| | USD/MNT 0₮

Нэг км төмөр зам 3,9 сая ам.доллар, нэг км гүүрэн зам 42 сая ам.долларын өртөгтэй. Аль нь хэрэгтэй вэ?

Коронавирусийн цар тахлын үед бүгд бүсээ дээд зэргээр чангалах ёстой төрийн өмчийн байгууллагууд төсвийн мөнгийг үр ашиггүйгээр зарцуулж байгааг бид мэдээлсээр байгаа. Тэд хэдэн зуун саяар автомашин авах тендер зарлаж, хэнд ч хэрэггүй цэцэрлэгт хүрээлэн засаж янзлахад 500 саяыг зарцуулахаар төсөвлөж сууна. Гэтэл ард иргэдийн амьдрал туйлдаа хүрч буй. Цар тахлын улмаас хил хаагдаж, аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж, экспорт, импорт 50-60 хувь хумигдаад байгааг экспертүүд хэлж байгаа.

Тэгтэл манай төрийнхөн хэдэн зуун сая төгрөг ч бус долларыг зам харгуй засаж янзлахад зарцуулж байгаа нь шударга бус. Мэдээж зам дагаж хөгжил гэгчээр замын бүтээн байгуулалтад хөрөнгө төсөв зарцуулалгүй л яахав. Гэхдээ манай улсад баригдаж буй зам хамгийн ихдээ ганц хоёрхон жилийн настай. Хүчтэй үргэлжилсэн аадар борооны улмаас нийслэл хот бүхэлдээ усанд автаж, олон ч өрх орон гэргүй болж байсан гашуун түүх бидэнд бий. Ийм байж жил бүр зам засахад олон тэрбумаар нь төсөвлөх хэрэг байгаа юу.

Хэд хэдэн жишээ дурдъя.

2018 оноос хэрэгжүүлж буй томоохон ажлын нэг бол Замын цагдаагийн газрын баруун урд гүүрэн гарц барих юм. Гүүрэн гарц барихтай холбоотой нийгэмд үүсээд буй нэг шүүмжлэл бол ганцхан км замыг 47 сая ам.долларын санхүүжилтээр хийж гүйцэтгэх нь хэтэрхий өндөр дүн гэх. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар хотын төвтэй маш ойрхон машинд зориулсан гүүрэн зам барих нь эдийн засаг, эрүүл мэнд, байгаль орчны хувьд маш муу гэж байсан. Гүүрэн гарцыг автомашины түгжрээг багасгах зорилгоор барихаар шийдвэр гаргасан. Гэтэл замаа өргөсгөлөө гээд хотын түгжрээ буурдаггүй гэдгийг олон хотууд туршаад мэдчихсэн. Учир нь зам нээгдмэгц тэр замаар явах эрэлт бүүр нэмэгдэж тэр хэмжээгээрээ олон машин явдаг болж түгжрээ үргэлжилсэн. Ялангуяа манай хот шиг хаа сайгүй түгжирдэг газарт энэ зэргийн өөрчлөлт олигтой үр дүн авчраагүй. Нэмж хэлэхэд барьсан гүүрэн гарц ердөө л дөрвөн эгнээ. Тодруулбал, эл гүүрэн гарц нээгдсэнээр Энхтайвны гүүрний замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, Замын цагдаагийн газрын уулзварын түгжрэлийг 30 хувиар бууруулах боломжтой хэмээж байсан ч эсрэгээрээ түгжрэл үүссэнээр шүүмжлэл дагуулсан.

Мөн иймэрхүү гүүрэн гарцыг арчлах, засах зардал маш өндөр байдаг. Шинээр баригдах үед мэдэгдэхгүй ч 10 жилийн дараанаас л жил бүр маш өндөр зардлаар засах арчлах хэрэг гарна. Урт хугацаандаа засах болон нураахад эхний 42.3 сая ам.доллараас илүү зардал гарахыг үгүйсгэхгүй. Манай хот шиг хангалттай асуудалтай газарт өндөр зардлаар нэмж асуудал барих шаардлага байхгүй. Хамгийн ноцтой нь 42 сая ам.долларын зээлээр баригдаж буй тус гүүрний хүүнд гэхэд л өдөрт 30 сая төгрөг урсахаар байгаа аж. Энэ талаар МХАҮТ-ийн Ерөнхийлөгч О.Амартүвшин "Гүүр барих нь сайн хэдий ч бүгдийг тооцож байхгүй бол хэцүү. Энэ 45 сая ам. долларын зээлийн гүүрний зөвхөн хүүгийн зардалд 30 орчим сая төгрөг" хэмээн жиргэж байжээ.

