| | USD/MNT 0₮

Х.Баттулгад Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвших эрх бүрэн нээлттэй

УИХ-ын гишүүн, ХҮНамын дарга Т.Доржханд, ХҮНамын хуульч Д.Үүрцайх тэргүүтэй дөрвөн хүн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргасан билээ. Тэгвэл хуульч Б.Гүнбилэг тэдний гаргасан мэдээлэлд тайлбар хийснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ ТУХАЙ ТАЙЛБАР ГАРГАХ НЬ

Нэг. Тайлбарын агуулга:

  1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчөөгүй;
  2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гучдугаар зүйлийн 2, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчөөгүй.

Ерөнхийд нь авч үзвэл Улсын Их Хурлаас 2020 оны 12-р сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийг огт зөрчөөгүй гэж үзэж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргасан нэр бүхий дөрвөн иргэний мэдээллийг нарийвчлан судалж үзэхэд хэт нэг талыг барьсан, Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан “Үндсэн хууль зөрчсөн тухай” гэсэн маш тодорхой үндэслэлийг онолын хувьд буруу ойлгож, хэрэглэсэн, зарим талаар улс төржсөн агуулга бүхий хүлээн зөвшөөрөх боломжгүй байдлаар бичигджээ. 

Хоёр. Тайлбарын үндэслэл:

I. Онолын үндэслэлийн хувьд:

Үндсэн хуулийн хэм хэмжээг тайлбарлах хэд хэдэн аргачлал, арга зүйн зарчим байдаг бөгөөд эдгээр нь К.Ф. Савинигийн дөрвөн аргын /хэл зүйн, логик, системчилсэн, түүхчилсэн/ тайлбараар хязгаарлагдахгүй юм. Мэдээлэл гаргагчдын зарим нь К.Ф. Савинигийн дөрвөн аргын болон зорилтот тайлбарын хүрээнд явцууруулан тайлбарлаж нэг талыг хэт барьсан өрөөсгөл байдлаар авч үзсэн нь Үндсэн хуулийн эрх зүйн тайлбарын онолын зарчимд нийцэхгүй байна. 

Үндсэн хуулийн эрх зүйд Р. Паундын чиг үүргийн онолын тайлбараас гадна Ж.Бентамын тэнцлийн зохист байдлын онол, Ромын хуульч Юлианы жишгийн шалгуурын онол, зэргийг энэ тохиолдолд заавал харгалзан харьцуулан авч үзэх шаардлагатай. Үндсэн хуулийн зарим нэг заалт хэдий тодорхой мэт боловч хууль хэрэглээний хувьд эргэлзээтэй, нэмэлт тодруулга зайлшгүй шаардлагатай үед хууль тогтоогчийн субьектив хүсэл зоригийг тайлбарлах уу, эсвэл обьектив  буюу хэм хэмжээний утгын мөн чанарыг нээн илрүүлж тайлбарлах уу гэдэг асуулт зүй ёсоор гардаг гэдгийг анхаарах нь зүйтэй юм. Р. Паундын чиг үүргийн онолын тайлбараар авч үзвэл Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалт нь эрх зүйн зүйн хэм хэмжээний гипотез, диспозицийн нэгдмэл, хамааралт нэг нөхцлийг хангасан үед хамтад нь хэрэглэх гэсэн утгыг илэрхийлнэ. Чиг үүргийн онолын буюу функциональ аргачлалаар бол Үндсэн  хуулийн тодорхой нэг заалт нь эрх зүйн бүтцийн хувьд үг үсгээр хязгаарлагдахгүй, эрх зүйн хэм хэмжээний тодорхой утга нь давтагдашгүй агуулгаар илэрхийлэгдэх ёстой. 

Чиг үүргийн онолын агуулга нь:

  1. Үндсэн хуулийн нэг тодорхой заалтыг эрх зүйн утгын агуулгаар Үндсэн хуулийн бусад хэм хэмжээтэй холбон хамааралт шинжээр авч үздэг;
  2. Үндсэн хуулийн үндсэн бүтцийн мөн чанарыг нээн илрүүлж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орсон нь өмнөх Үндсэн хуулийн хүчингүй болсон заалтыг дордуулахгүй байх шаардлагыг хамгаалж, дэмждэг;
  3. Үндсэн хуулийн тодорхой нэг заалтыг тайлбарлахдаа Үндсэн хуулийн зарчим, институц, субьектийн эрх зүйн байдлын нөхцлүүдийг хамааралт буюу уялдаа холбоонд нь аль болох тогтвортой байх уламжлалт шинжийг тусган тайлбарладаг г.м.

