| | USD/MNT 0₮

С.Амарсайхан: Хотын даргын хувьд батлагдсан төсвийг эргэж харах албан бичгийг НИТХ-ын даргад өргөн барина

Автозам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэх шийдвэрийг эсэргүүцсэн иргэд өнөөдөр 08.00 цагаас эхлэн автомашинтай жагсаалыг өрнүүлж байна. Уг жагсаалтай холбогдуулан Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхантай уулзаж, НИТХ-ыг яаралтай хуралдуулан, шийдвэрээ эргэн харахыг үүрэг болгосон. Энэ үеэрээ Ерөнхий сайд "Автозам ашигласны хураамж нэмснийг эргэж харах нь зүйтэй. Олон нийтийн эрх ашгийг хөндсөн ямар нэг асуудлаар шийдвэр гаргуулахдаа иргэдийн санал бодлыг сонсож, бодлого, үйл ажиллагаандаа тусгаж байх хэрэгтэй" хэмээн онцлов. Харин Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хэлэхдээ “Нийслэлийн 2020 оны төсөв их хэцүү батлагдсан. Өөрөөр хэлбэл, УИХ-аас баталсан төсвийн хүрээнд хотын ажлыг явуулахад хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Иймд НИТХ-аас төсвийг батлахдаа автозам ашигласны хураамжийг моторын багтаамж, овор хэмжээ болон байгальд үзүүлж буй хор нөлөөгөөр нь эрэмбэлж, өөр өөр тогтоосон. Харин Ерөнхий сайдын зүгээс энэхүү шийдвэрийг эргэн харж, олон нийтийн санал бодлыг тусгаж, аль болох зөв хувилбараар шийдвэрлэх нь зүйтэй гэсэн үүрэг чиглэл өглөө. НИТХ-ын хуралдаанаар батлагдсан төсвийг эргэж харж, боломжит хувилбараар шийдвэрлэх бичгийг хотын даргын хувьд НИТХ-ын даргад өргөн барихаар боллоо. Гэхдээ НИТХ-д өргөн барихад хуулийн дагуу хугацаа шаардагдана. Багадаа гурван хоногийн өмнө өргөн барих ёстой. Дараа нь НИТХ-ын ээлжит болон ээлжит бус хурлыг товлож, төлөөлөгчид хуралдана” гэлээ.

С.Амарсайхан: Хотын даргын хувьд батлагдсан төсвийг эргэж харах албан бичгийг НИТХ-ын даргад өргөн барина
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.