| | USD/MNT 0₮

НДШ-ийн нэмэгдлийг эсэргүүцэж Засгийн газарт шаардлага хүргүүллээ

МҮЭ-ийн холбооноос тавьсан нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийн асуудлаар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хуралдаж нийгмийн даатгалын шимтгэлийн 2 хувийн нэмэгдлийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хойшлуулах, нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлтөд төсөвт болон төр, орон нутгийн өмчит газруудыг жигд хамруулах асуудлыг дэмжиж УИХ, Засгийн газраар холбогдох шийдвэрүүдийг гаргуулахаар тогтсон боловч нийгмийн түншлэлийн хүрээнд гаргасан хамтын шийдвэр одоог хүртэл эцэслэн шийдвэрлээгүй байгааг МҮЭ-ийн холбоо эрс буруушаан эсэргүүцэж өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар "МҮЭ-ийн холбоо хоёрдугаар сарын 1-нээс хойш цахим тэмцлийг эхлүүлсэн үүний үр дүнд НДШ--ийг нэмэгдүүлэх шийдвэрийг 2022 оны нэгдүгээр сарын 1 хүртэл царцаах шаардлагатай гэж үзэж байна. Хөдөлмөр нийгмийн зөвшлийн үндэсний хороо хуралдаж НДШ-ийг нэмэгдүүлэх шийдвэрийг царцаах хэрэгтэй гэсэн саналыг гаргасан. Ерөнхий сайд энэ саналыг УИХ-д оруулж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж мэдэгдсэн. Хоёрдугаар сарын 25-нд гарсан шийдвэр өнөөдрийн байдлаар хэрэгжээгүй байна.

ОУВС-тай тохирсон хөтөлбөрийн хүрээнд НДШ-ийг нэмэгдүүлэх шийдвэр гарсан ч одоо тэгэх шаардлага байхгүй. Цар тахлын үеэр иргэдийн цалин хөлс нэмэгдэхгүй, орлого буурсан тул энэ шийдвэрийг цуцлах хэрэгтэй. Шаардлагыг хүлээн авахгүй бол тэмцлийн дараагийн шатанд шилжинэ" гэлээ.

Капитал банкинд хадгалуулсан гэх 234 тэрбум төгрөгөөс нэг тэрбум орчмыг барагдуулсан. ЭМД-ын 134 тэрбум, ҮОМШӨ-ийн сангийн 60 тэрбум төгрөг сураггүй байна. Эдгээр өр авлагыг барагдуулахад банкны эрх хүлээн авагчид хойрго хандаж байна гэдгийг дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат онцоллоо.

МҮЭ-ийн холбоо, 14 мэргэжил үйлдвэрлэлийн салбарын ҮЭ-ийн холбоо, Нийслэл Улаанбаатар хотын ҮЭ-ийн холбоо, нийслэлийн 9 дүүргийн ҮЭ-ийн холбоо, 21 аймгийн ҮЭ-ийн холбоод иргэд, хөдөлмөрчдийн өмнө тулгамдаж буй эдгээр асуудлуудад УИХ, Засгийн газраас холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлага хүргүүллээ.

НДШ-ийн нэмэгдлийг эсэргүүцэж Засгийн газарт шаардлага хүргүүллээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.