай эмч нарын буянаар эрүүл болж эдгэрч гарав. Хэрвээ би настай, архаг хууч өвчтэй байсан бол ингээд халдвараар үхэж мэдэх нь байна шүү дээ гэж бодохоор дотор харанхуйлдаг болов.

-Халдвараар өвчлөөгүй, эрүүл саруул хүмүүст хандаж юу хэлэх вэ?

-Өвчтэй халдвартай хүмүүсээ битгий үзэн ядаарай. Бид санаатай аваагүй юм шүү. Энэ халдварыг хэн ч авч болно. Аа харин халдвар хамгааллын дэглэмээ маш сайн сахиж, гэр бүлийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалж хариуцлагатай байгаа хүн бол авахгүй байх бүрэн боломжтой. Хэн ч авч болох халдвар гэдгийг санаарай. Өнөөдрийн байдлаар хэдэн мянган хүн халдвар тусчихсан байгаа билээ дээ, энэ тоо ч цаашид өснө гэсэн шүү дээ.

 

Энэ бол агаар дусал, амьсгалын зам ахуйгаар дамжих халдвар гэдгийг мэргэжлийн хүмүүс нь зөндөө хэлсэн. Халдвартай иргэдээ битгий үзэн ядаж гадуурхаарай гэж. Гэвч халдвар аваагүй, тусаагүй иргэд халдвартай иргэдээ харааж тавлаж, бах таваа хангаж байгаа нь хамгийн муухай санагдсан. Завхайрч яваад тэмбүү, ДОХ авчихсан биш дээ, энэ нэг ялгаварлан гадуурхах тэнэг хандлага үзлээсээ Монгол хүн та салмаар байна. Ийм болохоор чинь хэн ч ил тод гарч ирэхгүй байгаа юм. Айна шдээ. Сүүлд урлагийхан болон олны танил хүмүүс их эерэгээр дуугарч харагдсан. Тэднийг зөв гэж харж байгаа шүү. Өвчнийхөө талаар өөрт тохиолдсон зүйлээ ний нуугүй ярих хэрэгтэй. Тэртээ тэргүй Нийслэл даяараа халдварын голомт болж хоногт 800 гаруй тохиолдол илэрч байна. Энэ бол үндэслэлтэй үнэн тоо шүү.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.