| | USD/MNT 0₮

МАН-ын бүлэг НДШ-ийг нэмэгдүүлэх шийдвэрт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авчээ

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Ерөнхийлөгчийн зарим хоригийг хэсэгчлэн хүлээж авах боломжгүй гэж шийдвэрлэлээ. Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хориг тавьсан бөгөөд үүнийг хүлээн авсангүй. 

Харин Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийг дагалдаж батлагдсан Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйлд нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлээс төвлөрч, зарцуулагдах 174,2 тэрбум төгрөгийн хэмжээнд хэсэгчлэн тавьсан хоригийг МАН-ыг бүлгийн олонхи нь хүлээн авах боломжтой хэмээн үзжээ.

Хоёрдугаарт, Өмгөөллийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд бүхэлд нь хүлээж авахгүй болжгүй гэдэг улс төрийн шийдвэр гаргасан юм. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд ОХУ-д айлчилсантай холбогдуулж, Шадар сайд Ө.Энхтүвшин бүлгийн гишүүдэд мэдээлэл хүргэлээ.

Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Ерөнхийлөгч 2020 оны төсөвтэй холбогдуулж дөрвөн асуудлаар хориг тавьсан. Төсвийн тухай хуультай холбоотой хоёр асуудал бий. 2020 онд обьект нь эхлээд, 2021-2022 онд дамжин хэрэгжиж байгаа төслийг улсын төсвөөс хасах тухай хоёр санал ирүүлсэн. Бүлэг хэлэлцээд төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй. Цаашлаад Төсвийн тухай хуулийг дагалдаж гарсан Ирээдүйн өв сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан төсөлд бүхэлд нь хориг тавьсан. Энэ хоригийг бүлэг хэлэлцээд мөн хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Харин Нийгмийн даатгалын сангийн төсвийн тухай хуульд тавьсан хоригийг хүлээж авах нь зөв гэдэгт санал нэгдлээ. Учир нь, нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ өсч байгаатай холбоотой хориг учраас бүлгийн гишүүдийн олонх нь хүлээж авах нь зөв гэж үзсэн” гэв.

Өмгөөллийн тухай хуульд тавьсан хоригийн талаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар “Ерөнхийлөгчөөс 2019 оны арванхоёрдугаар сарын 03-ны өдөр Өмгөөллийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан бусад хуульд хориг тавьсан. Хоригт дурсанаар нэг чиг үүрэгтэй салбарт давхардсан чиг үүрэг бүхий ижил төрлийн холбоод байх нь зохимжгүй. Иймээс Өмгөөллийн хуулиар зохицуулах харилцааг хуульчдын холбоо 6 жил зохицуулж ирсэн. Хуульчдын холбоонд өмгөөлөгчдийн холбоо харьяалагдаад явахад болохгүй зүйлгүй. Хуульчдын холбоо ажиллаад тодорхой үр дүн гарч байгаа. Өмгөөллийн үйл ажиллагааны эрхлэх эрх үүсч байгаа хуульчдын шалгалтыг Өмгөөллийн тухай хуулиар зохицуулж байгаа нь зохимжгүй гэж хориг тавьсан.

Монголын өмгөөлөгчдийн холбооноос Ерөнхийлөгчийн хоригтой холбогдуулж тайлбар ирүүлсэн. 1990 онд батласан НҮБ-ын Өмгөөлөгчийн эрх зүйн зарчимд Өмгөөлөгчийн мэргэжлийн холбоо зайлшгүй байх, өмгөөлөгч нь холбоондоо нэгдэн орох эрхтэй. Хууль зүйн тогтолцоотой газар бүрт нэг эсвэл түүнээс дээш өмгөөлөгчтэй өөрийгөө санхүүжүүлдэг бие даасан холбоод байх гэсэн олон улсын суурь зарчимтай зөрчилдөж байна. Иймд 77 жилийн түүхтэй өмгөөллийн байгууллага нь бие даасан байдлаар үйл ажиллагаа явуулах ёстой” гэсэн юм.

МАН-ын бүлэг НДШ-ийг нэмэгдүүлэх шийдвэрт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авчээ
Улс төр

Сэтгэгдэл (7)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.