| | USD/MNT 0₮

Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга Д.Жаргалсайханд хууль хамаагүй гэж үү

Зэвсэгт хүчний тухай хуульд өөрчлөлт оруулж, төрлийн цэргийн анги, нэгтгэлүүд байгуулсны дотор Барилга-инженерийн цэргийн удирдах газар багтсан. Анх 1964 онд бий болсон Барилгын цэргийн ерөнхий газар зах зээлийн шуурганд өртөж, батлан хамгаалах салбарт өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс тоног төхөөрөмжийг нь цөлмөснөөр энэ салбарын үйл ажиллагаа доголдоод байв. Харин хуульд өөрчлөлт оруулан уг салбарыг сэргээснээр эх орны өмнөд хэсэгт явуулж буй бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж байгаа билээ.

Харин энэ Барилга-инженерийн цэргийн удирдах газрын даргаар Д.Жаргалсайханыг томилсон нь батлан хамгаалах салбарын хууль, тогтоомж зөрчсөнийг илтгэх бодит жишээ юм. Баянхонгор аймгийн Засаг даргаар ажиллаж байсан түүнийг 2019 оны арваннэгдүгээр сард ЗХЖШ-ын Зэвсэгт хүчний бүтээн байгуулалт, дэмжлэгийн газрын дарга болгосон юм. Түүнийг ийнхүү томилсон нь батлан хамгаалах салбарынхны гол мөрддөг Цэргийн албаны тухай хуулийг зөрчжээ. Тодруулбал, уг хуулийн тавдугаар бүлгийн Цэргийн жинхэнэ алба хаах журам хэмээх дэд хэсгийн 19.3-т “Ажлын зайлшгүй шаардлага, мэргэжлийн онцлогийг харгалзан офицер, ахлагчийн алба хаагчид тавигдах ерөнхий шаардлагыг хангасан 35 хүртэлх насны иргэнийг офицерын, 30 хүртэлх насны иргэнийг ахлагчийн албанд авч болох бөгөөд офицер, ахлагчийн албанд авах уг иргэнийг цэргийн бэлтгэл, сургалтад хамруулна” гэжээ. 19.5-д нь “Алба хаах насны дээд хязгаарт хүрч цэргийн тэтгэвэр тогтоолгосон дээд офицер, офицер, ахлагч, энэ зүйлийн 19.3-т заасан наснаас хэтэрсэн цэргийн мэргэжил эзэмшээгүй иргэнийг офицер, ахлагчийн орон тоонд ажиллуулахыг хориглоно”, 19.7-д “Офицерын удирдах албан тушаалд цэргийн мэргэжил эзэмшээгүй иргэнийг ажиллуулахыг хориглоно” гэж цагаан дээр хараар бичсэн хууль батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчинд үйлчилж байна. Тэгвэл Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга, хошууч Д.Жаргалсайханы хувьд хуульд заасан насны хязгаар давчихаад байхад ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг томилчихсон байх юм. Өөрөөр хэлбэл, томилсон, томилогдсон албан тушаалтнууд хоёулаа хууль зөрччихөөд байна гэхэд хилсдэхгүй. Д.Жаргалсайхан Баянхонгор аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа өөрийгөө төрийн албанд ажиллаж байсан гэдгийг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Түүнд Д.Жаргалсайханыг 1976 оны долдугаар сард төрснийг тодотгожээ. Тэгэхээр 2019 онд томилогдсоноор нь тооцоход 43 настай Д.Жаргалсайханыг Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга болгож, хошууч цол олгосон байгаа юм. Өдгөө хошууч цолтой түүний удирдлага дор олон хурандаа, дэд хурандаа нар ажиллаж буй билээ. Түүнийг энэ албан тушаалд томилоход Төрийн албаны зөвлөл (ТАЗ)-ийнхөн ус балгасан мэт дуугүй байсан нь хачирхалтай. Магадгүй энэ томилгоонд төрийн өндөр албан тушаалтан нөлөөлсөн болохоор хууль зөрчиж байхад юу ч хэлэхгүй өнгөрсөн байхыг ч үгүйсгэхгүй.

