| | USD/MNT 0₮

“Сү.БАТБОЛД ДЭЛХИЙД ЗАРТАЙ МӨНГӨ УГААГЧИДТАЙ ХОЛБОГДСОН УУ?”

Сү.Батболд нарын луйвар илчлэгдсээр, шинэ баримтууд гарч ирсээр...

Саяхан Ц.Нямдорж сайд цаг үеийн асуудлаар ярилцлага өгөхдөө, “хэрэг хийсэн хүн үйл лайгаа өөрөө үүрэх ёстой”, “хичнээн хүчтэй байлаа ч үнэнд заавал гүйцэгддэг”, “би ер нь хэрэг хийсэн хүмүүсийн асуудлаар бол огт үг дуугардаггүй хүн шүү дээ” гэх утгатай зүйлсийг ярьсан нь үнэхээр л нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаахад хүргэх жинтэй үгс байлаа.

Түүний огт үг дуугардаггүй, дуулиантай хэргүүдийн нэг бол Сү.Батболдын хэрэг мөнөөс мөн.

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хэлж буйгаар Сү.Батболд нарт холбогдох хэрэг гадаад, дотоодын шүүхүүдэд шалгагдаж, Оюу толгой, Эрдэнэтийн орд газруудын баялгаас албан тушаалын байдлаа ашиглан хувьдаа нуугдмал ашиг олж оффшор бүсэд байршуулсан гэх хээл хахуулийн хэргүүдийн хүрээнд хамаарах хохирлын дүн 713,575,000,000 (Долоон зуун арван гурван тэрбум таван зуун далан таван сая төгрөг). Мөн түүнчлэн Америк, Англи, Британийн Виржинийн арал, Сингапур, Хонгконгод 67 сая долларын хөрөнгийг шүүхээс битүүмжилсэн байна. Энэ бүгд нь нийлээд Монгол Улсын жилийн төсвийн зардлын 10 шахам хувьтай тэнцэж байна.

Энэ бол Сү.Батболд Монгол эх орон, ард түмний баялгийг Монголчуудад хохиролтойгоор гадны бүлэг хүмүүст завшуулах үүд хаалгыг нээснийхээ төлөө өөрөө хэмжээлшгүй хөрөнгөжиж, энэ хулгай луйвартаа үр хүүхдээ татан оролцуулсан, тэр бүх бохир мөнгөөрөө улс төрийг МАНАНХҮН багцаар нь “хага базаж” эрхшээлдээ оруулсан байж болзошгүй гашуун үнэний нотолгоо болж байгаа юм.Гадаадын шүүхэд, тэр дундаа, Америк, Англи, Британийн Виржинийн Арал, Сингапур, Хонгконг гэх зэрэг өндөр хөгжилтэй орнуудад ийм буруутгал нэхэмжлэл үндэслэлгүйгээр газар авдаггүйг гадарлахтайгаа байгаа улс төрчид “үг дуугарахгүй”, УИХ-ын чуулган дээр ч амаа үдүүлсэн мэт болж, орон даяар таг чимээгүй байгаа нь үүний нэг илрэл гэж үзэхээр байна.

Энэ том сүлжээ, том луйварчны эсрэг Монголын ард түмний нийтлэг ашиг сонирхлыг хамгаалах нэхэмжлэл гаргаж, улмаар Сү.Батболд нарын үнэнийг илчилж ярилцлага өгснийхөө төлөө хэвлэлийнхэнд болон эрх баригч нарт 7 хоногийн 24 цаг зогсолтгүй балбуулсаар, улмаар албан тушаал буурахад хүрсэн прокурор Ц. Насанбат Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч байхдаа өгсөн ярилцлага дотор нэг ийм мэдээлэл байсныг та бүхэн санаж байгаа байх:

