| | USD/MNT 0₮

Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 5.1 ам метр болжээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр 2016-2020 онд хийсэн ажил, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний асуудлаар Нийслэлийн ИТХ-ын ээлжит V хуралдаан үргэлжилж байна.

Ногоон хөгжлийн үзэл санаанд тулгуурласан, иргэдийг оролцоогоор хангасан эдийн засгийн өсөлтийг бий болгосноор хүрээлэн байгаа орчны тогтвортой байдлыг хадгалан  ирээдүй хойч үедээ өвлүүлэн, үр өгөөжийг нь урт хугацаанд хүртэх боломжоор хангах нөхцөлийг бүрдүүлсэн хөгжингүй улс болох талаар Монгол Улсын ногоон хөгжлийн бодлогод тусгасан байдаг. Мөн Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт Улаанбаатар хот, аймгийн төвүүдийн ногоон байгууламжийг гурав дахин нэмэгдүүлэх бодлого баримтлахаар тусгасан. Түүнчлэн Нийслэлийн ИТХ-аас 2030 он хүртэлх ногоон байгууламжийн дунд хугацааны бодлогын баримт бичиг болон “Улаанбаатар хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөө”-г 2019 онд баталсан юм.

Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хотын тохижилт, ногоон байгууламжийн төрийн удирдлагын үйл ажиллагаанд анх удаа Олон улсын чанарын менежментийн тогтолцоо MNS-ISO9001:2016 стандартыг нэвтрүүлж, суулгацын стандартыг сайжруулсан эрх зүйн орчныг улам боловсронгуй болгожээ. Мөн ногоон байгууламжийн арчилгаа, хамгаалалтыг дээшлүүлээд байна. Тухайлбал, хөрс ариутгах ажлыг жил бүр хийж, хортон шавжийг устган, чийг баригч, байгалийн чулуун бордоог хэрэглэдэг болсон зэрэг олон арга хэмжээ санаачлан хэрэгжүүлж буй.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2020 онд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг таван ам метрт хүргэх зорилт тавьж, ажилласан. Улмаар зорилтоо биелүүлж ажиллажээ. Тодруулбал, нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 2016 онд 1.7 ам метр байсныг 2020 онд гурав дахин нэмэгдүүлж, 5.1 ам метр болгосон гэдгийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. Томоохон тохилжилтын ажлуудаас дурдвал, Дипломат-95” дугаар байрны хойд талбай, Төмөр замын цэцэрлэгт хүрээлэн, Богд хааны өвлийн ордон музейн орчим, Хонхтой цэцэрлэгт хүрээлэнг сайжруулан, тохижуулаад байна. Гол гудамж зам, орон сууцны орчмыг моджуулж орчны тохижилтыг сайжруулах хүрээнд өнгөрсөн жилүүдэд 300-350 мянган ширхэг нарс, гацуур, шилмүүст мод тарьсан бөгөөд ургалт 90-ээс дээш хувьтай байгаа аж. Мөн цэцэгжүүлэлт, зүлэгжүүлэлтийг тогтмол хийж, тоосжилтыг бууруулжээ.

Харин орчны тохижилтыг сайжруулах хүрээнд амарч суух талбай, явган зам, спорт талбайг тохижуулж, хаягжуулалт, дугуйн зам, камержуулалт, гэрэлтүүлгийн хүртээмжийг нэмж, эрүүл мэндийн байгууллагуудын гаднах талбай, оршуулгын газрын орчныг стандартад нийцүүлэн тохижуулжээ. Газарт оршуулсан булшнаас 40-50 жилийн турш 20 орчим төрлийн хорт хий ялгардаг аж. Эрдэмтдийн тогтоосноор боомын савханцар 30 жил, сүрьегийн савханцар, тарваган тахлын вирус 40 жилийн турш амьд оршиж, агаараар дамжин хүн малыг хордуулдаг ажээ. Тиймээс үүнийг сааруулах зорилгоор оршуулгын газрыг жил бүр үе шаттайгаар ойжуулж байна.

Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран мод, суулгацны төрөл зүйлийг нэмэгдүүлэх ажлыг хийнэ. 