Дээрх үндэслэлээс үзэхэд “50 нас, 5 жил” гэсэн гипотез, “1 удаа, 6 жил” гэсэн диспозицийн нөхцөл нь зөвхөн Үндсэн хууль үйлчлэх цаг хугацаанд нэг удаа хэрэглэгдэх боломжийг үгүйсгэхгүй юм. Ж.Бентамын тэнцлийн буюу уян хатан зарчмын онолоор бол хуулиар хатуу хориглоогүй нөхцөлд хуулиар зөвшөөрөх боломж нээгдэх бөгөөд хэрэв хуулиар хязгаарласан заалт, агуулга хуульд шууд тусгагдаагүй бол хуулийн агуулгаар тухайн зохицуулалт зөвшөөрөгдөх нөхцлийг бий болгоно гэж үздэг. Энэ үндэслэлээр бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 26 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6 дахь хэсэгт заасан Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших үндэслэл, нөхцөл, журмыг хуульчилсан хэм хэмжээнүүд нь дээр дурдсан хориглолт, хязгаарлалтыг тусгаагүй, харин эрх зүйн боломж, нөхцлийг илүү бататгасан нь Үндсэн хуулийн зарчим, агуулга болон Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчөөгүй гэж үзэхэд хүргэж байгаа юм.

Үндсэн хууль болон нэмэлт, өөрчлөлт орсон Үндсэн хуулийг тайлбарлахад Үндсэн хууль тайлбарлах аргаас гадна хууль тайлбарлах аргуудыг (Савинигийн болон субьектив ба обьектив онол) хамтад нь хэрэглэдэг гэдгийг мартах ёсгүй билээ. “Хууль дээдлэх нь өөрөө Үндсэн хуулийн зарчим мөн бөгөөд Үндсэн хуулийн тодорхой заалтыг органик хуулиар ерөнхий буюу диспозитив зөвшөөрөх утгаар зохицуулсаныг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж болохгүй” гэсэн хуулийн утгын язгуурын онолын тайлбар бий.

Ромын нэрт хуульч Юлианы шалгуурын аргачлалаар авч үзвэл “Тухайн нөхцөл тохиолдлыг Үндсэн хууль, хуулиар тодорхой зохицуулж, хуульчилсан боловч хууль, хэрэглээний хувьд цаг хугацаа, бодит байдал дээр шууд хэрэглэх үед маргаан, эргэлзээтэй байдал үүсвэл өмнө нь шийдвэрлэж байсан адил төст практик, жишгийг харгалзах ёстой” гэсэн  үндэслэл бий. Энэ онолын аргачлалаар бол Үндсэн хууль зөрчсөн гэдэг үндэслэлийг Үндсэн хуулийн хэм хэмжээг органик хуульд дутуу зохицуулсан гэдэгтэй холбож тайлбарласан Үндсэн хуулийн цэцийн тогтоол аль хэр түгээмээл эсэхийг лавлах нь чухал. Түүнчлэн хуучин Үндсэн хууль болон Үндсэн хуулийн хүчингүй болсон заалт ба шинэ Үндсэн хууль хийгээд нэмэлт өөрчлөлт орсон Үндсэн хуулийн заалтыг хэрэглэж ирсэн адил төст практикийг давхар харгалзана гэсэн үг юм. Энд Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбатын нэр дэвшиж байсан болон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины нэр дэвшин  сонгогдож ирсэн кейсийг санах учиртай.

1997 онд Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдон Цэцийн шийдвэрлэсэн маргааны хувьд Үндсэн хуульд хориглоогүй зүйлийг Цэц хориглох эрхгүй гэдэг утга санааг тодорхой гаргаж өгсөн билээ.

