| | USD/MNT 0₮

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хүү Б.Энхмөрөн төрийн албаны зөвлөлийн шалгалтаа ч өгөөгүй байж ЭМДЕГ-ын газрын даргаар томилогджээ

Хэвлэлийн хуудасны тэргүүн эгнээнээс салдаггүй УИХ-ын гишүүн бол яах аргагүй М.Оюунчимэг. Үг, үйлдэл бүр нь шуугиан тарьж явдаг эрхэм гишүүний хамгийн том тодотгол нь ЖДҮ-чин. Мөн түүнийг төрөөс төрсөн тэрбумтан гэлцдэг. Учир нь АТГ-д мэдүүлдэг хөрөнгө орлогын мэдүүлэг нь огцом өсдөг нь нууц биш. 2015 онд 14 сая төгрөгийн орлоготой байсан тэрбээр 2019 онд 26 сая болтлоо өссөн. Үүгээр ч зогсохгүй 70 сая төгрөг байсан гэр бүлийнх нь орлого нэг жилд 357 сая, 2018 онд 461 сая төгрөг болтлоо өссөн түүхтэй.

Үүнээс гадна, Байнгын хорооны хуралдаан дээр кофе ууж, гялгар ууттай боов гаргаж ирээд идсэн. Боовоо зулгааж хэсгийг нь амандаа хийчихээд инээмсэглэн суугаа бичлэг нь олон нийтийн сүлжээгээр тарсан. Үүнээс болоод тэрбээр цахим орчинд “Боов Оюунчимэг” гэх хочтой болсон. Уг нь Төрийн ордны их хурлын танхимд биеэ зөв авч явах ёсзүй гэж баймаар. Гэтэл жишим ч үгүй өөрийгөө өмөөрч, тухайн бичлэгийг зориудаар тарааж буй мэтээр хэвлэлд ярилцлага өгөөд сууж байсан цаг саяхан.

Тэгвэл түүнтэй болон түүний хамаарал бүхий хүнтэй холбоотой мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдлаа. Тодруулбал, түүний хүү Б.Энхмөрөн нь 2021 оны нэгдүгээр сард ЭМДЕГ-ын Худалдан авалт, гэрээлэлтийн газрын даргаар томилогдсон аж.

Гэхдээ энэхүү албан тушаалд томилогдох тусгай шаардлага гэж бий. Төрийн албанд наймаас доошгүй жил, үүнээс дэд түшмэлийн албан тушаалд дөрвөөс доошгүй жил ажилласан, мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх ёстой байдаг гэнэ. Гэтэл 26-хан настай Б.Энхмөрөнгийн хувьд ийм туршлага байхгүй нэгэн. Тэрбээр 2019 онд Европын Аюулшүй байдал хамтын ажиллагааны байгууллагад тэнцэж ажилд орж байснаа өөрийн цахим сүлжээгээр дамжуулан мэдэгдэж байсан. Тэгвэл өнөөдөр шууд ЭМДЕГ газар гэх чухал салбарын удирдах албан тушаал хашиж байгаа нь Төрийн албан хаагчийн ёс зүйд нийцэх үйлдэл мөн болов уу.

Хамгийн сонирхолтой нь тэрбээр төрийн албаны зөвлөлийн шалгалтаа ч өгөөгүй, маргааш шалгалтандаа орохоор бүртгүүлсэн байсан юм.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хүү Б.Энхмөрөн төрийн албаны зөвлөлийн шалгалтаа ч өгөөгүй байж ЭМДЕГ-ын газрын даргаар томилогджээ
Улс төр

Сэтгэгдэл (15)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.