| | USD/MNT 0₮

АН-ыг хоёр хуваасны шагналд хэргээ цагаатгуулав уу?

Батгана суусан газар балагтай гэдэг. Энэ үгийг С.Эрдэнэд даймаар санагдана. Хаа явсан газраа хар мөр үлдээдэг түүний энэ талын намтар арвин. Энэ удаад ч ноцтой хэдэн баримтыг дэлгэе.

С.Эрдэнэ нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа НДЕГ-ын дарга Ц.Уртнасан, Санхүү, төлөвлөлт, бүртгэлийн газрын дарга Ч.Чулуунчимэг нартай бүлэглэн “Капитал” банк ХХК-ийн захирал Ариунболдтой үгсэн, “Капитал” банкны харилцах болон хадгаламжийн дансанд Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг төвлөрүүлэн хууль бусаар байршуулж, их хэмжээний ашиг олж байсан аж.  Он тооллоор нь баримтаар хүргэе.

-2013 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 14, 25, 27, 28, 29, 33, 37 тоот “Мөнгөн хадгаламжийн гэрээ”-нүүдийг байгуулж, уг гэрээний хүрээнд Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөс нийт 126,353,197,375,40 төгрөгийн мөнгөн хөрөнгийг тус банкны харилцах болон хадгаламжийн дансанд байршуулсан,

-2014 оны нэгдүгээр сарын 29-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 03, 05/05, 06, 12, 17,25,26,27,30,29,34 дугаартай “Мөнгөн хадгаламжийн гэрээ”-нүүдийг байгуулж, уг гэрээний хүрээнд Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөс нийт 209,487,284,256,75 төгрөгийн мөнгөн хөрөнгийг тус банкны харилцах болон хадгаламжийн дансанд байршуулсан,

-2015 оны нэгдүгээр сарын 29-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд 06/28/11, 15, К-06/181/17,  К-06/244/29, 37,38,39, К-06/356/43, 46 тоот гэрээнүүдийг байгуулж, уг гэрээний хүрээнд Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөс нийт 238,061,977,090,05 төгрөгийн мөнгөн хөрөнгийг тус банкны харилцах болон хадгаламжийн дансанд байршуулах шийдвэр тус тус гаргаж, “Капитал банк” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг тус тус үйлдсэн байна.

Харин С.Эрдэнэ  олон жил үүнийгээ үгүйсгэж, намайг харлуулах гэсэн улс төрийн бохир ажиллагаа хэмээн гөрдөж ирсэн. Тэгвэл хэрэг, баримт хуучирдаггүйн жишээгээр, С.Эрдэнэтэй холбоотой ноцтой баримтууд энэ мэт ар араасаа дэлгэгдсээр байв.   

 “Хонгил”-ын гэх шүүгч, прокурорууд өдгөө гэнэт гараад ирсэн биш өмнө ч амь бөхтэй оршсоор иржээ. Үүнийг батлах мэт “хонгил”-ын шүүгчидтэй ашиг сонирхол нэг гэгддэг Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат нь С.Эрдэнэтэй ч эртнээс холбоотой явж ирсэн хөдөлшгүй баримт байна. Ийн хардахын учир нь, Ц.Насанбат прокурор С.Эрдэнэ, Ц.Уртнасан, Ч.Чулуунчимэг нарт холбогдох дээрх ноцтой хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн байна. 

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор М.Очбадрах нь 2020 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 104 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, Содномзундуйн Эрдэнийг яллагдагчаар татах тогтоол үйлджээ. Үүндээ, С.Эрдэнэ нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд бөгөөд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа нийгмийн даатгалын дүнгийн мөнгөн хөрөнгийн чөлөөт үлдэгдлээс харилцах, хадгаламж хэлбэрээр арилжааны банкинд байршуулах, бонд худалдан авах хэмжээг батлах тухай тогтоолыг дур мэдэн гаргаж, хамтарсан хэд хэдэн тушаалд дөрөөлөн өөрийн дураар хууль бус шийдвэр гаргасан хэрэгт яллагдагчаар татжээ.

