| | USD/MNT 0₮

Г.Эрдэнэбат:С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн талаарх материалыг улсын нууцаас гаргахад бүх баримтууд тодорхой болно

-Т.Чимгээгийн хувьд гүйцэтгэх ажиллагааны баримтаар хүн амины хэрэг хийсэн нь нотлогдоно-

Ардчилалын алтан хараацайнуудын нэг, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг одоогоос 23 жилийн өмнө гэртээ бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан билээ. Тэгвэл 18 жилийн хугацаанд энэ хэргийг үйлдсэн болон амь насыг нь хохироох захиалга өгсөн захиалагч нь ил болоогүй захиалагчийг нь илрүүлж чадаагүй. Харин 2014 оноос эхэлж хүн амины онц ноцтой жигшүүрт хэрэг үйлдсэн гэмт этгээдүүд болох Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ олж тогтоож, мөрдөн байцаалт явуулж улмаар гурван шатны шүүхээр тэднийг ялласан байгаа юм. Харин гэмт хэргийг захиалсан этгээд илрээгүй байгаа юм. Гэвч олон нийтийн зүгээс болон үе үеийн салбарын сайд нар Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг эрүүдэн шүүж, хилсээр хэрэг тулгасан. Тиймээс тэднийг суллах шаардлагатай гэж үзэж өнгөрсөн жилээс эхэлж хэргийг дахин шинээр задалж шалгах ёстой гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, хууль хүчнийхэн тэдэнд хэрэг хүлээлгэж эрүүдэн шүүсэн гэх. Тодруулбал, ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УЕП-ын орлогч байсан Г.Эрдэнэбат нарыг бусдыг эрүүдэн шүүсэн гэдэг үндэслэлээр өнгөрсөн жилээс эхэлж шалгаж, гурван шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэж ял оноосон байдаг юм.

Олон жилийн хугацаанд олон нийтийн анхаарлын төвд байгаа ээдрээ төвөгтэй энэ хэргийг шалгах Ажлын хэсгийн ахлагчаар 2014 оноос хойш Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат ажилласан байдаг. Тэгвэл энэ хэргийн талаар иргэн Г.Эрдэнэбат хоёр хоногийн өмнө “Улаан бал” нэвтрүүлэгт ам нээж, дэлгэрэнгүй ярилцлага өглөө. Ингээд түүний ярилцлагыг хүргэж байна.

-Сайн байна уу, сайхан хаваржиж байна уу?

-Сайн байна уу, сайхан.

-Ойрдоо тантай холбоотой асуудал их яригдаж байна. Сэтгэл санаа хэр байна вэ?

-Олон жил яригдаж байна даа. Нэгд дасаж байна. Хоёрт цаад агуулгаа сайн мэдэх учраас би сандраад яах вэ дээ.

-Сүүлийн үед Зоригийн амь насаа алдсан хэрэг дээр Засгийн газар онцгой анхаарч байна. Иргэн Чимгээгийн ах нь талбай дээр өлсгөлөн зарлаж байна. Та санаа зовж байна уу?

-Тэр хүний амь нас, эрүүл мэнд хувь заяанд санаа зовж байна. Ямар олиг байх билээ.

-Энэ өлсгөлөн зарлаад байгаа асуудал үнэнээсээ юм болов уу, эсвэл цаанаас ямар нэгэн зохион байгуулалттай юм болов уу?

-Цаанаасаа зохион байгуулж байх гэж харж байна. Уг нь ковидын үед хөл хорио дэглэм яриад байгаа жагсаал цуглаан дэмжигдэхгүй байна. Гэвч энэ асуудал дээр хүн өлсгөлөн зарлаж болж байгаа юм байна. Ер нь Б.Содномдаржаагийн ар гэрээс Т.Чимгээгийн ар гэрээс хийж байсан үйлдлүүд голдуу цаанаасаа зохион байгууллалттай байж ирсэн. Тийм учраас ар гэрийнхний хүсэл зорилго дээр үндэслэсэн өлсгөлөн биш зохион байгуулалттай гэж харсан.

-Таны хувьд 2013 оноос хойш дээрх нэр бүхий хүнийг таньж мэддэг болсон учраас энэхүү асуудлыг зохион байгуулалттай гэж итгэж байгаа юм байна. Тийм үү?

-Тийм.

-Энэ хэргийг эхнээс нь ярихад олон нийт төөрөгдөж эхэлжээ. Уг нь бол шүүхээр шийдэгдсэн хэрэг. Гэхдээ дахиад Засгийн газар дахиад энэ хэргийг илрүүлэх үүрэг хүлээсэн талаар Хуульзүйн сайд нь тайлбар мэдээлэл өгсөн. С.Зоригийн амь насаа алдсан хэрэг илэрсэн юмуу. Эсвэл илрүүлчихсэн болгочихсон уу?