Харин Д.Жаргалсайханд хошууч цол олгосон нь Монгол Улсын Ерөнхийлөгч, зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн баталсан Цэргийн цол олгох журмыг үндэслэсэн аж. Уг журмын 2.17-д “Иргэний байгууллагад ажиллаж байгаад дунд, ахлах офицерийн албан тушаалд томилогдвол албан тушаалын цолны зэрэглэлээс хоёр зэрэглэл доогуур цол олгож дараагийн цолыг олгохдоо энэхүү журмын хоёр дахь хэсгийн 14 дүгээрт заасныг баримтална. Хэрэв түүний албан тушаалын цолны зэрэглэл нь дээд офицерийнх байвал “хурандаа” цол олгож, албан тушаалын зэрэглэлийн цолыг 2-3 жил ажилласны дараа олгоно”, 2.14-т “Цэргийн албан хаагчийн офицерийн цол нь томилогдож буй албан тушаалын цолны зэрэглэлээс хоёр, түүнээс дээш зэрэглэл доогуур байвал түүний цэргийн цолыг эхний ээлжид нэг шат ахиулж дараагийн цолыг албан тушаалын доод зэрэглэлийн цол хүртэл дэс дараалан олгох бөгөөд гэхдээ цол олгох хоорондын хугацаа нь гурван жилээс доошгүй байна” гэж заасан байдаг юм. Харин хошууч Д.Жаргалсайханы хувьд Баянхонгор аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа Дайчилгааны тухай хуулийн 28.1.1 дэх хэсэгт заасан “яамны төрийн нарийн бичгийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, Тамгын газрын дарга нарын цэрэг-стратегийн бэлтгэл сургалт дөрвөн жилд нэг удаа долоо хоног цэргийн бэлтгэлд хамрагдана” гэсний дагуу Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалт бэлтгэлийн төвд номын дуу сонсоод цэргийн бэлтгэл офицер болсон гэдэг. Уг нь Дайчилгааны тухай хуульд цэргийн цол олгох тухай заалт байхгүй ч БХЯ, ЗХЖШ-ын тухайн үеийн удирдах албан тушаалтнуудын шийдвэрээр цэргийн цол олгодог болсноор УИХ-ын гишүүд, ИТХ-ын болон Засаг дарга нар гээд эрээн хувцас өмссөн, цэргийн сургууль төгсөөгүй офицерууд олширсон. Үүнийг цар тахлын үеийн өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн өнөө цагт олон нийт өдөр тутам харж буй билээ.

Эдгээрээс гадна Барилга-инженерийн цэргийн удирдах газарт хууль зөрчиж цэргийн цолыг үнэгүйдүүлэн олгох тохиолдол гардаг гэнэ. Цэргийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд цэргийн байгууллагын дарга, төрлийн цэргийн командлагч нь хурандаа цолноос бусад офицер, ахлагчийн анхны болон “сургагч ахлагч”, “тэргүүн ахлагч” цол олгож болохоор заасан. Гэтэл дээрх газарт үндэсний бөхийн улсын аварга агсны охин, өдгөө 50 нэлээд гарчихсан нэгэнд ахлах дэслэгч цол олгон ажиллуулж байгаа аж. Энэ нь Цэргийн албаны тухай хуулийн 11.5-д заасан “Эмэгтэйчүүд офицерын албыг цэргийн цол харгалзахгүйгээр 47 нас хүртэл хаана” гэснийг зөрчсөн үйлдэл юм. Энд зөвхөн батлан хамгаалах салбарын хууль тогтоомж зөрчигдөж буйг жишээ болгон дурдлаа. Барилга-инженерийн цэргийн удирдах газарт мэргэжлийн бус хүн цөөнгүй ажилд орсны олонх нь даргатайгаа нэг нутаг хэмээн ярих офицер, ахлагч нар олон. ТАЗ-өөс баталсан ажлын байрны тодорхойлолт, хуульд заасан мерит зарчим гэх зэргийг эш татвал бас л хууль зөрчсөн байх магадлалтай юм билээ.

Зэвсэгт хүчний тухай хуульд өөрчлөлт оруулж, төрлийн цэргийн анги, нэгтгэлүүд байгуулсны дотор Барилга-инженерийн цэргийн удирдах газар багтсан. Анх 1964 онд бий болсон Барилгын цэргийн ерөнхий газар зах зээлийн шуурганд өртөж, батлан хамгаалах салбарт өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс тоног төхөөрөмжийг нь цөлмөснөөр энэ салбарын үйл ажиллагаа доголдоод байв. Харин хуульд өөрчлөлт оруулан уг салбарыг сэргээснээр эх орны өмнөд хэсэгт явуулж буй бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж байгаа билээ.
Нийгэм

Сэтгэгдэл (8)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.