| | USD/MNT 0₮

НОСК-ИЙН ДЭД ЗАХИРАЛ С.ДОРЖДЭРЭМ 262 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХӨӨС ТАТГАЛЗАВ

Өнгөрсөн намар ашиглалтад орсон “Буянт-Ухаа 2” хороололд 580 айл орохоос өнөөдрийн байдлаар 318 айл орж, 262 айл өрх орж чадахгүй хүлээлтийн байдалтай байсаар хоёр сар болов. Айлуудыг яагаад байранд нь оруулахгүй байгаа талаар холбогдох газруудаас нь тодруулахад Улсын комисс хүлээж аваагүй учраас удаж байгаа гэж тайлбарласан юм.

Тэгвэл яагаад Улсын комисс хүлээж аваагүй байрыг ашиглалтад орсон мэт сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдэд ойлгуулж, байрны батламж гардуулж сүржигнэсэн юм бэ, НОСК-ийнхаан.

Хоёр сар цөхрөнгөө барж байгаа иргэдэд мэдээлэл өгөх албан тушаалтан ч олдохгүй, сүүлдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандаж ямар шалтгаан нөхцлийн улмаас айлуудыг оруулахгүй байгааг тодруулж өгөхийг хүссэн юм.

Харин энэ асуудлаар өчигдөр НОСК-ийн холбогдох албан тушаалтнуудаас мэдээлэл авахыг хүссэн ч мэдээлэл өгөхөөс эрс татгалзсан юм.

Хэвлэлийн төлөөлөгч нар нь “Дарга нар мэдээлэл өгдөг юм” гэсэн бол тус корпорацийн дэд захирал С.Дорждэрэмээс мэдээлэл авахыг хүссэн ч мэдээлэл өгөхөөс татгалзаж ундууцав. Тэрбээр “Ярилцлага өгөхгүй, өгөх шаардлага ч байхгүй. Юугаа ярих вэ дээ. Тэр 262 айлыг маргааш /өнөөдөр/ байранд нь оруулахаар ажиллаж байна” хэмээн ундууцсан юм.

Албаны ажлаа улстөржүүлсэн дарга нар 262 айлын эрх ашгийг хохироож, тоглочих уу гэдэг хардлага байгаа юм. Маргааш айлууд байрандаа нүүж орох эсэхийг харж л байя.  Тэдгээр айлууд байр үнэгүй гуйж аваагүй, үнэгүй суух гээд байгаа асуудал байхгүй юм гэдгийг удирдлагуудад ойлгох ухаан, сэтгэл байхгүй бололтой.

Түрээсийн орон сууц буюу "Буянт-Ухаа 2" хороололд нүүж орох ёстой 580 айлаас 262 нь орж чадахгүй хоёр сар боллоо. Энэ талаар НОСК-иос тодруулах гэсэн боловч мэдээлэл өгөхөөс татгалзав.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.