-Нэгдүгээрт энэ хэрэг бол Амгаланбаатар, Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хүний амь нас хохироосон эрүүгийн хэрэг. Зоригийн хэрэг биш. 2014 онд би энэ хэргийг мөрдөн шалгах Ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон. Хүмүүс прокурор ажлын хэсгийг ахлах ёсгүй. Үүнээсээ зохион байгуулалттай гэж ярьдаг.

1998 онд энэхүү золгүй явдал буюу аюулттай аллага гарснаас хойш Ажлын хэсгийг тагнуулын байгууллага, цагдаа, прокурорын байгууллага оролцсон хамтын бүрэлдэхүүн томилж ирсэн. Хамгийн сүүлд би Бат-Орших прокуророос хүлээж авсан. Ингээд энэ хэргийг шалгах, мөрдөн байцаах, гүйцэтгэх ажиллагаа яваад энэ хэргийг нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж гурван шатны шүүх шийдсэн юм. Энгийн локикийн ойлгохгүй байна. Үнэхээр Зоригийн алсан хүмүүсийг илэрсэн болгох гэж явах юм бол үүнд ямар утга агуулга, учир холбогдол байх юм бэ. 16 жил илрээгүй явчихсан хэргийг харин ч улам мөр ул мөрийг нь баллаад элээгээд орхисон байх ёстой байтал түүнийг ухаж төнхөж шийднэ гэдэг өөрөө бөөн эрсдэл шдээ.

-2014 онд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байсан. Мөн 1998 онд энэ хүн Ерөнхий сайд байсан. Зарим нэг улстөрчдийн сэдэв болж хардлага өртөж ирсэн. Тэгвэл гурван хүн гаргаж ирээд жинхэнэ сэжигтнүүдийг төөрүүлж байвал яах вэ?

-Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэгчээр овоо босгоогүй хэргийг төөрүүлж байсан тохиолдлыг би мэдэхгүй юм.

-Дахиж өөрийнх нь нэр яригдахгүй болтол хардаж сэрдэхгүй болгохын тулд гурван хүний нэр гаргаж ирээд Ерөнхийлөгчийн суудлаа өгөхийг нь та зохион байгуулсан байвал яах вэ?

-Хэрвээ тэр зохион байгуулах байсан юм бол цаазаар авах ялыг халж яадаг юм бэ. Энэ хүмүүсийг илрүүлээд цаазаар аваад хэргийг нь хаахгүй ингээд хорих ангид амьд байлгаад бүх цаг үеийн турш гэрчлүүлээд байх шаардлага байхгүй. Асуудлыг мандуулж босгож ирэхийг би төсөөлөхгүй. Хүний өмнөөс би ярьж чадахгүй.

-Ажлын хэсгийн ахлагчаар томилогдсноос хойш ямар зарчмаар ажиллаж ирсэн бэ?

-Ажлын хэсгийн ахлагчаар томилсноос хойш би нэг л зарчим барьж ажилласан. Хэргийн мөрөөр явах шаардлагатай, хэргийг мөрдөх ёстой. Мөрдөгч нар их хийсвэр төсөөлөлттөй байсан уу гэвэл байсан. Энэ хэргийн захиалагч хэн бэ гэдэг дээр төвлөрсөн байсан. Эцсийн цэгийг баримжаалдаггүй. Яагаад мөрдлөгө гэхээр мөрийг л олдог. Хэргийн газраас захиалагчийн нэрийн хуудас олдохгүй. Харин захиалагчийн нэрийн хуудас олдохгүй. Гэмт хэрэгтний хийсэн ул мөр олддог. Ямар ч хэргийг мөрдөх зарчмаар илрүүлдэг. Захиалагчийг эхлээд илрүүлдэг хэрэг дэлхийн аль ч улсын түүхэнд байхгүй дээ. Гэмт хэрэгтнийг олж илрүүлдэг юм.

Хэрвээ энэ хэргийг зохиомолоор илрүүлнэ гэвэл арай дөнгүүр сүртэй муу нэртэй олноо алдаршсан хүн олж илрүүлэх ёстой. Хэргийн ул мөр л энэ хүмүүс рүү хөтөлсөн болохоос тааруу шаардлага хангахгүй гэмт хэрэгтнүүдийг олж сонгох шаардлага байхгүй.

-Ц.Амгаланбаатар анхны гэрч гэдэг. Энэ хүн хэргийг хэр гэрчилдэг юм бэ?

