| | USD/MNT 0₮

Ш.Алтанчимэг: Зээлийн Батлан Даалтын сан “Ажлын байрыг дэмжих зээл”-д хамрагдах ААН-үүдэд 60 хүртэлх хувийн батлан даалт гаргасан

Зээлийн Батлан Даалтын сан “Ажлын байрыг дэмжих зээл”-д хамрагдах аж ахуйн нэгжүүдэд 60 хүртэл хувийн батлан даалт гаргаж байна. Энэ талаар Зээлийн батлан даалтын сангийн Гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэгээс тодруулга авлаа.

-Зээлийн батлан даалтын сангийн батлан даалттайгаар Ажлын байрыг дэмжих зээл-д хамрагдаж байгаа ААН-үүдийн талаар мэдээлэл өгөөч.

-Өнөөдрийн байдлаар Зээлийн батлан даалтын санд арилжааны банкуудаас 7 аж ахуйн нэгжийн 975,0 сая төгрөгийн дүнтэй зээлийн материал ирээд байна. Үүнээс гурван аж ахуйн нэгжийн 120,0 сая төгрөгийн батлан даалттай, 250,0 сая төгрөгийн дүнтэй зээлийг шийдвэрлээд байна.

-Арилжааны банкуудад батлан даалттайгаар Ажлын байрыг дэмжих зээл-д хамрагдахаар зээлийн хүсэлт өгсөн аж ахуйн нэгжүүд байна вэ?

-Одоогоор манай санд тоон мэдээ ирүүлсэн 3 банканд 101 аж ахуйн нэгжийн 30.7 тэрбум төгрөгийн дүнтэй зээл судлагдаж байна. Банкны шийдвэр гарснаар Зээлийн батлан даалтын  сан руу материалыг нь албан ёсоор ирүүлж батлан даалтын судалгаа хийгдэж шийдвэр нь гарах байгаа. Говь-Алтай аймагт үйл ажиллагаа явуулдаг.

“Түшиг Хайрхан” ХХК  Зээлийн батлан даалтын сангаас 60 хувийн батлан даалт гаргуулж “Ажлын байрыг дэмжих зээл”-д хамрагдлаа.

“Түшиг Хайрхан” ХХК-ны Гүйцэтгэх захирал Ц.Хишигбаяр: Цар тахлын улмаас эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед маш бага буюу 3 хувийн хүүтэй зээлд хамрагдсандаа баяртай байна. Манай дэлгүүрийн хувьд “Ажлын байрыг дэмжих зээл”-д хамрагдсанаар барааныхаа нэр төрөл, татан авах хэмжээг нэмэгдүүлж ажилчдынхаа цалинг тогтмол тавих боломж бүрдээд байна.

Анх 2018 онд компани байгуулагдаж, түүнээс хойш Говь-Алтай аймгийн төв Алтай хотын төвд “ТҮШИГ” 8 нэрийн дэлгүүрийг ажиллуулж байна. “Ажлын байрыг дэмжих зээл”-д хамрагдах хүсэлтээ 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр аймгийнхаа Төрийн банканд гаргасан. 80 сая төгрөгийн зээлийг 60 хувийн батлан даалттай олгох шийдвэрийг банкнаас Зээлийн батлан даалтын сан-д 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүргүүлсэн бол өнөөдөр  Зээлийн батлан даалтын сангийн шийдвэр гарч хүссэн зээлээ авах боллоо.

Хүссэн зээлийг маань хурдан шуурхай шийдвэрлэж өгсөн Зээлийн батлан даалтын сан болон Говь-Алтай аймгийн Төрийн банкны хамт олондоо баярласнаа илэрхийлье.

Бизнес эрхэлдэг залуу гэр бүлийн хувьд энэхүү зээл нь маш их дэмжлэг болж байна. Манай гэр бүлийн хувьд энэхүү зээлийн ачаар өөрийн эхлүүлсэн бизнесээ өргөжүүлж цаашид улам хичээн ажиллах урам зориг орсон. Энэхүү зээл маань үнэхээр хэрэгтэй хүмүүстээ хүрч дэмжлэг болж байгаад чин сэтгэлээсээ талархаж байна. Маш олон өрх үүнд хамрагдаж амьдрал ахуй нь өргөжнө байх гэдэгт итгэж байна. барьцаа хөрөнгө байхгүйгээс үүдэн маш олон залуус боломжуудаас хоцордог. Батлан даалтын сан энэ асуудлыг шийдэж өгснөөр бидэнд энэ сайхан боломжийг ашиглах нөхцөл бүрдлээ. Энэхүү буянт үйлс тань мянга мянган залуу гэр бүлд үр өгөөжөө өгнө гэдэгт итгэж байна.

