| | USD/MNT 0₮
“Төрийн байгууллага шат шатандаа сахилгаа дээшлүүлж, алдаа гаргавал хариуцлагаа үүрч чаддаг байх ёстой. Би Монголын улс төрд шинэ соёл оруулж байна”. Энэ бол Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн огцрохдоо хэлсэн үг. Үүний дараа Монгол улс төрд нэгэн сайн жишиг тогтох нь хэмээн иргэд битүүхэндээ баярлаж байсансан. Бид дэлхийн ийм жишгийг олон харж байсан. Ялангуяа Япон улсын төрийн албан тушаалтнууд хариуцлагын бус ёсзүйн жижиг алдаа гаргасан ч ард түмнийхээ өмнө толгой бөхийн уучлалт хүсч, албан тушаалаа огцордог жамтай. Харин яг ийм жишгийг Ерөнхий сайд асан, МАН-ын дарга У.Хүрэлсүх гаргасан нь сайшаалтай. Үүний дараа түүний танхим бүхэлдээ огцом, бид 32 дахь Ерөнхий сайдаа хүлээн авсан. Тэрбээр өмнөх мэргэжлийн сайдуудыг танхимдаа үлдээж, гүйцэтгэж амжаагүй ажлуудыг нь үргэлжлүүлэх боломжийг олгосон. Гэтэл одоогийн танхимаас хоёр ч сайд өргөдлөө бичих нөхцөл нь бүрдчихлээ. Гэтэл тус сайд нар өргөдөл бичих нь бүү хэл өөрсдийнхөө арьсыг хамгаалж, хэвлэлийн хурал хийж, сэтгүүлчдийг бараг л улстөржилт хийж байна хэмээн зэмлэх нь холгүй сууна.
Энх цагт эх орондоо тангараг өргөсөн цэргүүд нэг нэгээрээ шороонд “булагдаж” байхад алдаагаа бусад руу чихэх Г.Сайханбаяр ичиг, ичиг
Ээж аавын сайхан үрийг “Эх орон чинь дуудаж байна. Очихгүй бол эх орондоо урвасан гэмт хэрэг тохно” хэмээн сүрдүүлж авч явчихаад цогцосыг нь аваарай гээд ар гэрийхэнд нь дуулгана гэдэг ямар гутамшигтай вэ. Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж буй хугацаат цэргийн алба хаагч, 21 настай Ц.Б-ыг салааны захирагч нь зодож, амь насыг нь “бүрэлгэсэн” хэрэг одоог хүртэл олныг цочроосоор байна.
Баттай эх сурвалжуудаас болсон явдлын талаар тодруулахад “Салааны захирагч дэслэгч Д.Г хэмээх, 25 настай залуу согтуудаа салааныхаа 20 цэргийг амарч байхад нь Соёл, амралтын танхимд оруулан жагсааж, гар дээр нь сунайлгах зэргээр дэглэн улмаар “Шанаа даах хүн байна уу” хэмээн агсарч, байлдагч Ц.Б-ыг босгон нэг бус удаа элэг рүү нь цохисон” байгаа юм.
Хамгийн гол нь дэслэгч Д.Г-ыг согтуудаа ангийн байрлал руу нэвтэрсэн үү, эсвэл цэргийн ангид архи нууцаар оруулж уусан уу гэдгийг тогтоохоор цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.
Үүгээр ч зогсохгүй уг хэрэгтэй давхцуулан зэвсэгт хүчний зарим ангид цэргүүдээ дэглэсэн тохиолдол ганц энэ биш гэнэ. Өөр хоёр ч ангид дарга, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэсэн асуудлыг БХЯ-ныхан шалгаж байгаа сурагтай. Ер нь цэрэгт явсан хөвгүүд дарамтад хэцүү байгаагаа ар гэрийхэндээ хэлсээр байж. Тухайлбал, Дорноговь аймгийн 0129 дүгээр ангид гэрээт цэргийн алба хааж байсан Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат 21 настай залуу өөрийгөө боомилж амиа хорлосон хэрэг гарсан.Талийгаач “Намайг эндээс аваач. Маш их дарамттай байна” хэмээн ар гэртээ мессеж илгээсэн байдаг.