-2014 оны үйл явдлаа дахин яръя. Гэмт хэргийн гарсан тухай олон мэдээлэл байсан. Үүний араас шалгалт хийсэн. АНУ болон гадаадад байгаа хүнийг ч шалгасан. Тэднийг шалгаж мухарласан. Зарим нь тогтоогдоогүй. Харин тэдний дунд  Амгаланбаатарын гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгасан. Дараагийн шалтгалтаар энэ хүн бодитой зүйл яриад байгаа юм бишүү .

Хэргийн газар болсон үйл явдал халдааж яриад байгаа Содномдаржаа, Чимгээ гэдэг хүмүүстэй холбогдох мэдээллүүд хангалттай баримт сэжүүрийг гаргаад ирсэн. Ул нь ийм л юм. Баримт биш бидэнд итгэл үнэмшил биш бодит байдлыг л авчирч өгсөн.

-Олон нийтийн дунд хэрэгтнийг олсон гэж мэдээлж ялласан. Гэвч одоо хэрэгтнийг зохион бүтээсэн болгож байна. Тухайлбал, эрүүдэн шүүгээд ял тулгаад хэргээ хүлээгэсэн гэх. 2015 оны хорих ангийн камерт болсон үйл явдлаас хойш олон нийтэд тийм итгэл төрсөн. Энэ бичлэгийн дараа хэргээ хүлээсэн байдаг билүү?

-Т.Чимгээ бол уг хэргийн мөрдөн байцаалт эхлээд яллагдагчаар татаж цагдан хориход хамгийн анх “Намайг нотлох баримт байгаа юу” гэж хэлснээс хойш нэг ч удаа мэдүүлэг өгөөгүй. Чимгээг хэргээ хүлээсэн мэдүүлгээ яллаагүй. Энэ үйл явдал болохын өмнө нууцаар мөрдөх мөшгиж байх үед Чимгээгийн ярьж байсан зүйлс, бусад хүмүүст ярьж байсан яриа гүйцэтгэх ажиллагааны эх сурвалжтай сэжиглэгдэж болох ёстой хүмүүстэй ярьсан яриагаар Чимгээ энэ хэргийг үйлдчихсэн, хэргийн талаар хангалттай ярьж байгаа нь нотлогдсон учраас энэ хүнийг яллагдагчаар татсан юм.

-Хорих ангийн өрөөнд эрэгтэй хүнд дарамтлуулснаас болж хэргээ хүлээсэн зүйл байхгүй юмуу?

-Т.Чимгээгийн мэдүүлэг ерөөсөө байхгүй. Хүлээсэн байтугай хүлээсэн ч мэдүүлэг байхгүй.

Би нэг зүйлд баярлаж байгаа. Энэ хэрэг хоёр дахь удаагаа ил болчихсон. Одоо гурав дахиа ил болох юм байна. Өмнө нь дандаа гүйцэтгэх ажлын нууц гүйцэтгэх ажиллагааны ашиг сонирхлоор тодорхой хэсгийг нууц үлдээсэн. Одоо ашгүй үлдсэн нууц гээд байгаа зүйлийг ил гаргах юм байна. Өмнө нь энэ бичлэг гүйцэтгэх ажиллагааны нууц гээд хяналт тавьж байгаа надад ч үзэгдэхгүй байсан. Гэхдээ энэ бичлэгүүд эргэлзээтэй. Нууц гээд хаасан хэсэг доторх зүйлийг үнэхээр ил болгох юм бол би энд янз бүрийн тайлбар хийгээд байх шаардлага байхгүй. Хэн энэ хэргийг хийж захиалсан нь ил болох баримт учраас би баярлана.

Гэхдээ нэг зүйл дээр болгоомжилж байна. Өмнө нь дандаа эсрэг тал болгож ашиглаад байхаас нөгөө өмнөх хэсгийг нь гаргахгүй байна. Чимгээ дээр явуулсан гүйцэтгэх ажиллагааны бичлэгийг ил болгосон. Үүнийг эрүүдэн шүүсэн гэх. Тагнуулын байгууллагаас баримтуудыг гаргах ёстой.

Миний хувьд тийм тийм бичлэг байгаа тийм баримт байгаа гээд ярьчихвал улсын нууц задруулсан хэрэгт орох байх. Засгийн газрын шийдвэр арай гараагүй байна.

Т.Чимгээгийн хувьд гүйцэтгэх ажиллагааны баримтаар хэрэг хийсэн нь нотлогдсон. Дээрээс нь хэрэг хийх үед сэжигтэй үйлдлийг нь харсан гэрчүүдийн мэдүүлэг байгаа. Тэр гэрчийн мэдүүлгээр нотлогдоно. Б.Содномдаржаагийн мөн гүйцэтгэх ажиллагааны баримтаар нотлогдоно. Тухайн үед хэрэг үйлдэгдэх үеийн гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдоно. Харсан үзсэн гэрчийн мэдүүлгүүд бий. Содномдаржаа анх хуулийн байгууллагад баригдаад ирэхдээ энэ хэргийн талаар мэдүүлэг өгсөн байдаг. Хэргээ ярьсан.

