| | USD/MNT 0₮

Жолооч Я.Нэргүй:Нүүрс тээвэрт явж байгаа 15 мянган жолоочийн 90 хувь нь Хятадуудын ажлыг хийж өгч байна

Цагаанхаданд зургаан жил нүүрс тээврийн жолооч хийж байгаа Я.Нэргүйтэй ярилцлаа. Түүний хувьд шороон замаар тээвэрлэлт хийдэг бөгөөд замын нөхцөл байдал хүнд байдаг талаараа ярьсан юм.

-Сайн байна уу та, сайн явж байна уу?

-Ах нь НАБТ-аас нүүрсээ ачиж гарч ирээд энэ зам дээр гурав хонолоо. Урагшилдаггүй ээ. Хаана ямар учраас гацаад түгжрэл үүсээд байгааг мэдэхгүй юм.

-Таны хувьд энд хэдэн жил ажиллаж байна вэ. Гэртээ хамгийн сүүлд хэзээ очив?

-Ах нь зургаан жил том тэрэгний жолоо мушгиж байна. Гэртээ оны өмнө очоод ирсэн. Одоо хэзээ явахаа мэдэхгүй байна. Ногоон бүсээс гараад явчихвал эргээд оруулахгүй байгаа юм билээ, аймгийн удирдлагууд.

-Компанийн жолооч уу, хувиараа машинтай юу?

-Хувиараа гэж дээ хужаагийн машин барьдаг юм.

-Энд нөхцөл байдал үнэхээр хүнд санагдлаа. Уг нь жолооч нар эрүүл аюулгүй орчинд ажиллаж, аюулгүй зам дээр явах боломж байгаа биз дээ?

-Нөхцөл байдал гэж айхтар гоёор хэлээд яах вэ дээ. Амьдрал ийм хойно байгаа байдалтайгаа эвлэрэхээс өөр арга зам алга. Ажиллаж байгаа газраа муулаад ч яах вэ. Гэхдээ энэ нөхцөл байдлыг хар даа, арай л дэндүү шүү.

-Монгол Улсын эдийн засгийг авч яваа жолооч нар гэдэг ч төр засгийн зүгээс дорвиотой анхаардаггүй бололтой. Цагаан хад хэмээх суурьшлын бүс байгууллагдаад олон жил болжээ. Энэ хугацаанд хөгжүүлж, эмхэлж цэгцлэх хүсэл сонирхол алга уу?

-Төр засгаас харж үзэх юм байдаг юмуу. Биднийг төрд гээгдэгсэд гэж нэрлэчихсэн. Намайг 2016 онд ирэхэд энд хэдэн цагаан хөөсөнцөр байр байсан. Сүүлд тоо нь нэмэгдсэн болохоос орчны нөхцөл сайжраагүй. Тухайн үед 10 мянган жолооч явдаг байсан бол одоо 15 мянга болтлоо тоо нь өсчээ. Хүний тоо ихэссэн. Нөгөөтэйгүүр гуанз буюу гэр буудлын тоо нэмэгдсэн. Цагаанхаданд бүтээн байгуулалт гэж юу ч байхгүй. Энэ жолооч нар бүгд бор зүрхээрээ явж байгаа учраас тулгамдсан асуудал гэж яриад байх нь ч хаашаа юм бэ. Гэхдээ бидэнд шийдээд өгчих асуудал зөндөө бий. Наад зах нь НАБТ-ын гадна 00-ын асуудал хүнд байдгийг захын жолооч нар хэлнэ дээ.

-Энд ажиллаж амьдарч байгаа жолооч нар яг юу хүсдэг вэ?

-НАБТ-аас хил хүртэлх энэ 20 гаруй км шороон замыг сайжруулж, засмал тавиад өгчихөөсэй гэж хүсдэг. Манай жолооч нар засмал болгоод өгөөчээ гэсэн хүсэлтийг холбогдох удирдлага, дарга сайдуудад байнга өгч байсан. Гэвч өнөөдрийг хүртэл хийсэн гавьсан зүйл байхгүй.

-Зам ашигласны төлбөр татвар гэж компаниудаас авдаг. Тэр мөнгө хаашаа ордог вэ. Тэр мөнгөөр замаа сайжруулж болдоггүй юм болов уу?