Системчилсэн тайлбарыг дурдсан иргэний үндэслэлийн хувьд Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт оруулсан өөрчлөлт нь Ерөнхийлөгчөөр ажиллах этгээдэд тавих шаардлага, ажиллах хугацааг нь өөрчилсөн бөгөөд үүнд өмнө нь Үндсэн хуулиар Ерөнхийлөгчийг 8 жилээс ихгүй ажиллах хугацаа заасан байсан, зарим хүмүүс 10 жил, зарим хүмүүс 14 жил ажиллах магадлалтай болох эсэх зэрэг нь системчилсэн тайлбарын аргын гол асуудал огт биш болно. 

 Ф.Муллерийн тайлбар гэж үздэг түүхэн цаг үеийн харьцангуй онолын тайлбар нь тухайн Үндсэн хуулийн тодорхой нэг заалтыг тухайн үг, өгүүлбэрийн бичвэрээс гадна бусад хамаарах эх сурвалж, өгөгдөхүүнийг заавал харгалзаж эрх зүйн байдлын болон үндсэн эрхийг дордуулахгүйгээр мөн чанарт нь нийцүүлж авч үздэг. Энэ талаас нь үзвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн холбогдох зүйл заалтууд Үндсэн хуулийн үзэл баримтлал, Үндсэн хуулийн институцийн эрх зүйн орчныг дээрдүүлсэн бөгөөд Үндсэн эрхийн зарчмын хувьд Үндсэн хууль зөрчөөгүй болно. 

Зорилтот тайлбар буюу хууль тогтоогчийн тайлбарыг мэдээлэл гаргагчид мушгин гуйвуулж, тодорхойлохыг оролджээ. Улсын Их Хурал энэ эсуудалд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэг удаа нэр дэвших боломжийг шууд үгүйсгээгүй, хориглосон заалт байхгүй.

Харин ч дээр дурдсан онолын үзэл баримтлал, аргачлалаас үзэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нь 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломж бүрэн нээлттэй бөгөөд уг сонгуулийг явуулахад гол баримтлах эх сурвалж болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль нь Ерөнхийлөгч Х.Баттулгын 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин оролцох боломжийг онол, үзэл баримтлалын хувьд үгүйсгээгүй гэж үзэж байна. 

II. Эрх зүйн үндэслэлийн хувьд:

Эрх зүйн үндэслэл нь зөвхөн Үндсэн хууль болон хуулийн зорилго, заалтаар хязгаарлагдахгүй, эрх зүйн логик, эрх зүйн ерөнхий онол, арга зүйн зарчим, үндэслэгээний зүй тогтлоор тодорхойлогдох учиртай.

  • Нэр бүхий мэдээлэл гаргасан иргэд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад: “…Нэр дэвшигч гэж 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын уугуул иргэнийг” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж заасныг зөрчсөн гэжээ. Гэтэл дээрх Үндсэн хууль ба органик хуулийн хооронд эрх зүйн зөрчилдөөн үүсээгүйн дээр “Үндсэн хуулийн дагуу ...нэр дэвшинэ” гэсэн эрх зүйн нөхцөлт диспозицийн бүтцийг алдагдуулаагүй.  Тэрчлэн Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн “Зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа” гэсэн диспозиц нь “Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн дагуу” гэсэн нөхцөлт утгыг илэрхийлж байна. Энд Үндсэн хууль зөрчигдсөн гэж үзэх ямар ч боломж харагдахгүй байна. Эрх зүйн бүтцийн функциональ зарчмаар авч үзвэл Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн хувьд “50 нас хүрсэн, 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан Монгол Улсын уугуул иргэн нь 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгогдох” гэсэн нөхцлүүд нь хамтдаа үйлчлэх эрх зүйн нэгэн боломж мөн тул гагцхүү дээрх нөхцөл бүхий шалгуураар одоогийн Ерөнхийлөгч 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь Үндсэн хуулийн эрх зүйн талаасаа хориглогдоогүй, харин ч нээлттэй юм.

