| | USD/MNT 0₮

АН-гүй Монгол хаашаа явж байна вэ…?

“Хэрэйд улсыг хэн мөхөөв” гэх асуултдаа “миний үр-нялх Сэнгүм” гэж ван хан Тоорил өөрөө хариулдаг. Түүн шиг АН-ыг хэн мөхөөж байгаа үнэнтэйгээ АН-ынхан эвлэрэх цаг болжээ. Тэгэхдээ АН-ын толгойд нялх-Сэнгүм гарч байгаагүй. Намын удирдлагын багтаа МАН шиг 1980 оныхон байтугай, 1970 онынхноо ч гаргаж ирэхгүй дарсаар, “өнөөх л хэдэн ардчилагчид”-тайгаа өтөлж яваа нам. Өтөлж яваа гэдэг нь түүхээрээ МАН-аас залуу ч, удирдлагын шинэчлэлээрээ 90 “нас”-тай МАН-аас бараг “хөгшин” гэсэн санаа.

Урьдын гавьяагаараа улс төрд үргэлжийн давуу эрх эдлэх гэсэн партизануудын мөнхийн сонирхол, “Монголд ардчилсан үзэл санааг тээгч нь АН” гэх андуурал, “АН бол би” гэх лидерүүд хийгээд фракцын ахлагч нарын эго нь АН-ыг ч, АН-ын амжилт, ялалтыг таллан хуваасаар өнөөдрийг хүрэв. УИХ-ын сүүлийн хоёр сонгуульд “МАН-д санал өгчихлөө” гэж АН-ынхан ард түмнийг буруутгаж өөрсдийгөө өмгөөлсөн. Яг үнэндээ бол хэдхэн хүний хувийн сонирхол, улс төрийн шуналыг олон мянган гишүүн бүхий нийт намынхаа зовлон болгосон, фракцуудад хувьчлагдсан, удирдлага нь олон кноптой бүлэглэлийн өмчлөл бүхий АН нэртэй ХХК-д л ард түмэн санал өгөөгүй юм.

Харин өнөөдөр АН-ын зовлон АН-аас хальж Монголын асуудал болжээ. АН-ын дотоод зодоонтой хамт Монголд либерал ардчилал бүдгэрч, либерал бус ардчилал тодорч байна.   Энд АН-ынхан тамираа бартал байгаа ганц тамгаа булаацалдан дотроо тэмцэлдэх тусам, тэнд либерал бус ардчилал хөрслөх, хөгжих сайхан суурь болов. Өөрөөр хэлбэл, Монголын ардчилал хяналтгүй, манаачгүй болов. Ардчиллын манаачийн тухай ярихаар л АН-ынхны өөрсдийгөө ардчиллын билгэ тэмдэг, өмчлөгч хэмээн өргөмжилдөг өвчин нь сэдэрдэг. Бодит байдал дээр ардчиллыг Англи, Америкууд ч өмчлөхөөсөө өнгөрсөнтэй тэд эвлэрдэггүй “хуучин хүү” хэвээр явна. Өнөөдөр дэлхийн 193 орны 118 нь ардчилсан дэглэмтэй. Эдгээр улс оронд дэлхийн нийт хүн амын 60 орчим хувь нь амьдардаг гэх тоо бий. Харин  улс төр судлаач эрдэмтдийн тооцож, бас тодорхойлсноор бидний мэддэг, төсөөлдөг либерал ардчиллын романтик үе үндсэндээ дуусч, дээрх 118 улсын 35 хувьд нь либерал бус, дүр эсгэсэн ардчилал биежин хүчирхэгжиж байгааг онцолжээ. Тэдний нэг нь Монгол Улс юм. Ерөнхий өнгө, онош нь таарч байгаа эсэхийг доорхи тодорхойлолттой тулгаж үзье.

