| | USD/MNT 0₮

Б.Мөнхзаяа: Дотоод хэргийн их сургууль олон улсын чанарын стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна

Дотоод хэргийн их сургууль 2021 оны эхний хагас жилд үйл ажиллагаандаа олон улсын хоёр стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ ажлын явц ямар байгаа талаар ДХИС-ийн Чанарын баталгаажуулалтын  төвийн эрхлэгч, дэд хурандаа Б.Мөнхзаяагаас  тодрууллаа.

-ДХИС-д Олон улсын стандартыг нэвтрүүлэх ажил ид өрнөж байна.  Энэ ажлын явц ямар байгаа талаар  товч мэдээлэл өгнө үү?

-Их сургуулийн үйл ажиллагаанд олон улсын (ISO9001:2015 чанарын менежмент ба чанарын менежментийн тогтолцоо, ISO21001:2018 боловсролын байгууллага-боловсролын байгууллагын чанарын менежментийн тогтолцоо)  стандартуудыг нэвтрүүлэх ажил 2021 оны 01 дүгээр сард гарааны оношилгоо хийж суурь түвшинг тодорхойлохоос эхэлсэн. Суурь түвшин тодорхой болсноор хийх ажлын хүрээ, хязгаар тодорхой болж стандартын талаар ойлголт, мэдлэг өгөх сургалтууд явагдаж байна. Сургалтад манай удирдлага, багш, алба хаагчид Их сургуулийн гадаад, дотоод орчин, сонирхогч тал, тэдгээрийн хэрэгцээ, хүлээлт болон хамрах хүрээг хэрхэн яаж тодорхойлох талаар арга зүйд суралцан, хууль, эрх зүйн нийцлийн судалгааг идэвх санаачилгатай хийж байна. 

-Мөн та процессын үйл ажиллагааг тодорхойлж байгаа талаар сургалтын үеэр хэлсэн. Энэ  үйл ажиллагаа ямар үр дүнтэй вэ?

-Монгол Улсад одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 770 гаруй хуулиас Дотоод хэргийн их сургуулийн үйл ажиллагаанд хамаарч болох 93 хуулийг тодорхойлж шинжилгээ хийлээ. Эдгээр хуулиас төрийн байгууллагад хэм хэмжээ тогтоож өгсөн, Дотоод хэргийн их сургуулийн үйл ажиллагаанд хамааралтай нэлээдгүй процесс байна гэж үзэж байгаа. Мөн бүрэлдэхүүн сургууль, бүтцийн нэгжүүдээс өдөр тутам хийж хэрэгжүүлдэг ажил, арга хэмжээний жагсаалтаас болон стандартын шаардлагын дагуу хийх процессууд нийлээд их сургуулийн үйл ажиллагааны 300 гаруй процессыг тодорхойлж үндсэн, дэмжих, удирдлагын процессуудад ангилан тэдгээрт процесс зураглал хийж эхлээд байна.

Одоогоор ажлын хэсгийн гишүүд өөрсдийн хийж байгаа ажлын чиглэлийн дагуу процессын зураглалыг зурж зөвлөхүүдээс зөвлөгөө авч сайжруулан нилээн бүтээлчээр ажиллаж байна. Үүний дараа бид процессын дагуу журам боловсруулах, өмнө байсан журмаа сайжруулах, уялдаа холбоог хангах ажлыг хийхээр төлөвлөж байна. Мөн албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтыг процесс, журамтайгаа уялдуулан шинэчлэн боловсруулахын зэрэгцээ үйл ажиллагааны төлөвлөлтийн дагуу нэлээдгүй баримт бичгийг сайжруулах, шинээр боловсруулах ажлууд цаашид хийгдэнэ.

-Энэхүү стандартыг хэзээнээс хэрэгжүүлж  эхлэх вэ. Ямар үр дүн хүлээж байгаа вэ?

-Бид 2021 оны 07 дугаар сар гэхэд нэвтрүүлсэн байхаар зорилго тавиад ажиллаж байна. Одоогийн байдлаар үндсэн сургалтууд дундаа орж байна. Сургалт бүр өөр өөрийн онцлогтой, арга зүйгээр явагдаж байна. Стандарт нэвтрүүлснээр олон үр дүн, ач холбогдлыг манай хамт олон хүлээж байна. Тухайлбал: Сургалтын хөтөлбөрт тогтмол, давтамжтай дүн шинжилгээ хийж хэвшсэнээр бүрэлдэхүүн сургууль, нэгж, албан хаагчдын ажлын уялдаа холбоо сайжирч захиалагч буюу Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний нөөцийн чадавх нэмэгдэх, сургалт-эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн нэгдлийг хангана. Мөн сургалтын хөтөлбөрийн шаардлагад нийцсэн мэргэжилтэн бэлтгэн гаргах замаар ижил төстэй дээд боловсролын сургалтын байгууллагын дунд өрсөлдөх чадвар нэмэгдэж, суралцагчдын маань сурах идэвх санаачилга, сурлагын амжилт, чанар өссөнөөр хэрэглэгчийн сэтгэл ханамж дээшилж Их сургуулийн үйл ажиллагаанд нэгдсэн менежментийн тогтолцоо бүрдэнэ.

Дотоод хэргийн их сургууль 2021 оны эхний хагас жилд үйл ажиллагаандаа олон улсын хоёр стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ ажлын явц ямар байгаа талаар ДХИС-ийн Чанарын баталгаажуулалтын төвийн эрхлэгч, дэд хурандаа Б.Мөнхзаяагаас тодрууллаа.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.