Нэр бүхий иргэдийн мэдээлэлд бичсэнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа” гэсэн заалтыг нэмж оруулах эсэх нь онцын ач холбогдолгүй бөгөөд тэдний үзэж байгаа шиг “Өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаагүй” гэсэн заалтыг органик хуульд нэмж тусгах гэж үзэх нь үндэслэлгүй бөгөөд утгагүй юм. 

  • Нэр бүхий мэдээлэл гаргасан иргэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан 3 шалгуур дээр нэмж, “Ерөнхийлөгчөөр сонгогдож байгаагүй” гэсэн заалтыг оруулаагүй, орхигдуулсан нь Үндсэн хууль зөрчсөн мэтээр тайлбарлан бичжээ. Түүнчлэн одоогийн Ерөнхийлөгч дахин сонгогдвол 10 жил Ерөнхийлөгч болох гээд байгаа тухай дурджээ. Гэтэл 1992 оны Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн /хуучнаар/ 2 дахь хэсэгт зааж байсан “Ерөнхийлөгчөөр 45 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг 4 жилийн хугацаагаар сонгоно” гэсэн огт өөр нөхцлөөр нэр дэвшин сонгогдсон Ерөнхийлөгч нь нэмэлт, өөрчлөлт орсон Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “50 нас хүрсэн, ....иргэнийг 6 жилийн хугацаагаар нэг удаа сонгоно” гэсэн бас нэг өөр нөхцөл заалтын дагуу шинээр нэг удаа нэр дэвших нөхцлийг үгүйсгэх ямар ч боломжгүй юм. Угтаа бол Үндсэн хууль зөрчсөн гэдэгт Үндсэн хуулийн агуулгад бүрэн тусгаагүй, эсхүл Үндсэн хуульд дутуу орхигдуулсан зүйлийг хамааруулж үздэггүй билээ. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн “манаач” болохоос биш, Үндсэн хууль баталдаг байгууллага биш гэдгийг дурдах нь зүйтэй. 

Үндсэн тайлбарт дурдсан З.Энхболд даргын ҮХНӨ-ийн Зөвшилцлийн ажлын хэсэг дээр хэлсэн үгээс харахад дөрвөн жил ажилласан ерөнхийлөгч нь дахиад зургаан жил ажиллах боломжтой болгож санал хэлсэн байна. Түүнийг мэдээлэл гаргагч эсрэгээр нь тайлбарлахыг оролдсон нь буруу юм.

  • Нэр бүхий иргэн мэдээлэл гаргахдаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт: “Тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгох эрхтэй,” 5.6 дахь хэсэгт: “Иргэний сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлах, ....саад учруулахыг хориглоно” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэж бичжээ. Тэрээр “..Хууль нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр одоо ажиллаж байгаа Х.Баттулгад 2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвших эрхийг олгосон байна” гэж дурдсан байтлаа “зөвхөн нэг удаа” гэж Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан тул Х.Баттулга нь 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй гэжээ.

Дээрх иргэн эрх зүйн үндэслэлээ нарийвчлан тодорхой тайлбарлаагүйн дээр Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийг тухайн сонгуулийн хуулийн холбогдох заалт зөрчсөн гэдгийг нотолж гаргаагүй байна. Харин 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж сонгогдсон хүн дахин Ерөнхийлөгчид нэр дэвших боломжгүй. Учир нь “45 настай, 4 жилийн хугацаатай сонгогдоно” гэсэн агуулга бүхий заалтыг нэмэлт, өөрчлөлт орсон Үндсэн хуулийн “50 настай, 6 жилээр сонгогдох” гэсэн заалттай шууд адилтган харьцуулах ямар ч боломжгүй байна.