Тэрний дараа хоёр ч удаа мэдүүлэг өгсөн. Хэргээ хүлээж ярьдаг боловч тэрийг нь ашиглаагүй. Тодруулбал, энэ хүний мэдүүлгийг үндэслэж нотлох баримт болгож ашиглаагүй юм. Хоёр шалтгаантай эхний мэдүүлэг өмгөөлөгчгүй авдаг. Өмгөөлөгчөөр хангагдаагүй. Хоёр дахийг нь Содномдаржаагийн ярьсан зүйлийг өөр баримтаар нотлох ёстой. Тэгээд энэ хүний харсан үзсэн гэрчийн мэдүүлэг хангалттай үзсэн.

-Өөрийнх нь өгсөн мэдүүлэг хийсэн үйл явдалтай таарах юмуу?

-1998 онд болсон үйл явдалтай дурайтал таарна. Өөрөө ч үг үсэггүй ярьсан байгаа юм. Хамгийн гол нь тэр хүний мэдүүлэг хөндлөнгийн өөр хүний факт баримтаар нотлогдох ёстой. Мэдүүлэг дангаараа нотлох баримт болж чадахгүй. Заавал өөрөөр баримтаар нотлож байж бид нар үнэн гэж үзнэ. Хэрэг болсон үеийн үйл явдлыг тэр хүн ярьдаг.

-Т.Чимгээ мэдүүлэг өгөөгүй хэрнээ баримтуудаар нотлогдсон юм байна. Хэрэг гарах үед тэр хүн хоёр хүүхэдтэйгээ хөдөө байсан гэдэг. Яг мөрдөн байцаалтын үед тэр хүн хаана байсан юм бэ?

-Т.Чимгээ Дорноговь аймгийн хүн. Тухайн аймагт ээж нь амьдардаг байсан. Харин 1998 онд Чимгээ Эрдэнэт хотод байсан. Тухайн үед хүүхэд төрүүлсэн нь үнэн. Ээж нь түүний хүүхдүүдийг асарч өсгөсөн. Хоёр аймгийн дунд ирэн очин байсан нь мэдүүлгээр нотлогдоно. Т.Чимгээ 1998 оны 10 дугаар сарын 02-нд Дорноговь аймагт хүүхдээ асарч байсан гэж ярьдаг. Тэрнийх нь үнэн зөв байдлыг нотлох гээд ар гэрийнхнээс нь болон хөрш айлаас гэрчүүдийн мэдүүлэг авахаар тухайн үед Чимгээг байсан эсэхийг санадаггүй юм. Харин хүүхдүүд нь эмээгийнхээ асрамжинд байсан нь тогтоогддог. Хөрш айлынх нь эмэгтэй тухайн үед Т.Чимгээ ирж байгаагүй гэж хэлсэн. Тэгэхээр Т.Чимгээгийн мэдүүлэг эргэлзээтэй болж, хэрэг гарсны маргааш нь түүнийг харсан гэх өөрч гэрч байдаг.

-Ц.Нямдорж сайд байхдаа “Тэр хүн олон жилийн өмнөх явдлыг яаж санадаг юм. Гэтэл учир явдлаа санахгүй хүнээр нэг юм хэлүүлчихээд хилсээр яллаад байна” гэсэн?

-Үнэн. Би ч хоёр гурав хоногийн өмнөх ялихгүй зүйлээ санахгүй. Гэхдээ хүний сэтгэлд гүн тод ул мөр үлдээсэн юмыг хүн санадаг юм. 1998 оны 10 дугаар сарын 02-нд айхтар жигшүүрт хэрэг гарсан. Монгол Улс цочирдсон. Тэр үед хүмүүс ирээд гэрчийн мэдүүлэг өгсөн. Тухайн үед халуун цэг дээр мэдүүлэг өгсөн хүмүүс сэтгэлдээ нэг зүйлийг хадсан. Сэжигтэй хүмүүсийн зургийг болон мэдээллийг гэрчүүдийн мэдүүлэгтэй тулгаж асуухад таньсан байдаг юм. Мэдээж цаг хугацаа өнгөрч бага зэрэг баларсан ч таньсан байдаг.

-Яг нүдээр харсан хэдэн хүн байдаг вэ?

-Содномдаржааг нүдээр харсан гурван гэрч бий. Чимгээг нүдээр харсан нэг гэрч бий.

-Т.Чимгээг яг хэзээнээс эхэлж сэжигтэн гэж тооцож үзсэн юм бэ?

-Миний санаж байгаагаар 2014 оноос эхэлж сэжигтэн гэж үзсэн.