Энх цагт эрүүл саруул хүүгээ эх орны дуудлагаар цэрэгт явуулсан ч амьгүй биеийг нь хүлээн авсан ижий аавын зүрх эмтэрч, шаналж суухад хэдэн дарга нар мэдэгдэл хийсэн болж аргацааж, тавхан жилийн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, буяны ажлын зардал олгоно гээд сууж байгаа нь доромжлол гэлтэй.
Дээрх бүх хэргүүд батлан хамгаалах, зэвсэгт хүчний салбар эзэнгүй болсныг илтгэх мэт. Хэрэг гарахаар л бие бие рүүгээ чихэж, хэдэн төгрөгөөр ар гэрийнхнийх нь амыг таглаад, бүрэн эрхийн хугацаа нь дуусаж буй Ерөнхийлөгч рүү бурууг бухаад өнгөрч буй Г.Сайханбаяр сайд ичиг, ичиг.
Халдварын улаан бүсэд VIP үйлчилгээ нэхсэн Шадар сайдын гэргий Ч.Ичинхорлоо, эхнэрээ өмөөрсөн дарга С.Амарсайханы ичгүүргүй “төрх”
Орчин цагийн улс төрийн романы эцэг гэгддэг Жорж Оруэллийн хамгийн алдартай бүтээлүүдийн нэг болох "Амьтны Ферм" улс төрийн элэглэлд “Хорвоо ертөнц дээр бүх амьтад тэгш эрхтэй боловч гахай илүү эрхтэй” хэмээн өгүүлсэн байдаг. Гахай үнэхээр л илүү эрхтэй ажээ. Үүний адилаар дарга болон даргын гэр бүл илүү давуу эрхтэйг бид өчигдөр нүдээр харлаа. Цар тахалтай өдөр шөнөгүй нойр хоолоо хасан байж тэмцэж буй эмч, эмнэлгийн ажилтнуудын нөр их зүтгэлийн ганцхан даргын эхнэр үгүй хийчихлээ. Тодруулбал, УОК-ын дарга Шадар сайд С.Амарсайханы эхнэр Ч.Ичинхорлоо халдварын улаан бүс рүү нэвтэрч, бас болоогүй люкс өрөө гарга гэж “галзуурсан” гэх мэдээлэл чих дэлсэв.
Өнгөрсөн арванхоёрдугаар сард “Хорт хавдартай аавыгаа эцсийн удаа цонхны цаанаас хармаар байна. Надад өмсгөж, хамгаалж болох бүх юмыг өмсгөөд өг” гээд цурхиртал уйлж байсан Ж.Мөнхцэцэгийг уншигчид санаж буй биз ээ. Тэр бүсгүй “Аав өнгөрөхөөсөө өмнө ахтай цуг тусгаарлалтын байрны гадаа ирж, холоос охиндоо царайгаа харуулчихаад, сэтгэлээ дэвтээгээд явсан. Тэгээд л дахиж аавыгаа хараагүй, уулзаж ч чадсангүй” хэмээн ярьсан нь олны сэтгэлийг өвтгөсөн. Маш хүнд өвчтэй аавыгаа ч эцсийн замд нь үдэж чадаагүй нэгэн байхад даргын эхнэр аав ээж дээрээ чөлөөтэй орж, гарч, мэдээлэл өгсөн ажилчдадаа ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр хариуцлага тооцно хэмээн дөвчигнөж байх юм.
Мөн бурууг нь дэлгэсэн сэтгүүлчдийг улс төрийн зохион байгуулалтайгаар дайрч байна хэмээн зэмлэж буй С.Амарсайхан сайд албан тушаалаа огцрох цаг нь болжээ. Эхнэрийнхээ талаар мэдээлэл хийх үеэрээ “Би албан тушаалтай зууралдахгүй. Хууль журмын хүрээнд шийдвэрлэх ёстой” хэмээн “томорсон”. Тэгвэл хэлсэн үгэндээ эзэн болж, албан тушаалаа чаддаг нэгэнд нь хүлээлгэн өгөх этик чинь хаана байна вэ, С.Амарсайхан дарга аа.