Мөн Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Бүжинлхам 2020 оны наймдугаар сарын 5-ны өдрийн 160 тоот  эрүүгийн хэрэг үүсгэж, С.Эрдэнийг бусдаас шан харамж авах, гишүүнийхээ эрх мэдлийг ашиглан үнэт цаас, эд хөрөнгө олох давуу эрх эдлэх, бусдад давуу байдал олгох, хууль бус шийдвэр гаргахаар бусдад нөлөөлөх,  гишүүний бүрэн эрхэд үл хамаарах асуудлаар бусад байгууллагын үйл ажиллагаанд оролцох, шахалт үзүүлсэн зэрэг Эрүүгийн хуулийн арав гаруй хуулийн заалтаар буруутган яллагдагчаар татсан байдаг. 

Ийм ноцтой баримтууд байсаар атал Нийслэлийн прокурорын орлогч Ц.Насанбат С.Эрдэнэ нарыг яллагдагчаар татсан дээрх хоёр тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэж, шүүхэд шилжүүлэхээс эрс татгалзжээ.

С.Эрдэнийн ил болсон баримтууд ингээд ч дуусахгүй. Тэрбээр УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяртай урьдчилан үгсэн тохиролцож, Дархан-Уул аймагт элеватор буюу газар тариалангийн бүтээгдэхүүний агуулахын төсөвт өртгийг 10,000,000,000 байсныг 16,000,000,000 төгрөг болгон нэмэгдүүлж, 2014 онд дуусах байсныг 2015 он хэмээн өөрчлүүлэн УИХ-аар батлуулж, дөнгөсөн байдаг юм.  Ингэж үнийг нь өсгөсөн элеватор нь ямар ч ажиллагаагүй, эвдэрхий болох нь мэргэжлийн байгууллагын удаа дараагийн дүгнэлтээр тогтоогдсон. 36000 тонн багтаамжтай Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлалтай “Дархан гурил тэжээл” ХК-ийн эзэмшлийн энэхүү үр тарианы агуулах буюу /элеваторыг/ худалдан авах үйл ажиллагааг хууль бусаар зохион байгуулсан байна. Үүний тулд  өөрийн хамаарал бүхий “Молор трейд” ХХК-ийн данснаас 2014 оны гуравдугаар сарын 27-ны өдөр “Дархан гурил тэжээл” ХК-ийн Төрийн банкин дахь .....тоот данс руу 160 сая төгрөгийг “тендерийн баталгааны мөнгө- гэх утгаар,  мөн 2014 оны тавдугаар сарын 1-ний өдөр 640 сая төгрөгийг, 2014 оны аравдугаар сарын 9-ний өдөр 990 сая төгрөгийг “эргэн төлөгдөх нөхцөлтэй  зээлийн санхүүжилт” гэх утгаар тус тус шилжүүлжээ. Ингэснээр “Дархан гурил тэжээл” ХК болон өөрийн нэгдмэл сонирхолтой “Молор трейд” ХХК-д давуу байдал бий болгож, улсад 15,995,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт үйлдлийг үйлдсэн байдаг. Ийм илэрхий баримтууд нь байсаар байтал түүний хэргүүдэд хяналт тавьсан хяналтын прокуроруудын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолуудыг хүчингүй болгох тогтоолыг 2021 оны хоёрдугаар сарын 25-нд Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат гаргасан байна. Үүнийг улс төрийн хүрээнд юу гэж харж байна гэхээр АН-ыг хоёр хуваасныхаа ашгийг ингэж хүртлээ гэж хардаж байгаа юм. Гэхдээ хэрэг хуучирдаггүй гэдэг үгтэй билээ.

У.Тэргэл

Батгана суусан газар балагтай гэдэг. Энэ үгийг С.Эрдэнэд даймаар санагдана. Хаа явсан газраа хар мөр үлдээдэг түүний энэ талын намтар арвин. Энэ удаад ч ноцтой хэдэн баримтыг дэлгэе.
Улс төр

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.