| | USD/MNT 0₮

Унгар улсад амаржсан монгол эмэгтэй коронавирусийн халдвараар нас баржээ

Унгар улсад төрөх дөхөөд байсан Монгол эмэгтэй коронавируст халдварын улмаас нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, тэрбээр 20 гаруй хоног эмчилгээ хийлгэсэн боловч бие нь дээрдэхгүй байсаар нас барсан харамсалтай мэдээг Монгол Улсаас Унгар улсад суугаа Элчин сайд З.Батбаяр өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ. 

Харин талийгаачийн хүүхэд инкубаторт эрүүл энх торниж байгаа аж.

Элчин сайд З.Батбаяр "Муу мэдээ сонсгож байгаадаа хүлцэл өчье. Гайтай энэ муу ковид (Унгар улс) дахин нэг иргэнийг маань аван одлоо. Хэдхэн сарын өмнө хүүхэдтэй болно гээд хөөрч явсан залуухан ээж, үхэлтэй 20 гаруй хоног тэмцэлдсэний дараа тэнгэрт дэвшлээ.

Жирэмсэн байсан шинэ ээж аймшигт өвчнөөс бяцхан охиноо авраад, үрийнхээ зулайг үнэрлэж ч амжилгүй, зүсийг нь харж ч чадалгүй тэртээд одлоо. Ар гэр, хань ижил, бяцхан охин, ойр дотныхонд гүн эмгэнэл илэрхийлье.

Бяцхан охин нь юу ч мэдэхгүй инкубаторт эрүүл энх торниж байгаа бөгөөд аав нь, эмээ өвөө нь Монгол түмэн нь охиныг чинь өсгөж гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэж, сайн хүн болгон хүмүүжүүлэх болноо. Унгарт буй Монголчууд нь туслах болно.

Хань ижил нь сэтгэлээ чанга барьж, охиныхоо төлөө бас ханийхаа төлөө давхар амьдрах ёстой боллоо. Чи чаднаа залуу минь. Охиноо ээж нь байгаа юм шиг сайхан өсгөөрэй, ард түмэн, Монгол зон олон нь хамт байх болно.

Энэ мөрүүдийг гар чичрэн бичиж сууна. Огт уулзаж үзээгүй, танихгүй ч гэсэн үхлийг ялан дийлэхийн төлөө хэрхэн тэмцэж байхыг чинь нүдээр харсан хүний хувьд дүүгээс минь өөрцгүй санагдах залуухан ээж чи Мөнх тэнгэртээ тайван нойрсдоо.

Даяар олноороо, хүн бүр халдвараас сэргийлж, хайртай бүхнээ хамгаалаарай.

Мөнх хөх тэнгэр, уул ус минь ивээх болтугай..." гэж бичжээ.

Ар гэр, хамаатан саданд нь гүн эмгэнэл илэрхийлж байна. 

 

Жирэмсэн байсан шинэ ээж аймшигт өвчнөөс бяцхан охиноо авраад, үрийнхээ зулайг үнэрлэж ч амжилгүй, зүсийг нь харж ч чадалгүй тэртээд одлоо. Ар гэр, хань ижил, бяцхан охин, ойр дотныхонд гүн эмгэнэл илэрхийлье.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.