“2006 оны 04 дүгээр сард буюу Монгол Улсад Авлигын эсрэг хууль батлагдахаас гурван сарын өмнө, Сү.Батболд “Премиер Эдж Лимитед” оффшор компанид өөрийн эзэмшдэг хувьцаагаа “Регула Лимитед” хэмээх Британийн Виржинийн Арлуудын өөр нэгэн компанид шилжүүлсэн...2015 оны 06 дугаар сарын 11-нд “Премиер Эдж Лимитед” компанийн хувьцаа энэхүү “Регула Лимитед” гэх компаниас Сү.Батболдын хүү Б.Баттүшигт шилжсэн. Үүнээс хэдэн сарын дараа мөн хүүхдүүд нь болох Б. Баттүшиг, Б. Самаади нар хувьцаа эзэмшигчид болж бүртгүүлсэн.” https://eguur.mn/181156/

Энэ талаарх нотлох баримт нь АНУ-ын шүүхийн цахим хуудас дээр тавигдсан байна.

https://www.pacermonitor.com/public/case/38307397/Agency_for_Policy_Coordination_on_State_Property_et_al_v_JPMorgan_Chase_Bank,_NA?fbclid=IwAR0wrEgY4veUKHcIoETgunxKpgZRisTGXfU8H6nSnWRuvJGSfdRCKR37we4

 “Регула Лимитед” хэмээх энэ оффшор компани бол хууль бус хөрөнгө, орлогыг нуун дарагдуулах, татвар төлөхөөс зайслхийхэд нь туслалцаа үзүүлдэг хэмээн Европ тивд буруутгагдан шалгагдаждэлхий даяар шуугиан тарьж байсан оффшор компанибайж болзошгүй байгаа юм.

Тухайлбал бидний сайн мэдэх Панамын баримтыг ил болгосон Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциум хэмээх байгууллагын нээлттэй мэдээллийн цахим санд энэ талаар тодорхой өгүүлжээ.

https://www.icij.org/investigations/panama-papers/the-dummy-company-at-the-heart-of-deutsche-bank-money-laundering-probe/

Тус сайтад бичсэнээр, “Регулагаар дамжуулан дэлхийн хамгийн томд тооцогдох банк нь баячуудын луйвар ба жинхэнэ мэдээллийг яаж далдлан хамгаалж байсныг илчлэн харуулж байна. Герман улсын цагдаагийн байгууллага, татварын байцаагчид эрүүгийн мөрдөн шалгах ажлын хүрээнд тус улсын иргэншилтэй банкир, нягтлан бодогч,  татварын зөвлөхүүдийн гэр болон албан өрөөнд нэгжлэг хийжээ. Албаныхан Регула компанийг 900 гаруй чинээлэг Герман иргэдэд татвараас зайлсхийж, улсын сангаас мөнгөө нуухад тусалсан хэмээн буруутгаж байна. Регула бол нийтэд хэлж заншсанаар “төлөөний” буюу “тоглоомын” компани юм. Жилийн хэдэн зуун долларын үнээр банкууд, хуулийн фирмууд, оффшор санхүүгийн мэргэжилтнүүдийн санал болгодог Регула мэтийн “тоглоомын” компаниуд оффшор компанийн баримт бичгүүд дээр удирдлага эсхүл хувьцаа эзэмшигчээр бичигдсэн байх нь олонтаа. Харин компанийн жинхэнэ өмчлөгч нь олон нийтэд ил баримтуудад огт байдаггүй. Төлөөний этгээдүүд нь татварын байгууллагаас хөрөнгөө нуух, авлигын үйлдээ далдлах зэрэг эрмэлзэлтэй олон улсад нөлөө, эрх мэдэлтэй хүмүүс эсвэл гэмт хэрэгтнүүдийн дунд нийтлэг байна. Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциум (ЭССОУК) анх энэ тухай 2013 оны “Нууц мэдээг худалдахуй” хэмээх мөрдөн шалгах ажиллагаа буюу Оффшорын талаар илчлэгдсэн баримт бичгийн хүрээнд гаргаж тавьсан бөгөөд Deutsche Bank үйлчлүүлэгчддээ хэдэн зуун оффшор компаниа зохицуулахад нь хэрхэн тусалж байсан тухай дэлгэрэнгүй мэдээллийг мөн багтаасан байсан юм. Төлөөний компани харин ЭССОУК-ын Швейцарийн илчлэгдсэн баримтууд (Swiss Leaks), Панамын баримт бичиг (Panama Papers) болон Диваажингийн баримт бичиг (Paradise Papers) зэргээр гарч ирэв” гэжээ.