-Тухайн үед Т.Чимгээ  Нарантуул зах дээр ажилладаг байсан гэлүү. Нөгөө нэг хүний айхтар мессэжүүд утсанд нь ирж дарамтлаад, найздаа “Би нэг том хэрэг үйлдсэн” гэж яриад эхнээсээ илэрч эхэлсэн гэдэг?

-Байсан байх. Миний яриад байгаа нууцалсан хэсгийг ил болгочихвол бүх зүйл тодорхой болно. Хэдэн оны хэдэн сард хэдний өдөр хэнд юу ярьсан, тэр мессэжүүд ямар учиртай болох нь тодорхой болно. Харин би тэр гэрчийн мэдүүлгийг нь санахгүй байна.

-Тэр гүйцэтгэх ажиллагааны явцад найзтай нь хамт согтоогоод зочид буудалд оруулсан арга хэмжээ байх уу?

-Тийм зүйл байсан юм байна.

-Байсан юм байна гэж юу гэсэн үг үү. Та Ажлын хэсгийг алхаж байсан хүн биздээ?

-Прокурорын зөвшөөрлөөр гар хурууны хээ авах гүйцэтгэх ажиллагааны арга хэмжээ байж болно. Харин миний зөвшөөрөлгүй хийгдэх ажиллагааны би мэдэхгүй шдээ. Энийг хэн хийснийг Тагнуулын байгууллага эх сурвалжаа нууцлана. Чимгээ гэдэг хүнээс хэргийн ул мөр болох гар хурууны хээ авах шаардлагатай гэдгийг хэлж байсан. Яаж хэзээ хаана ямар аргаар авах уу гэдэг нь ажлын нууц. Нотлох баримтаа илрүүлэх гээд байна.

-Б.Хурц генерал хавтаст хэрэгт авагдсан материал гэж сүүлд ярьсан байсан?

-Б.Хурц генерал гүйцэтгэх ажиллагааныхаа талаарх хавтаст хэргийг ярьсан байх. Эрүүгийн хавтаст хэрэгт бол тийм зүйл байхгүй.

-Та бүх хэргийн материал болон нотлох баримттай танилцсан хүн. Хэрэг болсон газраас хуруу гарын хээ олдсон уу?

-1998 онд зөндөө хүнээс гарын хээ авсан, олдсон.

-Т.Чимгээгийн гарын хээтэй таарч байх юмуу?

-Гарын хээ байхгүй.

-Гарын хээ олдоогүй юм бол яаж яллаад байгаа юм?

-Зөвхөн гарын хээгээр хэргийг нотлохгүй. Та нар бодоод үз. Нүүрээ боосон хүмүүс байсан гээд эхэлдэг. Нүүрээ боочихсон өөрийгөө таниулахгүй гэж хичээсэн хүмүүс гар хурууны хээгээ үлдээхгүй гэж бодоо байлгүй дээ.

-Гар хурууны хээ зөндөө олдсон гэлээ. Тэр бүхний араас явж мөрдлөг шалгалт хийсэн үү?

-16 жилийн хугацаанд шалгалгүй яах вэ. Хэнийх нь тогтоогдоогүй хээнүүд олон бий.

-Тэд нарыг хэн болохыг тогтоодоггүй юмуу. Тэр хүмүүс дунд алуурчны гарын хээ байж болно шүү дээ?

-Байлгүй яах вэ. Гэхдээ манайд чинь хэний гарын хээг хайхын тулд Монгол Улсын хүн болгоны хурууны хээг авах уу. Тийм эрхзүйн орчин байхгүй.

-16 настай хүү, нялх хүүхэдтэй эмэгтэй хоёр яахаараа улс төрийн нэр төртэй хүнийг алах захиалга аваад явж байдаг юм б гэдэгт итгэж яддаг. Гэвч нотлох баримтуудаар нотлогддог гэдэг нь нууц байх юм. Гурван шатны шүүх зөв хүнээ ялласан уу гэдэгт эргэлздэг?

-Ц.Амгаланбаатарын хувьд гэмт хэргийн түүхгүй хүн биш. 16 настай гэлтгүй 14 настай хүүхдүүдийн аллага, хүчирхийлэлтэй холбоотой хэрэг үй түмээрээ бий. Мөн залуу эмэгтэйчүүдийн гэмт хэрэгт холбогдсон түүхийг ярьвал жирэмсэн эмэгтэй хүүхдээ зодоод алдчихсан хэргийг ч үзэж байгаа. Хэргийг эрүүл нүдээр хараасай гэж хүсдэг. Айхтар мэргэжлийн хүмүүс хийгээгүй шүү дээ. Хоолойг нь ганц хутгалаад алчихсан юм биш. Амин газрыг нь олохгүй 18 удаа хутгалсан хэрэг. Нэр төртэй хүнийг айхтар хүмүүс алсан байх ёстой гэж хүлээгээд байх шиг. Хүмүүс гоё сайхан түүхэд дуртай. Бодит амьдрал гоё байдаггүй. Уучлаарай хүссэнээр нь мундаг мэргэжлийн алуурчин олж өгөөгүйд. Хийсэн хүн нь тэр хүн биш учраас. Хамгийн гол нь тэр хүмүүс ард байгаа захиалагчаас ямар даалгавар авч оров. Юу хийх гэж оров. Ямар даалгавартай байсан юм. Алах гэсэн юмуу, өөр даалгавартай орсон юмуу. Өөр төлөвлөгөө байсан уу гэдгийг хэлэхэд арай эрт байна.