 

Ботаникийн цэцэрлэгийн талбайн ногоон байгууламж нь Улаанбаатар хотын оршин суугчид төдийгүй гадаад, дотоодын жуулчдад зориулагдсан ургамлын ертөнцийг танин мэдэх, соёл амралт, үзмэрийн хэсгүүдтэй, ургамлын музейг байгуулах зэрэг онцгой ач холбогдолтой, боломжтой юм. Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнтэй хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн онд гэрээлэн ажиллажээ. Улмаар цэцэрлэгт хийгдэж байгаа тарималжуулж, нутагшуулах олон жилийн туршилт судалгааны үр дүнд шалгарсан гоёл чимэглэлийн мод, сөөг, өвслөг ургамлыг хотын ногоон байгууламж буюу Баянгол дүүрэгт дөрвөн байршил, Чингэлтэй дүүрэгт дөрвөн байршилд хослол зохиомжийн зураг гаргаж, нийтдээ найман овог, 13 төрөлд хамаарах I зэргийн 2129 ширхэг мод, сөөг ургамлын суулгацыг стандартын дагуу жишиг төгөл байгуулж тарьж, ургуулжээ. Харин ирэх жилүүдэд мод, сөөгний төрөл зүйлийг нэмэгдүүлэх, суурь судалгааг хөгжүүлэх, Ботаникийн цэцэрлэгийн 30 гаруй орны 50 орчим цэцэрлэгтэй үрийн солилцоо явуулдаг хамтын ажиллагаанд тулгуурлан ногоон байгууламжийн бодлогод хамтран ажиллах зорилт тавьсан байна. Өдгөө гурван га талбайд мод үржүүлэх ажлыг хийж буй. Цаашид мод үржүүлгийн газрыг нэмэгдүүлэх юм.

Хашаандаа мод тарих, ногоон байгууламж байгуулах саналыг дэмжинэ.

Тэгвэл 2021 онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас улиасны унгарлийг бууруулах, арчилгааны ажлыг сайжруулах хүрээнд ажилбар бүрээр стандарт мөрдүүлэх, гэр хорооллын айл өрх хашаандаа мод тарих, ногоон байгууламж байгуулах саналыг дэмжиж ажиллах нь. Улмаар 2025 он гэхэд нэг хүнд ногдох ногоон байгууламжийг 8 ам метрт хүргэх зорилт тавьжээ.

Төлөөлөгчдийн зүгээс Туул, Сэлбэ голыг тохижуулах, голын ай сав газарт барилга байгууламж барих үйлдлийг зогсооход анхаарч ажиллалаарай гэв. Мөн ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалтыг сайжруулах, ялангуяа согтуугаар тээврийн жолоодон сүйтгэж байгаа зөрчлийн хохирлыг бүрэн барагдуулж байх хэрэгтэй гэсэн санал хэллээ. Цар тахлын улмаас хөл хорио тогтоож байсан хугацаанд л гэхэд дээрх зөрчлийн улмаас 50 сая төгрөгийн хохирол учирчээ. Мөн экологийн боловсролыг иргэдэд олгож, хотын ногоон байгууламжийн асуудалд хүн бүр оролцох ёстойг ойлгуулж, сурталчлах нь зүйтэй гэж хэллээ.

Хурлын дарга Ж.Батбаясгалан хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан“Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны даргын дэргэд эрдэмтийн зөвлөл ажиллаж байгаа. Хотын ногоон байгууламжийг сайжруулахад хүч дайчлан ажиллаж байгаа эрдэмтэддээ талархаж байна. Улаанбаатар хотод урсаж байгаа голын ай сав, хууль тогтоомжоор хамгаалагдсан атал яагаад мөрдөхгүй байна вэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэгтэй нийслэлийн Засаг дарга, дүүргүүдийн удирдлага үүнд анхаарал хандуулах ёстой. Захирагчийн ажлын албанаас хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн ажлын танилцуулга, цаашид хэрэгжүүлэх ажлын танилцуулгыг сонслоо. Хурлаас тэмдэглэл гаргаж, нийслэлийн Засаг даргад танилцуулах үүргийг Ажлын албанд даалгаж байна” гэсэн юм.

Ташрамд, нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг дэлхийн стандартад 9 ам метр гэж заасан байдаг. 

Тэгвэл 2021 онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас улиасны унгарлийг бууруулах, арчилгааны ажлыг сайжруулах хүрээнд ажилбар бүрээр стандарт мөрдүүлэх, гэр хорооллын айл өрх хашаандаа мод тарих, ногоон байгууламж байгуулах саналыг дэмжиж ажиллах нь. Улмаар 2025 он гэхэд нэг хүнд ногдох ногоон байгууламжийг 8 ам метрт хүргэх зорилт тавьжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.