| | USD/MNT 0₮

Л.Оюунтуяа:Өөрийгөө ядрааж сульдаахгүй, эрүүлээр жингээ хасъё гэж бодож байгаа бол Кето хоол ид

Сүүлийн үед жингийн илүүдэлтэй хүмүүс кето хоолыг ихэд сонирхон идэж, эрчимтэй жингээ хасч байгаа харагддаг. Нүүрс усаа хасаж ийм хоолны дэглэм барьсан хүмүүс эрчимтэй турдаг талаар “Кето Монголиа” группийн админ ярьсан юм. Түүний хувьд гэр бүлээрээ кето хоолыг хэвшил болгож хэрэглэж сурсан ажээ.

Ингээд “Кето Монголиа” группийн админ Л.Оюунтуяатай кето хоол болон кето хоолны жорын талаар ярилцлаа.

-Кето хоол гэж яг юуг хэлэх вэ?

-Кето хоол гэдэг нь энгийн нүүрс усаа хязгаарлахаар хүний бие өөх тосоо шатаах төлөвт шилждэг. Үүнийг бид кето төлөвт байна гэж ярьдаг. Өөх тосоо энерги болгон хувиргаж бодисын солилцоогоо өөрчилж байна гэсэн үг юм. Энгийн нүүрс усаа хасна гэхээр ойлгомжтой сахар, гурил, цагаан будаа эдгээр бүтээгдэхүүн орсон бүх төрлийн хоолнууд цардуул ихтэй ногоо болох төмсийг хэрэглэхгүй байх. Эрүүл хоолоор эрүүлжиж биеийн жингээ хаяна гэсэн үг. Түүнээс янз бүрийн тураах бүтээгдэхүүн хэрэглээд турах арга биш юм гэж хэлнэ. Хамгийн зөв аргаар буюу бэлчээрийн малын махаар жингээ хаях бүрэн боломжтой шүү.

-Таныг гэр бүлээрээ кето хоол иддэг гэж сонссон. Хэзээнээс эхэлж кето хоол идэж эхэлсэн бэ?

-Хоёр жилийн өмнө “Цахим эмч”-ийн хоёр долоо хоногийн хөтөлбөрийг сонирхож үзсэн. Манай хүн амархан жин хасаж, нэмдэг төрлийн хүн. Тэгээд өнгөрсөн жил 102 кг хүрээд ирэхээр нь энэ хөтөлбөрт хамрагдах санал тавьсан. Хөтөлбөрийн үед хоолны цэс өгсөн байсан л даа. Цэсийн дагуу хоол хийж байхдаа энэ тухай илүү их сонирхон судалж эхэлтэл кето хооллолт болж таарсан. Судлах тусам надад маш их таалагдсан. Тэгээд л кетод дурласан.

-Манай монголчуудын ихэвчлэн иддэг хоол хүнс. Гэтэл эдгээрийг идэхээ байчихаар яг юу идэх билээ?

-Яг тийм. Хүмүүс их гайхаж асуудаг. Гэхдээ энд нэг их гайхаад байх зүйл байхгүй. Ногоо мах хангалттай иднэ гэсэн үг. Хүмүүс кето хоол гэхээр мах, өөх тос их иддэг гэж ойлгоод байдаг. Үнэндээ бол тийм биш. Монголчууд гадныхыг бодвол өөх тос ихтэй хоол хүнс хэрэглэдэг. Энгийн л иддэг хоолоо иднэ. Гэхдээ дээрийн хэлсэнчлэн зүйлийг хэрэглэхгүй. Фитнес дэглэм болохоор өөх тосоо багасгах, тахины цээж болон булчин мах идэх гэх мэт. Харин кето хоол бол өөх тосоо хасахгүй гэсэн үг.  Бид нарын идэж байгаа мах өөрөө тослог ихтэй. Самар, зөөхий, өрөмд, өндөгт ч өөх тос агуулагдаж байгаа. Тэгэхээр кето хоолны дэглэм барих гэж байгаа барихаар шийдсэн, барьж байгаа хүн та мах, ногоогоо холиод өөрсдөө янз бүрийн хоол зохиож хийж идэж болно.  

-Өөх гэж юу юм бэ?

-Өөх гэдэг чинь бид нар дараа нь ашиглана гээд нөөцөлсөн нөөцийг хэлнэ. Бид нар байнга идэхээр нөөцөлсөн өөхөө ашигладаггүй. Дараа нь ашиглана гэж бодсон нөөцөө хэзээ ч ашигладаггүй, ашиглах боломжийг нь олгодоггүй. Кето болохоор яадаг вэ гэхээр өөрийнхөө өөхийг ашиглах боломжтой. Тийм учраас кето хоол өлсөхгүйгээр ядрахгүй жингээ хаяна.

-Кето хоол гэхээр төмс, гурил болохгүй гэж ойлгодог. Гэвч төмсний хучмал хийсэн хоолыг тань харсан. Төмсийг юугаар орлуулсан бэ?

-Цэцэгт цагаан байцаагаар орлуулж болно. Цагаан цэцэгт байцааг сайтар угаагаад жижиглэж хэрчээд 10-15 минут чигнэнэ. Жигнэвэл шим тэжээл нь илүү.

-Яг кето хоолонд мах ногооноос гадна ямар хүнсийг хэрэглэ гэж зөвлөдөг вэ?