-Зам ашигласны төлбөр гэж компаниудаас авна. Тэр мөнгө улсын төсөв рүү ордог уу, хувийн байгууллагын халаас руу орж байгаа юу гэдгийг жолооч бид нар яаж мэдэх билээ. Харин урдуур явсан засмал замыг хувийн компани тавьж өгсөн бөгөөд түүнийг төр нь авчихсан юм. Түүнээс төрөөс татварын мөнгөөр хийсэн зүйл биш юм. Бид улсын төсөвт мөнгө төвлөрүүлж байгаа гээд мөнгөө өгөөд байдаг. Хувь хүнээс бол татвар авахгүй, компаниас нь авна. Гэхдээ миний цалин дээрээс татвар гээд 10 хувийг нь суулгаад авчихна.

-Цагдаа нар жолооч нарыг чангалж, журамладаг торгодог гэж жолооч нар ярих юм. Таны хувьд торгуулж байв уу?

-Энэ цагдаа нар бүгд гэрээт цагдаа нар. Энержи ресурсээс цалинждаг. Тэдний машинд илт сайн хандана. Сайн муу их зүйл бий.

-Жолооч нар замынхаа зорчих хэсэг дээр амарч, амьдрах нь зөв үү?

-Хууль ярихаасаа өмнө хуулийг зохицуулдаг байх хэрэгтэй. Эхлээ нөхцлөө бүрдүүлчихээд хуулиа шаардах хэрэгтэй.

-Салбарын сайд, удирдлагууд ирээд ямар нэгэн асуудал шийдвэрлэж өгдөг үү?

-Байнга ирдэг. Хэдхэн хоногийн өмнө Халтар сайд ирж байна гээд энэ гуу жалгаар хог цэвэрлүүлж гүйлдээд байсан. Асуудал шийддэггүй юм.

-Ингэхэд хувь тэрэгтэй Монгол жолооч нар хэр олон байдаг вэ?

-Бараг ховор доо. Ихэнх нь хужаа эзэнтэй хужаа компанийн тэрэг барьж байна. Энд тээвэрлэлт хийдэг 15 мянган жолоочийн бараг 90 хувь нь Хятад хүний ажлыг хийж өгч байна. Жолооч нар нэрэлхээд их сайхан зүйл ярьдаг. Мөнгө төгрөг сайн олдог гэх мэт. Гэхдээ амьдралын үнэн гэж бий. Сайхан нөхцөлд ажиллаж байгаа юм алга.

-Энд ажиллаж байгаа залуус Цагаанхадыг Монголын Солонгос гээд нэрлэчихсэн байна. Тэгэхээр мөнгө сайн хийдэг гэж ойлгоод байгаа?

-Ашиг мөнгөний хувьд боломжийн сайн гэж хэлнэ. Гэхдээ бид нарыг төрөөс анхаарч үзэхгүй байна. Хужаагийн мэдлийн хүмүүс яваад байна. Бид мөнгө олоод ирсэн учир гэртээ очиход нүүр бардам. Энд ирээд урагшаа хил гарахаараа жижигхэн “амьтад” болно. Монголоос намайг хамгаалах ямар эрхзүйн орчин байхгүй. Энд үйлчилгээ эрхэлдэг зоогийн газар, зочид буудлаа стандартай байлгамаар байна. Ядаж цэвэрхэн байвал жолооч нар дуртай орно шүү дээ. Гэтэл байгаа байдал нь үнэн нүд халтирам заваан шүү дээ.

 

Төр засгаас харж үзэх юм байдаг юмуу. Биднийг төрд гээгдэгсэд гэж нэрлэчихсэн. Намайг 2016 онд ирэхэд энд хэдэн цагаан хөөсөнцөр байр байсан. Сүүлд тоо нь нэмэгдсэн болохоос орчны нөхцөл сайжраагүй. Тухайн үед 10 мянган жолооч явдаг байсан бол одоо 15 мянга болтлоо тоо нь өсчээ. Хүний тоо ихэссэн. Нөгөөтэйгүүр гуанз буюу гэр буудлын тоо нэмэгдсэн. Цагаанхаданд бүтээн байгуулалт гэж юу ч байхгүй. Энэ жолооч нар бүгд бор зүрхээрээ явж байгаа учраас тулгамдсан асуудал гэж яриад байх нь ч хаашаа юм бэ. Гэхдээ бидэнд шийдээд өгчих асуудал зөндөө бий. Наад зах нь НАБТ-ын гадна 00-ын асуудал хүнд байдгийг захын жолооч нар хэлнэ дээ
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.