Судлаачдын тодорхойлсноор либерал бус ардчилал гэдэг нь “Сонгууль шударга, чөлөөтэй, бүх нийтийн оролцоотой болдог. Харин ардчилсан сонгуулиар гарч ирсэн улстөрчид нь эрх мэдэлтэй болмогцоо хууль ёсыг уландаа гишгэж, дураар авирлах, авлигад идэгдэж, төрийн эрх мэдлээр далайлган иргэдийн эрх, эрх чөлөө болон түүнд суурилсан хувийн хэвшилд халдах үзэгдэл газар авах, бурангуй бүхэн нь аажмаар нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдөн нийтээрээ дүлийрч эхлэх”-ийг хэлдэг гэжээ. Гаднаас харахад, улс төрийн тогтолцоо нь хэвийн, сонгуулийн ардчилалтай мэт боловч уг сонгуулиар байгуулсан төр засаг нь ард иргэдийнхээ итгэлийг даахгүй, хүсэн хүлээж байгаа шийдвэрийг гаргаж чадахгүй байгаа улс орнуудыг ардчиллыг дүр эсгэсэн, либерал бус, эрэмдэг ардчилалтай гэж тодорхойлжээ.

Шударга ёс ярьж, шударга сонгуулиар төрийн эрхэнд гарч УИХ-ын гишүүн болмогцоо хувийн компанидаа тус бүр нэг тэрбум төгрөгийн ЖДҮ авах давуу эрхийг дүр эсгэсэн ардчиллын бодит жишээ. Шударга ёс тогтоох нэрийн дор замын цагдаа болгоны энгэрийн халаасанд зүүлттэй байдаг камерт бичсэн иргэний дүрс бичлэгийг улс төрийн зорилгоор олон нийтэд цацаж хүний эрх эрх чөлөөнд халддаг шударга бус үйлдэлт ардчилал Монголд тогтож байна. Ард түмний нэр барин гарч ирсэн дарга нар нь илт таргалж, эрх ямбандаа умбан, нийгмээсээ улам бүр тасардаг ардчилал Монголд тогтлоо. Тэд “Бороо орвол” засаглаж байгаа улстөрчдийн гавьяа гэж попорно. Эрх баригч намынхан хувьтай хүн болно. Харин ган болбол сөрөг хүчнээ, бас  баялаг бүтээгчдээ буруутгана. Эцэст нь монгол төрийг хүчгүйдүүлнэ. Монголчуудын эв нэгдлийг хагална. Монгол хүний жудаг, мөн чанарыг сэвтүүлнэ. Монгол Улсын эдийн засгийг сүйрүүлнэ. Схем ердөө л энэ, хийдэг улс төр нь ийм.

Улсын эдийн засгийн ачааны хүндийг үүрч яваа үндэсний компаниудынхаа төлсөн татварын өрмийг нь шууд ардчиллаар сонгогдмогцоо дүр эсгэсэн ардчилагчид болж хувирсан эрх мэдэлтнүүд хувьдаа хамж, хусмыг нь ард түмний дунд цоорхой шуудайд хийсэн элс мэт талын нэг цацан халамжилсан дүр үзүүлдэг болов.   Шударга ёс ярьж, шууд ардчиллаар сонгогдсон гишүүд өнөөдөр шимэгчид боллоо. Тэд яг ЖДҮ шиг ард түмний татвараас хувьдаа паразитлан амьдарна. Зарим нь “Монгол төрийн төлөө чөмгөө дундартал зүтгэж буй”-даа гуньсан ярилцлага өгч,  хувьдаа нэг ч бизнесгүй гэж гутрах  хирнээ өвөл, зуны  хэдэн давхар хаустай, өрхийн орлого, хадгаламж нь хэдэн  тэрбумаар хэмжигдэж, гадаадад тансаглан амрахдаа бизнес ангиллын суудалд заларч, хамгийн үнэтэй зочид буудалд тансаглаж  байгааг юу гэж ойлгох вэ. Энэ бол өнөөдрийн Монголын бодит дүр төрх. Товчхондоо,  Монголд либерал ардчилал сонгуулийн сурталчилгаатай хамт эхэлж, сонгогч саналаа хайрцагт хийснээр дуусдаг болжээ. Ардчилал гэнэт үгүй болохгүй ч, сонгуулиас сонгуульд  алхам алхмаар хумигдаж яг өнөөдрөөр харвал сөрөг хүчин, иргэний нийгэм, хараат бус институтууд, мэргэжлийн сэтгүүлзүй нэр төдий үлдэж, эрх баригч хүч, намыг шүүмжлэн дуугарсан нэг нь амьдралаа алдах хэмжээний айдас бүхий нэг намын системд эргэн сэргэжээ. Энэ нь монголчуудын хүссэн, 30 жил хүлээж зүтгэсэн,  АН-ынхны 1990 онд эхлүүлсэн ардчилал мөн үү?