Энгийнээр хэлбэл, уг Регула гэх компани нь мэргэжлийн түвшинд мөнгө угаалт хийдэг оффшорын тогтолцоонд эх наймаалж лугаа байр суурийг эзэлдэг, айдас төрүүлэм сүлжээний зангилаа гэж харагддаг.

https://offshoreleaks.icij.org/nodes/89240

Сү.Батболдыг өмөөрч хамгаалдаг хүмүүс “оффшор бүхэн хууль бус биш”, “Сү.Батболдын өмч хөрөнгө холбогдох хуулийн хүрээнд худалдагдаж шилжүүлэгдсэн”, “дотно найзууд хооронд олон жилийн өмнө хийгдсэн ердийн л нэг наймаа” зэргээр хаацайлах гэж оролддог. Тэгвэл Сү.Батболд яагаад оффшор дахь олон мянган компаниуд дотроос хамгийн бохир, мөнгө угаагч гэгдэх “Регула Лимитед” компанид хөрөнгө, эрхээ 2006-2015 онд нэр төдий шилжүүлэн нууж байгаад, хожим хүү Б. Баттүшиг, Б. Самади нартаа дамжуулсан бэ гэдэг “зөв хариулт зохиож олоход амаргүй” нэгэн асуулт гарч ирээд байна. Тэрээр энэ мэт асуулт, гашуун үнэнээс зайлсхийхдээ, АНУ-ын шүүхэд дэлхийн зиндааны үнэтэй өмгөөлөгчөөрөө дамжуулан “Сү.Батболд бол Монголын ардчиллыг хамгаалагч төрийн зүгтгэлтэн”, Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөн үед түүнийг гүтгэх болсон гэх тайлбарыг өгүүлж, энэ хэрэг маргааныг “зөвхөн Монголдоо” шийдүүлмээр байна гэж гүрийж яваа гэх баримтуудын сураг сонсогдож эхэлсэн.

Төрсөн үр хүүхдээ бохир тоглоомдоо татан оролцуулж, хувь заяа, ирээдүйгээр нь тоглож чадаж байгаа харгис хатуу сэтгэлтэй эцэг хүн эх орон, нам засгаа бодож хайрлах нь их л эргэлзээтэй санагдана.

Сү.Батболдыг ямар ч хамаагүй аргаар өмгөөлөн хамгаалахаар өндөр дуугаар “байгаа онохгүй” ярьж, нэг намын бяр чадлаар эзэрхийлж буй нэр нөлөө бүхий улс төрчид маань дэлхийд зартай мөнгө угаагч схемийн хамсаатан болж Европ, Америк, Англи, Азийн өндөр хөгжилтэй орнуудын persona non grata хар, саарал жагсаалтад орох вий дээ...бодох л асуудал.

Саяхан Ц.Нямдорж сайд цаг үеийн асуудлаар ярилцлага өгөхдөө, “хэрэг хийсэн хүн үйл лайгаа өөрөө үүрэх ёстой”, “хичнээн хүчтэй байлаа ч үнэнд заавал гүйцэгддэг”, “би ер нь хэрэг хийсэн хүмүүсийн асуудлаар бол огт үг дуугардаггүй хүн шүү дээ” гэх утгатай зүйлсийг ярьсан нь үнэхээр л нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаахад хүргэх жинтэй үгс байлаа.
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.