Манай компаний хувьд эргэлтийн хөрөнгө бага байсан учраас бүтээгдэхүүний нэр төрлөө олшруулж чадахгүй зөвхөн өргөн хэрэглээний бараа татан авч байсан. Одоо зээлд хамрагдсанаар барааны нэр төрлөө олшруулж хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхолд нийцсэн олон нэр төрлийн бүтээгдэхүүн худалдаалах, ажилчдынхаа тоог нэмэгдүүлэхээр зорьж байна.

Минжийн бор өтөг ХХК-н Захирал Э.Азбаяр Ажлын байрыг дэмжих зээл-д хамрагдаж бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах боломжтой болжээ.

Минжийн бор өтөг ХХК-н Захирал Э.Азбаяр: Хувиараа бизнес эрхэлж мах, махан бүтээгдэхүүн худалдан борлуулах ажлыг олон жил хийж ирсэн. 2017 оноос “Минжийн бор өтөг” ХХК-г үүсгэн байгуулж Сүхбаатар хотод Мах, махан бүтээгдэхүүн, хүнсний  “Буянт хайрхан” дэлгүүрийг ажиллуулж эхэлсэн.

Бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулах, нөөц мах татан авах зорилгоор Сэлэнгэ аймгийнхаа Хаан банканд “Ажлын байрыг дэмжих зээл”-д хамрагдаж 70,0 сая төгрөгийн санхүүжилт авах хүсэлтээ гаргаж. Зээлийн батлан даалтын санд 70,0 сая төгрөгийн зээлд 60 хувийн батлан даалттай гаргуулах хүсэлтийг 03 дугаар сарын 22-ны өдөр Хаан банкнаас илгээсэн.

Зээлийн батлан даалтын сангийн хамт олон 03 дугаар сарын 23-ны өдөр материалыг маань хүлээн авч, өнөөдөр /2021.03.25/ Зээлийн батлан даалтын хорооны хурлаар орж зээл олгогдох болсон байна.

Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг Өлзий амгалан орших ХХК-н захирал М.Батцэцэг: Зээлд хамрагдсанаар ойрын 6 сарын сарын эм, эмийн бүтээгдэхүүний нөөцөө татан авах боломжтой болох юм.

Анх 2008 онд Анагаахын ухааны их сургуулийг төгсөөд, 2009 оноос “Өлзий амгалан орших” ХХК-г байгуулж Дархан хотод “Золбоо” эмийн санг ажиллуулж эхэлсэн. Одоог хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна.

Хаан банкны Шинэ дархан тооцооны төвд 10 гаран хоногийн өмнө “Ажлын байрыг дэмжих зээл”-д хамрагдах хүсэлтээ өгсөн. Зээлийг маань судлаж үзээд 100,0 сая төгрөгийн зээлийг 30,0 хувийн батлан даалттай олгох шийдвэрийг Шинэ дархан тооцооны төвөөс Зээлийн батлан даалтын санд энэ мягмар гарагт хүргүүлсэн байсан.

Өнөөдөр Зээлийн батлан даалтын сангийн шийдвэр гарч 100,0 сая төгрөгийн зээлээ авах боломжтой болсонд маш их баяртай байна.

Зээлд хамрагдсанаар ойрын 6 сарын сарын эм, эмийн бүтээгдэхүүний нөөцөө татан авах боломжтой болох юм.

Зээлийн Батлан Даалтын сан “Ажлын байрыг дэмжих зээл”-д хамрагдах аж ахуйн нэгжүүдэд 60 хүртэл хувийн батлан даалт гаргаж байна. Энэ талаар Зээлийн батлан даалтын сангийн Гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэгээс тодруулга авлаа.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.