| | USD/MNT 0₮

Г.Дамдиннямыг БСШУСБХ-ны даргад нэр дэвшүүлэхийг дэмжжээ

Хөгжлийн банкнаас 33 тэрбум төгрөгийн зээл авсан гурван гишүүний нэг УИХ-ын гишүүн Г.Дамдиннямыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргад нэр дэвшүүлэхийг өчигдөр МАН-ын бүлгийн хуралдаанаар дэмжсэн. Харин өнөөдөр БСШУСБХ-ны хуралдаанаар мөн дэмжлээ. УИХ дахь МАН-ын бүлэг, Байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэнээр ирэх пүрэв гарагийн чуулганаар Г.Дамдиннямыг  БСШУСБХ-ны даргаар томилох нь тодорхой боллоо.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 10 цаг 15 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэйгээр эхэлж, Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. Байнгын хорооны даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар томилогдсон тул тус Байнгын хорооны даргыг шинээр сонгох шаардлага үүссэн.

    Иймээс УИХ дахь олонхын бүлгээс тус Байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Г.Дамдиннямыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 27.1, 27.2-д заасны дагуу Байнгын хорооны даргыг Байнгын хорооны гишүүдээс сонгох, Байнгын хорооны гишүүдийн дотроос олонхын саналаар нэр дэвшүүлэх, Байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн ил санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нэр дэвшигчийг дэмжсэн бол Байнгын хорооны даргыг сонгох тухай тогтоол батлагдсанд тооцно гэж тус тус заасны дагуу санал хураалтыг явуулахад хуралдаанд оролцсон 15 гишүүний 15 нь Улсын УИХ-ын Гонгорын Дамдиннямыг тус Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэхийг дэмжлээ.

    Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хөгжлийн банкнаас 33 тэрбум төгрөгийн зээл авсан гурван гишүүний нэг УИХ-ын гишүүн Г.Дамдиннямыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргад нэр дэвшүүлэхийг өчигдөр МАН-ын бүлгийн хуралдаанаар дэмжсэн. Харин өнөөдөр БСШУСБХ-ны хуралдаанаар мөн дэмжлээ. УИХ дахь МАН-ын бүлэг, Байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэнээр ирэх пүрэв гарагийн чуулганаар Г.Дамдиннямыг БСШУСБХ-ны даргаар томилох нь тодорхой боллоо.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.