-Эрүүл аль болох байгалийн хүнсийг хэрэглэ гэж зөвлөдөг. Тэр дундаа бэлчээрийн малын махыг түлхүү хэрэглэх ёстой гэж зөвлөе. Монгол түмэн азтай ард түмэн бэлчээртээ явж байгаа өвсний сайныг иддэг малынхаа махыг иддэгээрээ азтай. Хүмүүс мах их хэрэглэнэ гэж ойлгоод байх шиг. Мах их гэхээсээ илүүтэй нарийн ногоо түлхүү хэрэглэ. Өлсөх мэдрэмждээ тохируулаад өөх тосоо хэрэглэж болно.

-Кето хоолны хориглодог хүнсний ногоо гэж юу байгаа вэ?

-Төмс, манжин, хүрэн манжин, чихэрлэг төмсийг хэрэглэдэггүй. Лууванг бол би хоолондоо хэрэглэчихдэг юм. Амин дэмтэй. Хүмүүс хөрсөн дор ургадаг ногоонууд болохгүй гэж ойлгоод лууванг хэрэглэдэггүй. Гэхдээ түүхийгээр нь хэрэглэвэл бүр илүү үр дүнтэй. Харин хийсэн хоолоо хар перц, байгалийн давсаар амтална. Мөн амтлагчийн тухайд бэлэхэд бэлэн амтлагчаас татгалзаарай. Тэдгээр амтлагчууд сахар ихтэй байдаг. Харин байгалийн хатаасан ургамлыг хэрэглэх нь зөв.

-Кето хоол идсэнээр цадах мэдрэмжээ хэр авах бэ. Зарим хүмүүс ийм дэглэмээр хооллоод байдаг гэвч өлсөөд байдаг цаддаггүй гэж ярьдаг юм билээ?

-Би дэглэм гэж ярих дургүй. Кето хоололтоор жингээ хаях боломжтой. Хүний бие их ухаалаг шүү дээ. Хоолоо идээд цадсан бол “Цадсан байна” гэж дохио өгдөг. Байгалийн ногоо энэ хоолонд ороод ирэхээр хүн хэтрүүлж идэж чаддаггүй юм. Би бол идэх хоолоо нарийн хэмжээд байдаггүй. Мэдрэмжиндээ тааруулаад ойр ойрхон шимтэй тэжээлтэй хооллоод явчихдаг юм.

-Хаврын тарчиг цагаар өөрийгөө ядрааж жин хаяна гэдэг их хэцүү чанга гэж ярьдаг. Кето хоол идэхээр ядарч сульдах уу?

-Хүмүүс хавар болж байгаа болохоор нимгэн хувцсандаа орж гоё болдог. Гэхдээ биеэ ядраалгүй чилээлгүй, шөлтэй шимтэй олон төрлийн ногоогоор баялаг эрүүл хоол идэх хэрэгтэй. Битгий их хоолоо хасаж жингээ хаяаарай. Хоолоо сойх юм бол хүний бие эсрэгээрээ таргална. Өөхөө ашиглахгүй нөөцөлж байна гэсэн үг. Харин зөв хоолоо идээд ирэхээр хүний бие аандаа жингээ зөв хаяад эхэлдэг. Ер нь бол дээр үеийн маягаар хооллоод явбал эрүүл дээ.

-Кетогийн үед дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөдөг үү?

-Дасгал хөдөлгөөн хийвэл илүү үр дүнтэй шүү.

-Кетогийн үед бие эвгүйрхэх шинж илэрч байгаа тухай зарим хүмүүс дурдсан байсан. Энэ ямар учиртай юм бол?

-Манайхан зөвшөөрсөн хүнсийг хэтрүүлэн хэрэглэх үе байдаг. Уураг хэтрүүлсэн тохиолдолд бөөр өвдөх нь бий. Мэдээж олон жилийн турш хүний бие хэрэглэж дассан зүйлээ хэрэглэхээ болихоор шилжилтийн үед “Кетофлү” буюу кето ханиадаар өвчилдөг. Яг ханиад хүрсэн юм шиг мэдрэмж төрж, бие сульдана. Нүүрс ус биеэс гадагшлахдаа устай хамт гадагшилдаг. Учир нь өөхөн эдийг хүний бие устай хамт нөөцөлсөн байдаг учир эхний үед амархан жин хасдаг нэг шалтгаан нь энэ. Тэр устай хамт хүний биед байх ёстой магни, кали, натри зэрэг элементүүд гарчихдаг. Тэгэхээр эдгээрийг агуулсан хүнс түлхүү хэрэглэх хэрэгтэй. Мөн давс сайн хэрэглэх ёстой байдаг. Гэхдээ манайд ихээр зарагддаг иоджуулсан давс биш. Сайн төрлийн эрдэст далайн давс, ягаан давс, жамц давс зэргийг түлхүү хэрэглэх хэрэгтэй байдаг. Мөн ус сайн уух хэрэгтэй.

 

 

Төмс, манжин, хүрэн манжин, чихэрлэг төмсийг хэрэглэдэггүй. Лууванг бол би хоолондоо хэрэглэчихдэг юм. Амин дэмтэй. Хүмүүс хөрсөн дор ургадаг ногоонууд болохгүй гэж ойлгоод лууванг хэрэглэдэггүй. Гэхдээ түүхийгээр нь хэрэглэвэл бүр илүү үр дүнтэй. Харин хийсэн хоолоо хар перц, байгалийн давсаар амтална. Мөн амтлагчийн тухайд бэлэхэд бэлэн амтлагчаас татгалзаарай. Тэдгээр амтлагчууд сахар ихтэй байдаг. Харин байгалийн хатаасан ургамлыг хэрэглэх нь зө
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.