| | USD/MNT 0₮

АН-ын ялагдал бүрийн шалтгаан нь “мөнхийн залуу” ах нар

Улс төр эгнээгээр явдаг. Ахмад, дунд, залуу үеийн хэлхээн дээр улс төрийн намын гагнаас үргэлжилдэг учраас ахмадууд нь залуу үедээ халаагаа өгөх нь жам ёсны үзэгдэл. Гэтэл АН-ын ахмадууд залуу үедээ зайгаа тавьж өгөлгүй албан тушаалын хойноос хөөцөлдсөөр өнөөдөрт иржээ. Ардчиллын анхдагчууд хэмээн өөрсдийгөө өргөмжилдөг, он цагтаа байж болох карьерынхаа хамгийн өндөрлөгт хүрсэн лидерүүд нь залуусдаа зайгаа тавьж өгөлгүй өдгөө ч эрх мэдлийн төлөө улайран зүтгэсээр байна.

УИХ-ын 2020 оны сонгуулиар АН 2016 оных шиг мөн л үнэмлэхүй ялагдал хүлээв. Үүний хариуцлагыг тухайн үеийн намын дарга С.Эрдэнэ хүлээж буйгаа мэдэгдэн, тамгаа Ц.Туваанд хүлээлгэж өгсөн. Гэсэн ч тэр Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирэхтэй зэрэгцэн сандал суудал, тамга тэмдэгний хэрүүл хийж, “Би намын дарга хэвээрээ” гэсэн зүйл ярьж явна. Энэ нь даамжиржаар намаа хоёр хуваагаад хаячихлаа.

С.Эрдэнэ нам дотроо ийн үймээн дэгдээж буй нь Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэгтээ холбоотой. С.Эрдэнийн талынхан одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвшүүлэхгүй байхын тулд авч болох бүхий л арга хэмжээг явуулж байгаа нь акцуудаас нь тод харагддаг. Энэ маргаан удаан үргэлжлэх тусмаа МАН-д ашигтай.

Аль нь байлаа ч түүнд намаа муухай харагдуулж, жирийн олон мянган гишүүн, дэмжигчдийнхээ итгэлийг алдах нь хамгийн гутамшигт хэрэг баймаар сан. Гэтэл өнөө л эрх ашгийн эрэмбээ алдаж, амин хувийн үйл хэргээ С.Эрдэнэ нэгдүгээрт тавьчихлаа.

Үнэн хэрэгтээ С.Эрдэнэ, Э.Бат-Үүл нарын ардчиллын анхдагчид намаа сонгуульд удирдаж ороод ялагдуулсан шүү дээ. Энэ бол маргаангүйгээр намын удирдлагаа өгөөд явах ёстой үр дагавар. Гэтэл С.Эрдэнэ болон АН-ын “мөнхийн залуу” дарга нар зайгаа тавьж өгөхийг хүссэнгүй.

АН-ын даргын сонгуульд С.Эрдэнэболд, О.Амартүвшин, О.Цогтгэрэл, Д.Пүрэвдаваа нар өрсөлдөхөөр болсон. Намынхаа гишүүд, дэмжигчдэд цаашид ажиллах бодлого, мөрийн хөтөлбөрөө танилцуулах уулзалт хийж, сурталчилгаагаа эхлүүлээд явж байгаа эдгээр залуустай зэрэгцээд С.Эрдэнийнхэн нийслэлийн намын даргад хотын дарга асан Э.Бат-Үүл нарын “залуус”-аа сойгоод эхэлсэн. Тэдний энэ их шунал, гол дүр болох хүсэл нь АН-ын хөгжил дэвшилд чөдөр тушаа болж байна.

Шинэ, залуу эрч хүчтэй 70, 80-аад оны залуус намын даргад нэр дэвшин, эв эеийг эрхэм болгон ардчиллаа аврах нь юу юунаас илүү чухал болчихоод байгааг АН-ын лидерүүд ойлгоосой билээ. Энэ намд эрс шинэчлэл хэрэгтэй байгааг өнгөрсөн хоёр удаагийн сонгууль бэлхнээ харуулчихлаа шүү дээ.

Улс төр эгнээгээр явдаг. Ахмад, дунд, залуу үеийн хэлхээн дээр улс төрийн намын гагнаас үргэлжилдэг учраас ахмадууд нь залуу үедээ халаагаа өгөх нь жам ёсны үзэгдэл. Гэтэл АН-ын ахмадууд залуу үедээ зайгаа тавьж өгөлгүй албан тушаалын хойноос хөөцөлдсөөр өнөөдөрт иржээ. Ардчиллын анхдагчууд хэмээн өөрсдийгөө өргөмжилдөг, он цагтаа байж болох карьерынхаа хамгийн өндөрлөгт хүрсэн лидерүүд нь залуусдаа зайгаа тавьж өгөлгүй өдгөө ч эрх мэдлийн төлөө улайран зүтгэсээр байна.
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.