-Захиалагчийг олж илрүүлэх мөрдлөг ажиллагаа үргэлжилж байгаа биз дээ?

-Миний ойлгосноор мөрдөх ажиллагаа явж байгаа гэж ойлгож байгаа.

-Захиалагч илрэх юм бол 16 настай хүү, нялх хүүхэдтэй эмэгтэй яагаад хүн алах болсон бэ гэдэг нь тодорхой болох юм байна?

-Яг тийм.

-Засгийн газрын зүгээс Т.Чимгээг хэлмэгдүүлсэн байна гээд өлсгөлөн зарлаж байгаа ахаас нь бараг уучлал гуйх дөхсөн. Тэгвэл нотлох баримтад яг юу байдаг юм бэ?

-Энэ хэргийг ярих гэхээр цаг хугацааны хэрчээс нь болохгүй байна. Улсын нууц задруулсан хэргээр хоёр хүнийг шоронд хийснийг би сайн санадаг юм. Тэгэхээр би одоо улсын нууц задруулсан гэх хэргээр ял авах юм болов уу. Би хэрэг хийсэн гэдгийг өөрөө ярьж байгаа яриа хийж байгаа үйлдлээрээ хангалттай нотолсон учраас тэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэлд авагдсан баримтаар шүүх ялласан байгаа. Хэрвээ бүх материалыг улсын нууцаас гаргалаа гэх юм бол баримтууд тодорхой болно. Хэрвээ гаргахгүй бол жинхэнэ шаардана, би. Авагдсан байгаа баримтуудыг устгачих вий дээ. Юу эсийг хийх билээ.

-Танд нотлох баримтуудын эх хувь байдаг уу?

-Байхгүй, яаж улсын нууц надад байх юм бэ. Харин цээжинд байна.

-Та тийм баримт байгаа гэх. Гэвч тэнд цаасан дээр таны яриад байгаа байхгүй байвал яах вэ. Баримт байгаа эсэхээ яаж нотлох юм?

-Би өөрөө хуульч хүн. Хуулинд эцсийн цэг болтол найдна. Намайг тасралтгүй хууль бусаар шалгасаар байсан. Шүүх үнэн зөв шийдэх байх гэж их найдсан. Анхан шатны шүүхээс ял хүртэл авлаа.

-2015 онд эрүүдийн шүүсэн тухай бичлэгийг та мэдэж байсан уу?

-Тухайн үед би мэдээгүй юм. Өнөөдөр 14 СD байна. Тухайн үед надад гомдол ирсэн 4 DVD байсан түүн дотор зодоон харагдаагүй өнгөрсөн. Одоо бодоход тухайн үед хуулийн байгууллагын ажил ямар болхи явж байсны дүр зураг.

-Т.Чимгээг 2014 оноос эхэлж сэжигтэн гэж үзжээ. Тэрнээс өмнө сэжигтэн гэж байхгүй байсан юмуу?

-Намайг Ажлын хэсгийн ахлагчаар томилогдоход 32 хүнийг хэрэгт шалгаж холбогдолгүй хэмээн хэргийг хэрэгсэхгүй болгосон байсан. Энэ хэргийг Ерөнхийлөгч байсан Элбэгдорж нэг ил болгосон. Дараа нь Засгийн газрын тогтоолоор хоёр дахиа ил болгосон. Сэжигтнээр тооцогдсон өчнөөн хүн байсан. Хэргийг нь хэрэгсэхгүй болгосныг мэдээ ч үгүй явж байсан хүмүүс бий.

-Б.Хурц та нарыг Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүгээд хэрэг хүлээлгэчихсэн гэх процесс харагдаж байгаа. Таны хэлснээр хэргээ хүлээсэн гэх нэг ч үйлдэл байхгүй гэлээ. Б.Содномдаржаа юу гэсэн юм?

