| | USD/MNT 0₮

33 тэрбумын ашиг сонирхол нэгтэй гишүүд нэгнийгээ Байнгын хорооны даргаар "өргөмжлөв"

УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарын Хөгжлийн банкнаас авсан 33 тэрбум төгрөгийн зээл асуудал дагуулсаар байна. Гишүүн болохоосоо өмнө Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирал байхдаа өөрийн найз болох Г.Дамдинням, Х.Ганхуяг нарт гарын үсэг зурж баталгаажуулаад 33 тэрбум  төгрөгийн зээл олгочихжээ. Тэд бизнесийн чиглэлээр дээрх зээлийг авсан гэх ч үнэн хэрэгтээ өөр зүйлд зарцуулсан бололтой.

Тодруулбал, Хөгжлийн банкны захирлаар ердөө хагас жилийн хугацаанд ажиллаад гарсан Г.Амартүвшин хоёр найз Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК-д 33 тэрбумын зээл олгох шийдвэрийг өөрөө Гүйцэтгэх захирал нь байхдаа гаргасан ч зээлийн гүйлгээг ажлаа өгснийхөө дараа буюу 2020 оны нэгдүгээр сарын 03-ны өдөр хийлгэсэн. Хэдийгээр гишүүн болохоосоо өмнө зээл авсан гэж байгаа ч ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй хэмээн Дарханы залуус хардаж, Г.Дамдинням гишүүнийг эгүүлэн татахаар гарын үсгээ зурж эхэлсэн. Хэдийгээр коронавирусийн цар тахлын улмаас цахимаар явагдаж байгаа ч цаг сайхан болох үед бүгд төв талбай дээрээ гарч, гарын үсэг зурна гэдгээ ч илэрхийлсээр буй. Арга ч үгүй биз. Өнгөрсөн зургадугаар сард Дарханчуудыг төлөөлж УИХ-д гарчихаад өдий бүтэн арван сарын турш Дарханд ямар ч ажил хийгээгүй түүнийг байгаагүй нь дээр хэмээн залуус үзэж буй.

Тус компанийн хувьцаа эзэмшигчээр Г.Дамдинням УБЕГ-т бүртгэлтэй бол, Х.Ганхуягийн дүү Х.Хашчимэг нь Гүйцэтгэх захирлаар ажилладаг аж. Ийм сэжмээр холбогдсон гишүүд УИХ-ын даргад Бичил бизнесийн зээлийг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг өргөн барьчихаад байгаа. Ашиг сонирхол нэгтэй гишүүд бизнесийн зээлийг хүүг 50 хүртэл хувиар бууруулахыг санаархаж байгаа нь ард олонд гэхээс илүү өөрсдийн амин хувийн эрх ашиг байна уу гэж хардах үндэслэл байгаа юм.

Гэхдээ л дээрх гишүүд УИХ-ын гишүүний бүрэн эрх гэх бамбайны ард нуугдахын тул сонгуульд өрсөлдсөн байж ч болох. Иймд тэд гишүүд болоогүй байхдаа авсан бизнесийн зээл гэдэгт эрдэж, намынхан нь тэднийг өмөөрөөд байгаад гол учир бий. Угтаа бол Хөгжлийн банк улс орныг хөгжүүлэхэд зориулсан зээл олгодог. Гэвч танил тал найз нөхөддөө арилжааны банк шиг бизнесийн зээл гаргуулж өгсөн нь хэр зөв зүйд нийцэх вэ.

Тэгвэл тус гишүүд "томорчээ". Нэгнийгээ УИХ-ын Байнгын хорооны даргаар өргөмжилцгөөж байна. Тодруулбал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргад Г.Дамдиннямыг дэвшүүлж, Х.Ганхуяг өнөөдрийн чуулганы хуралдаанд танилцуулж, "найзыгаа" дэмжихийг хүсэв. Хүсэл нь ч биелж, Г.Дамдинням Байнгын хорооны даргаар томилогдлоо.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарын Хөгжлийн банкнаас авсан 33 тэрбум төгрөгийн зээл асуудал дагуулсаар байна. Гишүүн болохоосоо өмнө Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирал байхдаа өөрийн найз болох Г.Дамдинням, Х.Ганхуяг нарт гарын үсэг зурж баталгаажуулаад 33 тэрбум төгрөгийн зээл олгочихжээ. Тэд бизнесийн чиглэлээр дээрх зээлийг авсан гэх ч үнэн хэрэгтээ өөр зүйлд зарцуулсан бололтой.
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.