Хэрвээ биш бол энэхүү буруу замыг зогсоох, Монголоо дүр эсгэсэн ардчиллаас аврах ачааны хүнд нь АН-ын нуруун дээр ахин ирэв. Энэ бол АН-ын нийгэмд үүрэх ёстой үүрэг, хүлээх ёстой хариуцлага юм. Түүнээс бус, өрсөлдөгчөө МАН, холын зорилгоо 2024 оны УИХ-ын сонгууль гэж харах нь АН амьд байхын утга учир хараахан биш билээ. АН бол МАН-тай өрсөлдөх гэж бус, ардчилсан Монголын төлөө амьд байх ёстой улс төрийн хүчин юм. Хэрвээ энэхүү нийтлэг эрх ашгийг хүлээн зөвшөөрч,  том зургаа харж чадаж байгаа бол “АН-д ашиггүй ч, маньд ашигтай” гэх хувийн амбицаа хаях улс төрийн болон иргэний эр зориг гаргахыг С.Эрдэнэ, Ц.Туваан, бүр Ерөнхийлөгч Х.Баттулгаас ардчилал, эрх эрх чөлөөнд хүн бүр хүсэх.  Монголд ашиггүй бүхэн АН-д, АН-д ашиггүй бүхэн монгол хүн бүрд ашиггүй байх улс төрийн шинэчлэлийг Монголын нийгэмд гагцхүү АН эхлүүлэх ёстойг ард түмэн хүлээж байна.

Эцэст нь ахин асууя. Монголд сонгуулийн ардчилал байгаа юу, байгаа. Гэхдээ сонгогч саналаа хайрцагт хийх хүртэл. Монголын сонгууль  тайван, иргэд саналаа шууд өгдөг үү, өгдөг. Тэгвэл яагаад иргэдийн сонгож байгуулсан төр засаг нь ард түмнийхээ хүлээлтэд нийцэхгүй, тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэж чадахгүй, хамгийн гол нь иргэдийн амьдрал дээшлэхгүй  байна вэ? Олон учир шалтгаан бий байх. Хамгийн гол нь ардчилсан улсын суурь багана нь, амьд ардчиллын үндэс болох шударга ёс нь эрх чөлөөтэйгөө эзэнгүй байна. Тэрхүү эзэн-манаач байх үүрэгтэй бөгөөд өгөгдөлтэй АН нь амьгүй, өөрөө өөрийгөө  таллан хуваагаад завгүй явна.

Хэрвээ Монгол Улс ардчилалгүй бол, ардчилсан засаг төргүй бол улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдал маань буцаад дэ-факто болно. МАН 1990 он хүртэл Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэж ирсэн нь үнэн шиг, 1990 онд ардчилал гарч, АН байгуулагдаж байж, ардчилсан төр засагтай болсноор Монгол Улсын тусгаар тогтнол бүтэн болж, Москва, Бээжингээс бүрэн хамааралгүй болсон нь түүхэн үнэн юм. Өөрөөр хэлбэл, монголчуудын тусгаар тогтнолын галт бамбар бол ардчилал, олон нам бүхий ардчилсан парламентат төр засаг юм. Энэ утгаараа хэдхэн лидерийнхээ төлөө бус, бүр АН-ын төлөө ч бус, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бүтэн байлгахын төлөө АН ахин босож, дахин нэгдэх үүрэгтэй юм.    

Ц.Буяннэмэх

“Хэрэйд улсыг хэн мөхөөв” гэх асуултдаа “миний үр-нялх Сэнгүм” гэж ван хан Тоорил өөрөө хариулдаг. Түүн шиг АН-ыг хэн мөхөөж байгаа үнэнтэйгээ АН-ынхан эвлэрэх цаг болжээ. Тэгэхдээ АН-ын толгойд нялх-Сэнгүм гарч байгаагүй. Намын удирдлагын багтаа МАН шиг 1980 оныхон байтугай, 1970 онынхноо ч гаргаж ирэхгүй дарсаар, “өнөөх л хэдэн ардчилагчид”-тайгаа өтөлж яваа нам. Өтөлж яваа гэдэг нь түүхээрээ МАН-аас залуу ч, удирдлагын шинэчлэлээрээ 90 “нас”-тай МАН-аас бараг “хөгшин” гэсэн санаа.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.