-Мэдүүлэг байгаа. 2015 оны 9 сарын 01-нд баривчлагдаж ирээд хэргийн талаар ярьдаг. Дараа нь 10-аад хоногийн дараа өгсөн. Гурван удаагийн мэдүүлгээр дээрх хэргийг Амгаланбаатар би хийгээгүй гэдэг. Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй, эрүү шүүлт явсан гэх тэр процесс явсан бол тэр хүнийг хэргийг хүлээлгэсэн тохиолдолд эрүү шүүлт гэж үзэхгүй. Тэр үйлдэл хийж хүчирхийлж айлгасан бол тэр хүмүүс буруудах ёстой. Хэргийг хүлээлгэчихсэн учраас дээрх гурван хүнд холбогдох хэрэг хүчингүй гэдэг нь үндэслэлгүй. Тэр хэргийг нотлоход энэ болсон эрүү шүүлт гэх процессоос юуг ч ашиглаагүй. Эрүү шүүлт тулгаж авсан нотлох баримт байхгүй гэж ойлгож болно. 

-Тэгээд та нар юунд буруудаад байгаа юм бэ?

-Энэ хэргийн талаар сайхан дэлгээд ярьчихмаар байна. Гэвч манай өмгөөлөгч хүсэлт гаргасан байгаа. Хэргээ ярихаар улсы нууц задруулсан хэргээр ял авчих гээд байна. Гэхдээ нэг зүйлийг итгэлтэй хэлнэ. Анх надад эрүүгийн хэрэг үүсгэхэд мөрдөн байцаагч дуудаад “та үүнийг зохион байгуулсан байна”. Би зөвшөөрөөгүй, нэмэлт баримтыг гаргаж өгөхийг хүссэн. Гэвч тэр ажил хийгдээгүй. Миний хүсэлтийг нэмж шалгаагүй. 6 сарын 5-нд надаас дахиж мэдүүлэг авсан. Ингэхдээ 5 хоногийн дотор мөрдөгдөөд, хэрэг прокурорт шилжсэн. 6 сарын 8-нд прокурор яллах дүгнэлтэйгээ танилц гэсэн. Үндсэндээ бол миний гэх хэргийг долоо хоногийн дотор дуусгасан. Эндээс юу харагдаж, юу хэлээд байна вэ гэхээр мөрдөлтийн ажиллагаа прокурорын яллах ажиллагаа маш шахуу хугацаанд явсан. Олон хуудас хэргийг прокурор унших боломж байхгүй шдээ. Ингээд шүүхийн гадна баахан хүмүүс жагсаж “Энэ хүмүүст ял өгөх ёстой” гэсэн байр суурьтай. Мундаг зохион байгууллалттай, өнгө өнгийн хаяг самбар барьчихсан хүмүүс. Бид нарыг шүүмжиллээ. Шүүхэд их дарамт ирсэн. Миний хувьд олон жил эрүүгийн эрхзүйн салбарт ажилласан хүний хувьд сонин процесс явагдаад байгааг мэдсэн харсан. Миний эрх хэмжээ хаана дууссанаа ч мэдэхгүй байсан. Шүүх хэргийг бүрэн шийдэх гэхээр баримт дутуу. Маш их хэл ам шүүмжлэлд өртсөн.  Бүх юм төлөвлөгөөний дагуу явагдсан юм билээ. Нийгэмд шүүгдэж байгаа хүнээ болон шүүгчээ муухай харагдуулсан. Ганц би биш олон хэрэг дээр харагдчихлаа.

Монголын шүүхийн шүүн таслах ажиллагаа маш эмзэг сорилтод орчихжээ. Хүнд хэцүү сорилтод орж засагдах ёстой байсан бол эрхтэн ингэчихгүй яав даа гэж бодож байна. Гэвч одоо шүүхийг бүхэлд нь хараар будаад Монголын шүүгч нарыг нийтэд нь муухай харагдуулж байна. Үүний дараа хэн үнэнд итгэх юм бэ.

-С.Зоригийн амь насаа алдсан гэх энэ хэргийг бүхэлд нь нууцаас гаргачихвал хор хохирол нь юу байх юм?

-Ний нуугүй хэлэхэд өнгөрсөн хугацаанд том хохирол удаан хугацаанд учирлаа. Чимгээ, Содномдаржаа, Амгаланбаатар гэж гурван хүн ичсэн нүүрэндээ цаашдаа юу ч гэж ярихааргүй болох тийшээ хандаж байна шүү. Ах дүү, амраг саднаа дагуулаад “Би энэ хэргийг хийгээгүй, хэлмэгдсэн. Энэ хэргийг хийгээгүй” хэмээн өөрийгөө ховсдох хэмжээнд ирлээ. Хоёр жилийн дараа “Тиймээ” гээд хэргийн талаараа ярих ёстой байсан бол энэ хүмүүс нийгмийн аль ч орчинд  энэ хэргийн талаар ярихгүй байх нь дээр гэсэн сэтгэлзүйгээр нь түгжчихсэн. Энэ талаар хэн ч бодохгүй байна. Яах гэж эд нар дээр очиж ар гэрээр нь яриулж, Чимгээг уйлуулаад байгаа юм. Наад зах нь тэвчээр байвал барагдаад, хариуцлага хүлээх ёстой гэдгээ бодох хэрэгтэй. Одоо гадаа байгаа ар гэрийнхнээ бодоод энэ чигээрээ дуусахаар боллоо шдээ. Үүнийг Монголын нийгэм бодохгүй байна.

