| | USD/MNT 0₮

Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн захирагч цэргүүддээ “Шанаа даах хүн байна уу” хэмээн агсарч, байлдагч Б-г нэг бус удаа элэг рүү нь цохижээ

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж буй хугацаат цэргийн алба хаагч, 21 настай Ц.Б-ыг салааны захирагч нь зодсоноос ухаан алдаж, өдгөө ТТАХНЭ-ийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Тус эмнэлгийн эмч нар ар гэрийнхэн болон тухайн ангийн удирдах албан тушаалтнуудад хэлснээр байлдагч Ц.Б-ын тархинд цус харваж, ухаан орохгүй байгаа аж.

Баттай эх сурвалжуудаас болсон явдлын талаар тодруулахад “Салааны захирагч дэслэгч Д.Г хэмээх, 25 настай залуу согтуудаа салааныхаа 20 цэргийг амарч байхад нь Соёл, амралтын танхимд оруулан жагсааж, гар дээр нь сунайлгах зэргээр дэглэн улмаар “Шанаа даах хүн байна уу” хэмээн агсарч, байлдагч Ц.Б-ыг босгон нэг бус удаа элэг рүү нь цохиж, босгож ирээд шанаадсанаас хугацаат цэргийн алба хаагч ухаан алдаж унасан. Байлдагч Ц.Б 2020 оны аравдугаар сард II ээлжийн цэрэг татлагаар Чингэлтэй дүүргээс татагдан ирсэн” гэсэн юм.

Хэргийг шалгаж байгаа Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтсийнхнээс гадна зэвсэг хүчний 326 дугаар ангийнхан болон ЗХЖШ-ынхан салааны захирагч, дэслэгч Д.Г-ыг согтуудаа ангийн байрлал руу нэвтэрсэн үү, эсвэл цэргийн ангид архи нууцаар оруулж уусан уу гэдгийг тогтоохоор шалгаж байгаа аж. Тухайн ангийн нийт бие бүрэлдэхүүний олонх нь хаврын сургалт дадлагадаа хээр гараад байгаа бөгөөд үлдсэн офицер, ахлагч нар нь хараа хяналт сул байснаас ийм явдал болсон бололтой. Энэ талаар хэргийг шалгаж буй Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтсийнхнээс тодруулахад “Эрүүгийн хуулийн 28.3-т заасан “Цэргийн дүрмийн бус байдлаар харилцаж дарга, захирагч нь захирагдагчаа зодож хүч хэрэглэсэн, 11.1 дэх хэсгийн “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэх үндэслэлээр хэрэг нээн, холбогдогч, дэслэгч Д.Г-ыг цагдан хорьж шалгаж байна” гэсэн юм.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд зэвсэгт хүчний зарим ангид цэргүүдээ дэглэсэн тохиолдол ганц энэ биш гэнэ. Өөр хоёр ч ангид дарга, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэсэн асуудлыг БХЯ-ныхан шалгаж байгаа сурагтай. Зэвсэгт хүчний анги, салбарын алба хаагчид нэгнийдээ, ажлын бус цагаар архи уусан хэмээн ажлаас нь халах арга хэмжээ ЗХЖШ-ынхан авч буй юм билээ. Хугацаат цэргийн алба хаагчийг үхэл, амьдралын заагт аваачсан дэслэгчид хуулийн хариуцлага хүлээлгэх биз.

Юутай ч, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр “Хуурай замын цэргийн командлалын удирдлага шат шатандаа хариуцлага хүлээхэд бэлэн байна. Байлдагч Ц.Б-ын ар гэрийнхнээс уучлал хүсье” гэдгээ илэрхийллээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд зэвсэгт хүчний зарим ангид цэргүүдээ дэглэсэн тохиолдол ганц энэ биш гэнэ. Өөр хоёр ч ангид дарга, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэсэн асуудлыг БХЯ-ныхан шалгаж байгаа сурагтай.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.