  • Нэр бүхий иргэн өөрийн гаргасан мэдээлэлдээ дээрх иргэдийн мэдээллийн агуулгыг давхар тусгахын зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэг, 26 дугаар зүйлийн 26.2.1, 26.2.2 зэрэг заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзжээ. Энэ тухай үндэслэлээ Үндсэн хуулийн эрх зүйн онолын талаас нь нотолж тайлбарлахыг оролдсон боловч нэг талыг барьсан, өрөөсгөл хандлагатай болсон тул түүний тайлбар, мэдээллийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Тухайлбал, түүний түүхчилсэн болон зорилтот тайлбар бүхий үндэслэлүүд нь субьектив хандлагатай, зарим талаар улс төржсөн агуулгатай болсон гэж үзэж байна. Тэрээр Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн тухайд дур мэдэн хууль тогтоогчийн хүсэл зоригийн дагуу субьектив тайлбар хийхийг зорьсон нь тухайн мэдээллийг улс төрийн агуулгатай болгож байна. Түүнчлэн тэрээр “Ерөнхийлөгчөөр дахин нэр дэвшихийг эсвэл дахин сонгогдохыг хориглох асуудалд “Хууль буцаан хэрэглэхгүй байх зарчим үйлчлэхгүй” гэж бичсэн нь эрх зүйн үндэслэлийн хувьд зарим талаар эргэлзээтэй, арга зүйн хувьд алдаатай хандлага гэж үзэж байна. Хууль буцаан үйлчлэхгүй байх зарчим нь нийтийн эрх зүй, хувийн эрх зүйн хүрээнд хамаарах асуудалд зарим онцгой тохиолдолд хэрэглэгддэг гэдгийг үгүйсгэж болохгүй. Нөгөө талаас “хүмүүнлэг нийгэм” гэдэг ойлголтонд Үндсэн хуулийн эрх зүйн хүрээнд иргэний эрх зүйн байдлыг дээрдүүлэх гэдэг санаа бий. Тухайн Үндсэн хууль зөрчсөн гэх дээрх сэдвийн хувьд “Ерөнхийлөгч дахин нэр дэвших, дахин сонгогдох” асуудлын талаар ярьж байгаа биш, харин “6 жилээр нэг удаа сонгогдох” гэсэн эрх зүйн боломжийг яг энэ заалтаар эдэлж байгаагүй субьектийн хувьд хамааралтай гэсэн утгаар авч үзэж байгаа билээ.
  • Нэр бүхий иргэний мэдээллийн 8 дахь хэсэгт тусгагдсан Үндсэн хуулийн негатив хяналт гэх зүйлийг энэ тохиолдолд хүлээн зөвшөөрөх эрх зүйн ямар ч үндэслэл байхгүй. Иргэн өөрийн мэдээлэлдээ маш тодорхой байдлаар өөрийнхөө үндэслэлийг үгүйсгэсэн байна.

Тухайлбал, Ц.Сарантуяа доктороос ишлэхдээ “Негатив хяналтыг хүлээн зөвшөөрсөн улсуудад, Үндсэн хуулийн эх бичвэрт буюу текстэд яг тодорхой заасан (үүрэг болгосон) заалтын үндсэн дээр хууль тогтоогч хууль гаргаагүй тохиолдолд л хэрэгжүүлэх боломжтой”  гэжээ. Энэ бүхнээс харахад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон түүнийг дагаж мөрдөх журмын хуульд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж байгаа Х.Баттулгыг нэр дэвшүүлэхийг хориглосон зохицуулалт байхгүй, түүнийг Цэцээс Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд тусгаагүй байна гэж үзэх үндэслэлгүй байна. 

Эцэст нь тэмдэглэхэд одоогийн Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлж байх хугацаанд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт батлагдсан учраас “6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа” сонгогдох Үндсэн хуулийн шинэ зохицуулалтын эрх зүйн байдал дордох ёсгүйн дээр Мерля-Левассарын зарчим буюу эрх зүйн шинэ хэм хэмжээ эргэж үйлчлэхгүй буюу шинэ хууль өмнөхөөсөө илүү хүчинтэй байх эрх зүйн хэрэглээний зарчим дээрх асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой. 

Бүхэлд нь дүгнэвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дээр дурдсан холбогдох заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван есдүгээр дүгээр зүйлийн 1, Гучдугаар зүйлийн 2, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчөөгүй гэж үзэж байна.

ХУУЛЬЧ Б.ГҮНБИЛЭГ

УИХ-ын гишүүн, ХҮНамын дарга Т.Доржханд, ХҮНамын хуульч Д.Үүрцайх тэргүүтэй дөрвөн хүн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргасан билээ. Тэгвэл хуульч Б.Гүнбилэг тэдний гаргасан мэдээлэлд тайлбар хийснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.