Аз болоход нэг нөхөр өөрөө анхаарлын төвд орчихлоо. Сандарсандаа энэ хэргийг бүр шаламгайлан хөөцөлдөж байна. Юуг нь нуух вэ дээ, Ц.Нямдорж гэж хүн. Жилд л 10-20 иор нь ХЭҮК-т эрүү шүүлт байна шүү, хууль бусаар хэргийг мөрдөж илрүүлж байна шүү гэдэг. Содномдаржаатай зүй бус харьцаж байгаа хүмүүст хариуцлага хүлээлгэх ёстой. Айхтар айхтар эрүү шүүлтээр хэрэг хүлээлгэж байсан хэргүүд дээр дуугараагүй чимээгүй явж ирчихээд одоо энэ хэрэг дээр анхаарч байна.

Харин энэ цаг үед нэг хэргийн холбогдогч нарыг суллахын төлөө явдаг хүнтэй боллоо. Ямар зорилготой юм.

-Таван удаа Хуульзүйн сайд байсан хүн мөрийг нь шүүрдээд байна гэлээ. Тэр хүн өөрөө хууль зөрчиж мэдээлэл хийсэн удаа их бий. Танд хардлага байх шиг?

-Энэ хүн бужигнуулаад байна. Би бол итгэлтэйгээр хардаж байна. Анх эрүүдэн шүүлээ гэх дуулиан гарахад ҮАБЗ-ийн гурван гишүүн энэ хэргийн бүх материалтай танилцсан. Тэр гурван гишүүн тэр үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга. Тэд ил гараагүй баримт бичлэгийг ч мэдэж байх ёстой. Энэ гурав юу болсныг ойлгож харсан учраас шинэ илэрсэн нөхцөл байдлаар энэ хэргийг сэргээж шалгая гэж дуугардаггүй юм. Харин эрүү шүүлт буруу, үүнийг шалгах ёстой.

Үнэхээр эрүү шүүлтийг Эрдэнэбат зохион байгуулчихсан юм билүү шалгах ёстой. Харин мөрдөн байцаалт буруу явагдаж миний тавьсан хүсэлтийг авч хэлэлцээгүй, захиалгаар явсныг хэлсэн. Шалгах нь зөв. Гэвч дээрх гурван гишүүн юу ч яриагүй байхад хэргийн талаарх мэдээлэл дутуу дулимаг хоёр залуу сайд мэдэгдэл хийлгээд бужигнуулаад байна.

-Та Цэндийн Нямдоржийг С.Зоригийн амь насыг хөнөөлгөх захиалга өгсөн хүнийг мэддэг гэж боддог уу?

-Захиалагчийг мэддэг гэхээсээ илүүтэй энэ хэргийн ул мөрийг баллах, хэргийг илрүүлэх ажиллагаанд саад хийх үйл явцад оролцоотой хүн юм байна гэж ойлгодог. Захиалагчийг төгс мэддэг хүн гэж дүгнэхэд хараахан хангалттай биш. Энэ хэргийг илрүүлэхгүй байх бүдгэрүүлэх зорилготой гэж үзнэ.

 

Ажлын хэсгийн ахлагчаар томилсноос хойш би нэг л зарчим барьж ажилласан. Хэргийн мөрөөр явах шаардлагатай, хэргийг мөрдөх ёстой. Мөрдөгч нар их хийсвэр төсөөлөлттөй байсан уу гэвэл байсан. Энэ хэргийн захиалагч хэн бэ гэдэг дээр төвлөрсөн байсан. Эцсийн цэгийг баримжаалдаггүй. Яагаад мөрдлөгө гэхээр мөрийг л олдог. Хэргийн газраас захиалагчийн нэрийн хуудас олдохгүй. Харин захиалагчийн нэрийн хуудас олдохгүй. Гэмт хэрэгтний хийсэн ул мөр олддог. Ямар ч хэргийг мөрдөх зарчмаар илрүүлдэг. Захиалагчийг эхлээд илрүүлдэг хэрэг дэлхийн аль ч улсын түүхэнд байхгүй дээ. Гэмт хэрэгтнийг олж илрүүлдэг юм.
Ярилцлага

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.