Тэгвэл бидэнд эхний ээлжинд ямар бүтээн байгуулалтад төсөв гаргах хэрэгтэй вэ. Экспорт, импорт хумигдаад байгаа өнөө үед төмөр замын ачаа тээврийг идэвхжүүлэх хэрэгтэй. Олон улсын ачаа тээвэрлэлтэд төмөр замын тээвэр томоохон байр суурь эзэлдэг. Төмөр замын тээвэр нь хуурай замын тээврийн төрөл хэлбэрүүдийн дотроос их хэмжээний ачааг харьцангуй богино хугацаанд, харьцангуй бага зардлаар тээвэрлэх боломжийг олгодгоороо давуутай юм. Үүгээр ч зогсохгүй бараа бүтээгдэхүүнийг хурдан хугацаанд тээвэрлэх боломжтой. Иймд яг одоо баригдаж буй Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км шинэ төмөр замын төслийг ойрын хугацаанд ашиглалтад оруулах учиртай.

Хамгийн энгийн жишээ дурдъя. Б.Энх-Амгалан тухайн үедээ Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 208 км төмөр замыг барих нийт өртөг 807 сая ам.доллар гэж мэдэгдэж байсан. Үүнийг хуваагаад үзвэл, нэг км замыг 3,9 сая ам.доллараар барих юм.

Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогыг 2010 онд  одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд байхдаа УИХ-аар батлуулсан байдаг. Түүнээс хойш нэлээн цаг хугацаа өнгөрч, хэл амтай янз бүрийн байдалтай явсаар өдийг хүрсэн ч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч болонгуутаа төмөр замын төслийг эхлүүлэх үүрэг чиглэл өгсөн. Тухайлбал, баялгаа эдийн засагт эргэлтэд үе шат, үр ашигтайгаар оруулах, хооронд нь холбож үйлдвэржсэн орон болж ажлын байр, нийгмийн асуудлаа шийдвэрлэх урт хугацааны төлөвлөгөөг гаргасан. Энэ хүрээнд ус, аж үйлдвэр, малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэр гээд томоохон төслүүд эхлүүлсний нэг нь төмөр замын бүтээн байгуулалт юм. Төмөр замтай хамт байнгын 1900 орчим ажлын байр бий болох тооцоолол ч бий.

Дэлхий дахиныг хамарсан коронавируст цар тахлын улмаас Монгол Улс хилээ хаагаад жил гаруй хугацаа өнггөрсөн хэдий ч төмөр замын бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж байна. Төмөр замын бүтээн байгуулалтыг дотоодын боловсон хүчин, үйлдвэрлэл, нөөц бололцоонд түшиглэн явуулж буй учраас ажил саадгүй үргэлжилж байгаа юм.

Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын доод бүтцийн буюу далангийн ажлыг ЗХЖШ, дотоодын аж ахуйн нэгжүүд хамтран гүйцэтгэж байгаа бөгөөд газар шорооны ажлын 60 гаруй хувийг хийж дуусгажээ.

Мөн өнгөрсөн хугацаанд хиймэл байгууламжийн буюу гүүр, хоолой, гарам зэргийн  ажилд шаардагдах бетон зуурмагийг үйлдвэрлэх найман үйлдвэр, дээд бүтцийн чулуу бутлуурын таван үйлдвэрийг ашиглалтад оруулсан байна. Ингэснээр төмөр замын барилгын ажилд шаардагдах бетон зуурмаг, балластыг дотоодоос бүрэн хангах боломжтой болжээ.

Одоо Зүүнбаян өртөөнөөс эхлэн 22.5 км рейльс төмөр угсарч, үргэлжлүүлэн угсрахад шаардагдах бетон дэр, ган хийц зэрэг бэлдэцүүдээ бэлтгэжээ.

Төмөр замын бүтээн байгуулалтын дээрх төслүүд дээр ажилчин, алба хаагчид нийлсэн 6,000 орчим хүн ажиллаж байгаа бөгөөд тэдний хоол хүнс, хувцас, хэрэгсэл гээд шаардлагатай бүх зүйлсийг дотоодын аж ахуйн нэгжүүд нийлүүлж байгаа юм. Энэ нь цар тахлын хямралын үед өрхийн орлогын эх үүсвэрийг хадгалж буй сайн жишээ болж байгаа нь сайшаалтай.

Хамгийн гол нь Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогод тусгагдсан шинээр барих төмөр замуудыг саадгүй барих боловсон хүчин, техник хэрэгсэл, үйлдвэр зэрэг бааз суурьтай болж байгаа юм. Ингэснээр хумигдаад байсан эдийн засаг богино хугацаанд сэргэх боломжийг өгч байгаа юм.

Коронавирусийн цар тахлын үед бүгд бүсээ дээд зэргээр чангалах ёстой төрийн өмчийн байгууллагууд төсвийн мөнгийг үр ашиггүйгээр зарцуулж байгааг бид мэдээлсээр байгаа. Тэд хэдэн зуун саяар автомашин авах тендер зарлаж, хэнд ч хэрэггүй цэцэрлэгт хүрээлэн засаж янзлахад 500 саяыг зарцуулахаар төсөвлөж сууна. Гэтэл ард иргэдийн амьдрал туйлдаа хүрч буй. Цар тахлын улмаас хил хаагдаж, аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж, экспорт, импорт 50-60 хувь хумигдаад байгааг экспертүүд хэлж байгаа.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.